Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

ОХУ-ын усан боомт дээр Монголын тал оролцох санал тавьсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д “Тавантолгойн нүүрсний ордыг хэрхэн үр ашигтай ашиглах вэ?” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг наймдугаар сарын 18-нд болсон юм. Хэлэлцүүлэгт Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг гардан хариуцаж  байгаа төрийн албан тушаалтнууд, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, шинжээчид болон иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн нийт 100 орчим хүн оролцож, санал бодлоо илэрхийлсэн. Уг хэлэлцүүлэгт оролцож, олон нийтэд тодорхой тайлбар өгсөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, ТӨХ-ны дарга Д. Сугар нарын байр суурийг товчлон хүргэж байна.

Тавантолгой ордыг ашиглах талаар гадаадын стратегийн хөрөнгө оруулагчдын дунд уралдаант шалгаруулалт явуулж, гэрээ хэлцэл хийж байна. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ҮАБЗ-д өргөн барьсан. Мөн үүнтэй холбогдуулж УИХ-ын хоёр тогтоол, УАБЗ-ийн Зөвлөмж гарсан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах, шинээр барих эрчим хүч, авто зам, усан хангамж дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, хот тосгоныг барьж байгуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд маш олон шийдвэрлэх ёстой асуудал УИХ-ын 40 дүгээр тогтоолын дагуу явагдаж байгаа.
Тавантолгой ордоос гарсан бүх нүүрсийг коксжих, эрчим хүчний нүүрс гэж ялгалгүйгээр борлуулах ёстой гэсэн шаардлагыг хөрөнгө оруулагчдад тавьж байгаа.  Нэг килограмм нүүрсийг ч хаягдал болгох ёсгүй.
Монгол улс уул уурхайн баялгаараа дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болно. Тийм учраас ашигт малтмалаа зөвхөн түүхийгээр нь буюу хагас дутуу боловсруулаад  гадагш гаргадаг улс болгохыг Засгийн газар хүсэхгүй байна. Монгол улсад аль болох нэмүү өртөг үйлдвэрлэх саналуудыг тавиарай гэсэн хүсэлтээ бид хөрөнгө оруулагчдад илэрхийлж байгаа. Гангийн үйлдвэр байгуулъя, улс орон шатахууны хомсдолд ороод байгаа энэ үед нүүрснээс дизель түлш гаргаж авдаг болъё гэх зэргээр.
Чухамдаа ийм санал тавьсан хөрөнгө оруулагчдыг бид дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Эдгээр нөхцөлийг хангахын тулд Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, УИХ-ын 40, 39 дүгээр тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг, Өмнийн говийн дэд бүтцийн хөтөлбөр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалт, Гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг бодлого чиглэлтэй уялдуулах юм.
Ийм нөхцөл байдалд бидний тавьсан шаардлагуудыг хүлээж авахгүй, тодорхой санал өгч чадаагүй компаниудад бид “Уучлаарай” гэж хэлсэн. Үүнтэй холбоотойгоор хэвлэлүүдээр байр сууриа янз бүрээр илэрхийлж байна. Төмөр замын чиглэлээр, уул уурхайгаар, ган үйлдвэрлэлээр тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруулалтад оролцож байгаа. Тавантолгойг асар том боломж гэж ойлгосон, үүн дээр түшиглэж өөрсдөө томрох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд ч санал тавьж орж ирлээ. Энэ бүгд дээр үнэлгээний хэсэг ажиллаж, зургаан оролцогчийг сонгон авсныг та бүхэн мэдэж байгаа. Стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үйл явц нэлээд урт хугацаанд явагдаж байгаа. Сонгон шалгаруулалтад АНУ-ын “Пибоди”, БНХАУ-ын “Шинхуа Энержи”, Орос, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан Консорциум болон “Экстрата Коул” , “Вале”, Люксембургийн “Арселар Метал” гэсэн зургаан компани үлдсэн. Төслөөс хүртэх өгөөж Монголын талд 61 хувь, хөрөнгө оруулагчдад 39 хувь оногдоно гэсэн тооцоо хийсэн.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹009 дугаараас уншина уу