Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Их Британи цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зорьж байна

Ч.Сансар

Их Британи улс цөмийн станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхээ зарлалаа. Энэхүү хөтөлбөр нь "цөмийн эрчим хүчний салбарын сүүлийн 70 жилийн түүхэнд хийгдэж буй хамгийн том өргөтгөлийн ажил болно" хэмээн Британийн Засгийн газар нэрлэж байна.

“Их Британи улс  эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд  утаа ялгаруулдаггүй, цэвэр, урт хугацаанд өртөг нь хямдрах цөмийн эрчим хүчийг ашиглахаар төлөвлөж байна.    Цөмийн эрчим хүч нь Их Британийн эрчим хүчний аюулгүй байдлыг   хангах болно.” хэмээн Ерөнхий сайд Риши Сунак мэдэгдлээ.

“Энэ бол урт хугацааны зөв шийдвэр бөгөөд 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэглэх ажлын нэг  юм” гэж Сунак нэмж хэлэв.

Францын EDF компани Их Британи дахь атомын цахилгаан станцуудынхаа ашиглалтын хугацааг уртасгахаар төлөвлөж байгаа тухай саяхан мэдээлж байсан. Атомын цахилгаан станцуудын одоогийн эрчим хүчний үйлдвэрлэлийг 2026 он хүртэл бууруулахгүй байхын тулд 1.65 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж тус компани мэдэгдэв.
"Эдгээр цөмийн станцуудын ашиглалтын хугацааг 2024 оны эцэст дахин судалж үзнэ. Цаашдаа бид улам их эрчим хүч үйлдвэрлэхийг эрмэлзэж байна" гэж EDF хэллээ.

Цөмийн эрчим хүчийг эрчимжүүлэх нь байгаль орчны төлөө тэмцэгчдийн эсэргүүцэлтэй тулгардаг.  Гэхдээ сүүлийн үед Герман, Испаниас бусад улс орнуудад цөмийн эрчим хүчний салбар дахин сэргэж эхэллээ. Дэлхийн улс орнууд өнгөрсөн жилийн COP28 уулзалтаар цөмийн эрчим хүч хөгжүүлэхгүйгээр нүүрсхүчлийн хийг тэглэх боломжгүй гэдгийг ойлгосон бололтой.

Их Британи дэлхийд эрчим хүчний шилжилтийн хамгийн том зорилтуудыг дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд салхины эрчим хүчийг хөгжүүлэхийг төлөвлөж байна. 

Их Британид нийт 6 ГВт хүчин чадалтай есөн реактор ажилладаг. 2021 оноос хойш зургаан реактор хаагдсан байна. Нэмж хоёр шинэ реактор барихаар төлөвлөж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь 3 ГВт-аас дээш хүчин чадалтай. 2050 он гэхэд Их Британий Засгийн газар нийт 24 ГВт-ын хүчин чадалтай цөмийн станцуудыг ажиллуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: oilprice.com