Ч.Сансар
Оросын газрын тос, байгалийн хийн орлого 2023 онд 99.3 тэрбум ам.долларт хүрч буурчээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 23.9%-иар багассан үзүүлэлт гэж Оросын Сангийн яам энэ оны 1 дүгээр сарын 11-нд мэдээллээ. Газрын тосны үнэ, Оросын Урал маркийн нефть, байгалийн хийн үнэ хямдарч, экспортын хэмжээ буурсан нь үзүүлэлтэд ийнхүү нөлөөлжээ.
Урал маркийн нефтийн дундаж үнэ 2022 онд нэг баррель нь 76.09 ам.доллар байсан бол 2023 онд 62.99 ам.долларт хүрч буурсан гэж энэ долоо хоногийн эхээр тус яамнаас мэдээллээ.
Урал нефтийн үнэ барууны орнуудын тогтоосон 60 ам.долларын үнийн дээд хязгаараас 2023 оны зун давж байсан юм. Харин Оросын түүхий нефтийг гуравдагч орнуудад худалдахад барууны даатгал, тээврийн үйлчилгээ ашигласан тохиолдолд нэг баррелийг 60 ам. доллараас дээш үнэлэхгүй байхаар “Их долоо” болон Европын Холбооны шийдвэр гарсан юм.
Оросын түүхий нефтийн дундаж үнэ 2023 онд өмнөх оноос хямдарсан нь Москва хотын төсвийн орлогод сөргөөр нөлөөлсөн байна. Европ руу хоолойгоор дамжуулдаг байгалийн хийн экспорт багассан нь мөн ОХУ-ын төсвийн нийт орлогод мэдэгдэхүйц нөлөөлжээ.
Орос улс Европын холбооны хэд хэдэн улс руу байгалийн хий нийлүүлэхээ зогсоож, 2022 оны сүүлээр Балтийн тэнгист Хойд урсгалыг (Nord stream) дэлбэлсний уршгаар Европ руу нийлүүлж байсан Газпромын байгалийн хий тасарсан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан 2023 онд 55.6%-иар буурсан аж.
ОХУ-аас Европ руу дамжуулах хоолойгоор өдөрт нийлүүлдэг хийн хэмжээ 2022 онд 174.8 сая шоо метр байсан бол 2023 онд 77.6 сая шоо метр болж буурсан гэсэн тооцоог Ройтерс агентлаг таницуулжээ.
Эх сурвалж: oilprice.com