Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

БРИКС ба “Их хорь”-ийн үр дүнгүй уулзалт

Дэлхийн глобал зах зээлд аль нэг улс оронд бий болсон хямрал нөгөө улсад зайлшгүй нөлөөлдөг. Тиймдээ ч Евро бүсийн болон АНУ-ын санхүүгийн хүндрэл дэлхийн эдийн засагт шууд нөлөөлж байна. Европын холбооны орнуудыг өрийн хямралаас гаргах гарцыг эрэлхийлэхээр дэлхийн эдийн засгийг тодорхойлогч улс орнуудын удирдагчид байн байн чуулах болсон билээ. “Чуулга уулзалт зарлах бүрд хөрөнгийн бирж дээрх хувьцаануудын ханш өсдөг. Тиймээс бид ойр ойрхон чуулахаар шийдсэн” хэмээн Европын холбооны тэргүүн Хермана ван Ромпеяийн туслах хошигносон удаатай.

Европын холбооны 27 орны тэргүүлэгчид өрийн асуудлаар түүхэндээ анх удаа цуврал уулзалтууд хийсний үр дүнд Грекийн өрийн 50 хувийг цайруулж, тус улсад Европын холбоо болон ОУВС-аас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Грек нь өнгөрсөн оны тавдугаар сард 110 тэрбум еврогийн анхны багц зээлийн тусламжийг авч байсан юм. Энэхүү зээлийн тусламжтайгаар 2012 он гэхэд санхүүгийн хувьд бие даах байдалд хүрч чадна хэмээн тухайн үед мэргэжилтнүүд тооцоолж байв. Гэвч дан ганц санхүүгийн тусламжаар зогсохгүй хямрал даамжрахгүй байх “дархлаа”-г давхар хийх шаардлагатай нь өнөөгийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна.

Тиймээс энэ удаад Евро бүсийн банкны салбарт 106.447 тэрбум, харин Европын санхүүгийн тогтворжуулалтын дүрмийн санг /ЕСТС/ 1.38 их наяд еврогоор нэмэгдүүлэхээр урьдчилан тооцоолоод буй. Сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх  Франц болон Герман санхүүгийн шийдэлд хүрч чадалгүй багагүй хугацаа алдсан нь нөлөөлсөн. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел “Евро бүсийн өртэй орнуудын Засгийн газрын бондыг худалдан авагчдад тухайн   улсын Засгийн газар амласандаа хүрч чадаагүй тохиолдолд  хохирлын 20-30 хувийг эргүүлэн олгох даатгал байх хэрэгтэй” гэсэн хатуу байр суурьтай байлаа. ЕСТС-г өргөжүүлснээр нэг ёсондоо өртэй орнуудын “арыг дааж”, эдгээр улсууд төрийн бондоо харьцангуй  бага хүүтэйгээр хөрөнгийн бирж дээр гаргах боломжтой болох юм. ЕСТС нь 2010 оны зургадугаар сард байгуулагдсан бөгөөд өнгөрсөн  хугацаанд гурван  төрлийн бондоос нийт 13 тэрбум еврогийн хөрөнгө босгосон байна. Европын холбооны тэргүүлэгчид ЕСТС-ийн дүрмийн санг гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Гэтэл одоогийн 440 тэрбум еврогийн бараг тал хувь нь Грек, Ирланд, Португал улс болон тэдний банкууд руу аль хэдийнэ шилжчихээд байгаа. ЕСТС-ийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай нэг тэрбум орчим еврог Хятад улс гаргахад бэлэн бөгөөд ОУВС дахь өөрсдийн дүрмийн санг ч нэмэгдүүлэх талаар авч үзнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. Энэ асуудал “Их хорь”-ийн уулзалтаар тодорхой болох байлаа.

