Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Б.Жавхлан: Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх шаардлагатай 

Ч.Сансар

Монгол Улс энэ арван жилийн эцэст нэг хүнд ногдох ДНБ-ээ хоёр дахин өсгөж, 10 мянган ам.долларт хүргэнэ гэж найдаж байгаа ч уул уурхай, металлын гол салбаруудад хөрөнгө оруулалтыг асар их нэмэгдүүлэх шаардлагатай гэж тус улсын Сангийн сайд Б. Жавхлан энэ сарын 9-нд мэдэгдэв.

Монгол Улс далайд гарцгүй, эрдэс баялаг ихтэй орон. Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг, экспортынхоо 90%-ийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Зэс, алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Оюу толгой Монголын говьд оршдог.

"Уул уурхайн хайгуул, олборлолт, боловсруулах салбарт  гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах сонирхол өндөр байна" гэж Б.Жавхлан сайд хэлээд одоо хэрэгжиж буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав.
Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өнгөрсөн жил 5000 ам.доллар байсан бол энэ онд 6000 ам.долларт хүрнэ гэж тооцоолж байгаа бөгөөд 2030 оноос өмнө 10 мянган ам.долларт хүргэхийг зорьж байгаа аж.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтөө төлөвлөсөн түвшинд хүргэхийн тулд Оюутолгой шиг хоёр, гурван төсөл нэмж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг   сайд дурдаад аливаа гэрээ хэлэлцээрийн нөхцөл аль аль талдаа харилцан ашигтай байх ёстой гэдгийг хэллээ.

Хятад, Оросын дунд оршдог тус улс нь ногоон эрчим хүчний шилжилтэд шаардлагатай эрдэс, металлыг олж авахыг эрмэлздэг нөлөө бүхий АНУ зэрэг улс орон, “Тесла” компанийн захирал Элон Маск зэрэг олон улсын компаниудын удирдлагуудын анхаарлыг татаж чадсан.

Гэвч Монгол Улс өнгөрсөн хугацаанд газрын баялгаа үр ашигтай ашиглаж чадаагүй бөгөөд төрийн өмчит уул уурхайн компаниудын тааруу засаглалын улмаас олон тэрбум долларын өрөнд орсон.

Өнгөрсөн оны 8 дугаар сард Монгол Улс Оюутолгойн уурхайтай холбоотой  татварын бүх асуудлаар “Рио Тинто” компанитай тодорхой шийдэлд хүрсэн  гэдгээ мэдэгдсэн. Харин зарим асуудлууд  шийдвэрлэх түвшинд явж буй  хэмээн сайд хэллээ.
Төв банкны мэдээллээр өнгөрсөн 11 дүгээр сард инфляци 8.6% байсан. “Монгол Улсын мөнгөний бодлогын хүү буурна” гэсэн хүлээлт бидэнд одоохондоо байхгүй, бодлогын  хүү  13% хэвээр байна гэж  Б.Жавхлан хэллээ.

Монголын Засгийн газар олон улсын зах зээлд шинээр бонд гаргах бодолгүй байгаа бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны 208 сая ам.долларын бондыг эргүүлэн худалдан авч, 2024 оны бондын эргэн төлөлтийг  амжилттай зохион байгуулсан. Олон улсын бондын дараагийн төлбөрийг 2026 онд хийнэ гэж Сангийн сайд нэмж тодотголоо.

Засгийн газар хөрөнгийн зах зээл дээр Монголын компаниудын үнэт цаас гаргахыг дэмжих, мөн ойрын хугацаанд Улаанбаатар хотын анхны бонд гаргахад туслалцаа үзүүлэхийг эрмэлзэж байна.

Эх сурвалж: Reuters