Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Серби улс “Рио Тинто”-той литийн төсөлд хамтрахыг эрмэлзэж байна

 
Ч.Сансар


Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич лхагва гарагт  “Рио Тинто” компанитай тус улсад хэрэгжүүлж буй литийн төслийн талаар  ярилцаж, хамтран ашиглахыг хүсэж байгаа гэдгээ илэрхийллээ.

2022 оны 1 дүгээр сард байгаль хамгаалагчдын зохион байгуулсан томоохон эсэргүүцлийн жагсаалын дараа Белград “Рио Тинто”-гийн Сербид хэрэгжүүлэх 2.4 тэрбум ам.долларын өртөг бүхий литийн Jadar төслийн зөвшөөрлийг цуцалжээ. Хэрвээ уг төсөл хэрэгжсэн бол “Рио Тинто” Европын литийн хэрэгцээний 90%-ийг хангаж, литийн тэргүүлэх үйлдвэрлэгч болох байсан аж.

Европын холбоо болон АНУ литиг чухал ашигт малтмалын тоонд оруулдаг. Тус металлыг цахилгаан машины батарей үйлдвэрлэхэд ихэвчлэн ашиглаж байна.

Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Вучич “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй уулзахдаа “Бид дотооддоо зөвшилцсөн, гэхдээ бидний яриа амар байгаагүй” гэж хэлжээ.

2021, 2022 онд Сербийн байгаль орчны идэвхтнүүд 30 гаруй мянган хүний гарын үсэг цуглуулж, тус улсад литийн хайгуулыг зогсоох хууль гаргахыг парламентаас шаардсан юм. Ногоон хөдөлгөөнийхөн уул уурхайн үйл ажиллагааны улмаас Сербийн бохирдол нэмэгдэнэ гэж удаа дараа анхааруулж байсан аж. Серби бол Европын хамгийн их агаарын бохирдолтой орнуудын нэг юм.

Вучич байгаль орчны стандартын талаар “Рио Тинто”-гоос баталгаа гаргуулахыг хүсэж байгаа гэдгээ хэлээд 12 дугаар сарын сонгуулийн дараа байгуулагдах шинэ Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэж мэдэгдэв. “Рио Тинто” манай улсын эрх ашигт нийцсэн  шийдлүүдийг санал болгож, байгаль орчин болон орон нутгийн иргэдэд зориулж дэлхийн хамгийн өндөр стандартыг нэвтрүүлэх ёстой” гэж Ерөнхийлөгч хэллээ.

“Рио Тинто”-гийн хэвлэлийн төлөөлөгч: "Jadar төсөл нь Сербийн эдийн засгийн бусад салбаруудыг хөгжүүлэх, хэдэн арван мянган ажлын байр бий болгоход түлхэц болно гэдэгт бид итгэж байна. “Рио Тинто” компани дээрх төсөлтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бүх оролцогч талуудтай зөвлөлдөж байна" гэж имэйлээр хариуллаа.

Сербийн Засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжих үүднээс “Рио Тинто” болон Хятадын Zijin  зэрэг гадаадын хөрөнгө оруулагчдад тус улсын ашигт малтмалын салбарт хамтрахыг санал болгож байсан юм.

Эх сурвалж: Mining.com