“Их хорь” уулзалт бүртээ уламжлал ёсоор Евро бүсийн орнуудын эдийн засгийн чадамж, хөрөнгө мөнгөний эх үүсвэрийн зарцуулалтад санаа тавьдаг. Энэ удаад ч мөн Евро бүсийн санхүүгийн өнөөгийн байдал, хямралаас гарах арга зам, Европын нэгдсэн мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал зэрэг асуудлыг нухацтай хэлэлцсэн юм. Гэхдээ уулзалтын халуун сэдэв мэдээж Грекийн өрийн асуудал болоод Европын холбооны төлөвлөгөөний талаарх тус улсад явуулах бүх нийтийн санал хураалтын тухай байлаа. Хэрэв Грек бүх нийтийн санал асуулга явуулах юм бол дотоодод нь улс төрийн хямрал үүсэх нь гарцаагүй. “Их хорь”-ийн уулзалт дөнгөж дуусмагц тус улсын одоогийн Ерөнхий сайд Георгиос Папандреу шинэ Засгийн газар байгуулах, албан тушаалаасаа огцрох талаар сөрөг хүчнийхэнтэй тохиролцсон нь тодорхой болжээ. Энэ нь эргээд Грекийн байдлыг улам тодорхойгүй болгож, цаашлаад тус улс Евро бүсийн бүрэлдэхүүнээс гарахад хүрэх тул Хятад улс ЕСТС-д нэмэлт хөрөнгө оруулах асуудлаа хойшлуулахад хүрэв. Алсдаа юанийг дэлхийн нөөцийн валют болгох сонирхолтой байгаа болохоор Хятад улс ийн байр сууриа илэрхийлж, асуудлыг өөрөөсөө холдуулж байна хэмээн ажиглагчид дүгнэж байна. Гэтэл Европын холбооны тэргүүлэгчид Хятадын санхүүгийн дэмжлэгт ихээхэн найдаж байсан билээ.

Грек ийм тодорхой байдлыг үүсгэсэн тул Европын орнуудын тэргүүлэгчид тус улсыг “аврах” төлөвлөгөөнд багтсан санхүүжилтийг өгөхөөс цааргалж байгаа бололтой. “Их хорь”-ийн уулзалтын үеэр Люксембургийн Ерөнхий сайд Жан Клод Юнкер “Евро бүс магадгүй нэг гишүүнээсээ татгалзахад хүрч болзошгүй” хэмээсэн нь  анхаарал татсан мэдэгдэл байлаа. Хэдийгээр Грек улс Евро бүсээс гарна гэж мэдэгдээгүй байгаа ч сүүлийн үед Афины авч байгаа шийдвэр,  хийж байгаа алхам нь чухам үйл явдлын ийм өрнөлийг л зөгнөөд байх шиг. Магад энэ нь Европын холбоог задрахад хүргэх эхлэл байж ч  болзошгүй.

Эдийн засгийн шинэ хямралын “айдас”-т автаад буй орнуудад энэ удаагийн “Их хорь”-ийн чуулга уулзалт нааштай мэдээ авчирсангүй. Грекийн асуудал болоод Евро бүсийн санхүүг “аврах” төлөвлөгөө мөн л тодорхойгүй. Харин олон улсын эдийн засагт томоохон хүлээлтийг бий болгоод байсан энэхүү уулзалтаас гарсан хамгийн тодорхой үр дүн бол ОУВС-ийн хөрөнгийг нэмэгдүүлэх  шийдвэр  байлаа. Гэхдээ энэ асуудлыг ирэх 2012 оны хоёрдугаар сард болох “Их хорь”-ийн Сангийн сайд нарын хурлаар хэлэлцэх юм.

Ямартай ч олон улсын санхүүгийн байдал тогтворгүй байгаа энэ үед гол найдвар БРИКС-ийн орнууд болоод байна. Нөөцийн тэргүүлэх валютын нэг болох еврог хадгалан хамгаалахыг БРИКС-ийн орнууд сонирхож байгаа тухай “Их хорь”-ийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдсэн юм. Тэрээр “Нийт дүнг зарлахад эрт байна. Гэхдээ ОУВС-д улс бүхний эзэлж байгаа хувь хэмжээ тодорхой байна. Квотыг эргэн харах урьдын хэлэлцээрийг үргэлжүүлэхийг бид хүсч байна” хэмээжээ. БРИКС-ийн орнуудаас Европын холбоонд оруулах тодорхой дүнг Сангийн сайд нар нь хэлэлцэх юм.   