Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Нүүрсний үнэ төмөр замын чиглэлээс шууд хамаарна

Долдугаар сарын 7-ны өдөр “Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн стратеги“ тайланг шинэчлэн боловсруулснаа танилцуулсан юм. Тайланд Монголын өмнөд бүс хамгийн багадаа таван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн хөгжилд зарцуулах шаардлага тулгарч байгааг тооцоолжээ.

Уг тайланг боловсруулж УИХ-ын гишүүдэд танилцуулах үеэр “Монголын өмнөд хэсэгт байрлах томоохон уурхайнуудын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн төслүүдэд ихээхэн анхаарал хандуулж байна. Гэхдээ эдгээр хэлэлцээрт гарын үсэг зурах нь зөвхөн анхны алхам. Төмөр зам, хот суурин, цахилгаан станц, зам, усны нөөц байхгүй бол эдгээр томоохон уурхайнуудын ашиглалт хэрэгжих боломжгүй“ гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саед онцолсон. Энэхүү тайланд Монголын өмнөд хэсгийн нүүрсний үнэ ханш нь түүнийг зөөвөрлөх төмөр замыг  ямар чиглэлд барихтай шууд холбоотойг дурдав. Хамгийн хямд төмөр зам нь Тавантолгойгоос Бугат руу холбох төмөр зам бөгөөд энэ замаар жилд 20 сая тонн нүүрс борлуулснаар 1460 сая ам.долларын ашиг олох боломжтой. Харин Орос руу гарах шинээр барих төмөр замаар ижил хэмжээний нүүрсийг зөөж, борлуулах нь жилд ойролцоогоор 246 сая ам.дол­ларын ашиг авчрах тооцоотой байгаа аж. 

Мөн тайланд Орхон буюу Хэрлэн голоос ус дамжуулах хоолой тавих шаардлага одоогоор байхгүйг тооцон гаргасан байна. Монголын өмнөд хэсгийн гүний усны нөөц тэнд хийгдэх бүтээн байгуулалтын ачааллыг даах бололцоотой бөгөөд үүнийг ашиглахад шаардагдах хөрөнгө нь холын зайд хоолой татах хөрөнгийн хагастай тэнцэхээр байгаа аж. Дэд бүтцэд оруулах бусад хөрөнгө оруулалтуудын  эдийн засгийн үр ашгийг  тооцож үзсэн ба түүнчлэн байгаль орчин, нийгмийн нөлөөллийг  тайланд дэлгэрэнгүй авч үзжээ.