Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспорт өсч, алтны үнэ тогтвортой байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл 2024 оны 4 дүгээр сард 1050181.60 тоннд хүрснээр анхны арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Нүүрсний борлуулалт, ил тод нээлттэй болсноор биржийн тээвэр, экспорт нэмэгдэж нэг сарын дотор биржээр арилжсан нэг сая тонн нүүрсийг экспортод гаргаж компанийн түүхэнд шинэ амжилт тогтоов.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу “Эрдэнэс Тавантолгой”” ХК, Монголын хөрөнгийн биржтэй хамтран 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нийт 83 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж нийтдээ 17,6 сая тонн нүүрс борлуулаад байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт хэвийн явагдаж байгаа бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын байдлаар 10 сая тонн нүүрс экспортлоод байна.

Харин Монголбанк 2024 оны 4 дүгээр сард 850,7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 4.3  тонн үнэт металл худалдан авчээ. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 19.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 357.5 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.   

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны  04 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 252,256.24, тавдугаар сарын 7-ны байдлаар алтны үнэ 248,699.42, мөнгө 2,713.28 төгрөг байна.