Иоланда Торризи хэмээх энэ бүсгүйг Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын уул уурхайнхан андахгүй. “Asia Miner“ сэтгүүлийн эрхлэгч. Тус сэтгүүл онлайнаар долоо хоног тутам, хэвлэмлээр улирал тутам шинэчлэгддэг. Уул уурхайн салбарын техник технолог, шинэ мэдээлэл болгоныг алдалгүй дамжуулдаг мэргэжлийн сэтгүүл. “Discover Mongolia“ арга хэмжээнд хатагтай Иоланда хоёр дахиа оролцон, мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллажээ. “Asia Miner“ сэтгүүлээ танилцуулах булан ажиллуулж, чуулга уулзалтын төлөөлөгчидтэй ажил хэрэгч яриа өрнүүлэн, алхам тутамдаа хурд, эерэг эрчим түгээх нь урамтай.
Чуулга уулзалтын хүндэт зочин хатагтай Д.МакКомбег Монголд байтугай Канадад олж уулзахад амаргүй, “эрэлт“ ихтэй эрхэм. Канадын хайгуулч, олборлогчдын ассоциацийн (РDAC) Олон улсын хамтын ажиллагааны хорооны дарга.
“Discover Mongolia 2008“ чуулга уулзалтын ажиллагаанд идэвхтэй оролцож, манай уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, судлаачидтай санал бодлоо солилцлоо.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт:
УИХ-аас томилсон Ажлын хэсэг Засгийн газартай их ойрхон хамтран ажиллаж байгаа. Ажлын хэсэг түүнчлэн хөрөнгө оруулагчдын санаа бодлыг сонсч байгаа гэдэгт итгэлтэй байж болно.
Ажлын хэсгийн санал дээр үндэслэн УИХ-аас гарах дүгнэлт нь Монгол улсад уул уурхайн салбар цаашид хэрхэн хөгжихийг тодорхойлсон түүхэн дүгнэлт болох юм.
”Хан ресорсез” компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Мартин Күик ”Дорнодын ураны төсөл” илтгэл тавилаа. ”Discover Mongolia 2008” арга хэмжээний нэг онцлог нь ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын танилцуулах илтгэл хуралд оролцогсдын анхаарлыг нэлээд татсан явдал.
Дорнодын ураны сав газрын гол хэсэг нь ”Төв Азийн уран” компанийн мэдэлд байдаг ба 58 хувь нь ”Хан ресорсез”-ын, 21 хувь нь Монголын Засгийн газрын мэдэлд, мөн 21 хувийг ОХУ-ын тал тус тус эзэмшдэг. ”Хан Ресорсез” компанийн хувьд ойрын 3-4 жилийн дотор үйлдвэрлэлээ эхлэх боломжтой гэж үзэж байна. Ураны чиглэлийн бусад компанийн адил Монголын Засгийн газрын зөвшөөрлийг хүлээж байгаа. Нөөцийн тооцоогоо энэ оны есдүгээр сард Засгийн газарт гаргаж өгсөн. Уг тооцоог нь баталгаажуулах ажил харин удаашралтай байгаа аж. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр эхлэхийг ураныхан ч мөн хүлээж байна. Мартин Күик захирлын найдаж байгаагаар ирэх оны эхний улиралд гэрээний асуудал шийдэгдэх буй за хэмээн итгэж байна. Ингэвэл ураны үйлдвэрлэл 2012 оноос эхэлж, 2013 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой аж.
”Discover Mongolia-2008” чуулга уулзалтад оролцсон өөр нэг сонирхолтой төлөөлөл бол Францын ”Арева” компани. Тус компани Монголд 10 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. ”Арева”-гийн Монгол дахь төслийг ”Кожегоби” хамтарсан компани хариуцдаг байсан бол одоо ”Арева Монгол” нэртэй хоёр дахь компаниа нээсэн тухай энд дуулгалаа. Танилцуулах илтгэлийг ”Кожегоби” хамтарсан компанийн Геологийн судалгаа хариуцсан захирал Жан Лүк Нольф тавьсан юм. ”Бид Монголд сонирхолтой зүйл олсон” гэж тэрбээр тэмдэглэлээ. Сайншанд орчимд ”Арева” сонирхолтой илэрц олсон нь өнөөг хүртэл зөвхөн оросуудын олж тогтоосон ураны нөөцийн судалгаанд түшиглэдэг мэдээллийг шинэчлээд байна. ”Арева” ийнхүү Дорнодын бүсээс хальж, говийн өмнөд хэсэгт ураны илэрц байгааг тогтоосноороо Монгол орны нутаг дахь ураны сав газрын шинэ зургийг гаргах боломж олгожээ.
Францын төрийн мэдлийн ”Арева” нь ураны чиглэлийн цогц үйл ажиллагаа явуулдаг дэлхийн тэргүүлэх компани юм. Хайгуулын ажил, атомын эрчим хүчний үйлдвэрлэлээс эхлээд цөмийн хаягдал булшлах хүртэл цикл үйл ажиллагаагаараа дэлхийд танигджээ. ”Арева”-гийн Монголтой хамтарсан компани болох ”Кожегоби” ураны үнэ дэлхийн зах зээл дээр өсч ирсэн 2004 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн. 2005-2008 онуудад Монгол дахь хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлсэн тухай статистик байна. Одоо жилд 10-13 сая ам.долларыг хайгуулын ажилд зарцуулж байгаа гэнэ. Монголын өмнөдөд ийнхүү ураны хайгуул, үйлдвэрлэлийн ажил эрчимжих төлөв ажиглагдаж байна.
“Discover Mongolia-2008“ чуулга уулзалтын хоёр дахь өдөр олон сонирхолтой илтгэгч танилцуулга хийсэн юм. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын уул уурхайн мэргэжилтэн Грэм Хэнкокийн илтгэл төлөөлөгчдийн анхаарлыг ихэд татав. Уул уурхайн салбарын дэд бүтцийн асуудлаар зөвлөмж гаргах саналыг Монгол улсын Засгийн газраас Дэлхийн банкинд хандан тавьжээ. Ноён Грэм Хэнкок дэд бүтцээ оновчтой бүрдүүлэх ямар боломж монголчуудад байгааг судалсан аж. Өнгөрсөн хавар манай мэргэжилтнүүдтэй санал солилцох эхний уулзалтаа хийсэн. Дэд бүтцийн асуудлаар монголчууд хоорондоо санал нэлээд зөрүүтэй байсныг тэрбээр онцлоод, аль болох ойлголцох зөв шийдлийг олох хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтээ хэллээ.
Эрчим хүч, усан хангамж, төмөр зам, авто зам, хот байгуулалтын чиглэлээр тус тус судалгаанууд хийгдэж байгаа бөгөөд нэгдсэн дүн нь ирэх оны эхний сард гарах аж. Усны асуудлыг оруулалгүйгээр зөвхөн төмөр зам, авто зам, эрчим хүчний бүтээн байгуулалтад нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгцээтэй гэсэн тооцоог Грэм Хэнкок танилцуулав. 2012 оноос өмнө ийм богино хугацаанд энэ хэмжээний санхүүжилт олоход төвөгтэй хэмээн тэрбээр хэлж байна. Засгийн газар хязгаарлагдмал боломжтой нь хэнд ч ойлгомжтой учир хувийн хэвшлийн санхүүжилтээр уул уурхайн дэд бүтцийг бий болгохоос өөр аргагүй юм. Энэ нь Монголын хувьд цоо шинэ алхам. Дэлхийн банкны зүгээс эрсдэлийн хагас баталгаа болон улс төрийн баталгаа гаргаж өгөх боломжтой тухай илтгэгч ярилаа. Бидний өмнө тулгараад байгаа яг ийм бодит нөхцөл, ханцуй шамлан хийх учиртай ажлуудын талаар Дэлхийн банкны зөвлөх, мэргэжилтнүүд үнэтэй зөвлөгөө өгсөөр байна. Тэдний хийж байгаа судалгааны ажлуудыг нухацтай авч үзэх ёстойгоо манай төр, засгийн албаны хүмүүс, мэргэжилтнүүд ойлгож буй биз ээ.
Gold Letter International сэтгүүлийн эрхлэгч Марино Пиетерс “Discover Mongolia 2008“ уулзалтын хүндтэй зочин байсныг тэмдэглэе. Монголын хүүхдийн ордны тайзнаа дэлхийд нэр хүндтэй судлаач эрхэм металлын ирэх өдрүүдийн үнэ ханшийн төлөвийг тандан ярьж байлаа. Алтны ойрын ирээдүйн үнэ ханшийг эрэлт хэрэгцээтэй нь холбон ярьсан түүний илтгэл харьцуулсан судалгаа, тоо баримтаар дүүрэн. Өмнөх судалгаанууд хуучирч байна гэдгийг ноён М.Пиетерс онцлов.
АНУ болон Японы эдийн засагтай холбоотой эрэлт, нийлүүлэлтийн мөчлөгт үндэслэн эрдэмтэд судалгаагаа хийдэг байсан өдрүүд улирчээ. Сүүлийн жилүүдийн металлын үнэ ханш Азийн орнуудын эрэлттэй шууд холбоотой байлаа. Тэгэхээр судалгааны өмнөх аргууд хуучирч байна гэж тэрбээр ярилаа. Алтаар урласан үнэт эдлэлийн арилжаанаас ашиг хийх үнийн хөөрөгдөл нь эрэлтээ даган унаж, улмаар бодит ханш зах зээл дээр тогтоно гэж М.Пиетерс тэмдэглэв. Нэг унци алт 800 ам.доллар орчимд хэлбэлзэх таамаглалыг тэрбээр хэллээ. Түүнчлэн алт нь төлбөр тооцооны хэрэгсэл байхаа больж, бусад металлын нэг адил ханшийн хэлбэлзэлд өртөх болсныг онцолж байна.
Gold letter International сэтгүүлийн эрхлэгч илтгэлийнхээ төгсгөлд Монгол орны ирээдүйд итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Монгол дахь ордуудын хайгуулын хувьцааг худалдан авах нь зүйтэй гэж хөрөнгө оруулагчдад зөвлөмөөр байна хэмээсэн өөдрөг үгсээр илтгэлээ өндөрлөв.
“Discover Mongolia 2008“ чуулга уулзалтын арга хэмжээний хүрээнд төлөөлөгчдийн баг “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцав.
Намрын адаг сар ургасан цаг атал говь нутаг амгалан наран дор налайжээ. Ханбогдын хязгааргүй мэт үргэлжлэх элсэн тэнгис дунд ямархан бүтээн байгуулалт өрнөөд байгааг ММJ гэрэл зургийн сурвалжлагаараа Танд толилуулж байна.
Манай гэрэл зургийн сурвалжлагч Уртнасангийн Ганбаярын дуранд их бүтээн байгуулалт, эмзэг говийн тогтоц хамтдаа багтжээ.