Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хувьцаа

“Айвенхоу Майнз” “Рио Тинто”-гийн маргаан Улаанбаатарт шийдэгдэж, Оюутолгой “акул”-ын мэдэлд очлоо

Олон улсын төдийгүй монголчуудын анхаарлын төвд байсан шуугиан Улаанбаатарт шийдэгдлээ. УИХ-ын гишүүн Н.Батбаярын гаргаж тавьсан Оюутолгой дахь Монголын 34 хувь буурах эсэх, олон улсын анхаарлын төвд байсан “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ын маргаан хэрхэх бол гэсэн асуултын хариу хэдхэн хоногийн өмнө тодорхой боллоо.

УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээг олон нийтэд ил болгосноор Монголын талын эзэмших 34 хувь 6.8 хувь болтлоо буурна хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг дахин Оюутолгой дээр татсан. Энэ үед “Оюутолгой” ХХК-ийн захирал Кийт Маршаллын оронд Камерон Макрай гэх эрхэм томилогдсон, “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Том Албаниз тэргүүтэй тус компанийн удирдлагууд Улаанбаатарт ирсэн, Оюутолгойн ТУЗ нэг бус удаа хуралдсан зэрэг нь яалт ч үгүй том хөдөлгөөн гарах дохио болж байв. Ямартай ч энэ бүхний дүнд хэд хэдэн том асуудал шийдэгдлээ. Өнгөрсөн хавраас хувь эзэмшлийн маргаантай байсан “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” хоёрын маргаан шийдэгдэж, “Рио Тинто” санасандаа хүрснээр “Айвенхоу”-гийн 43 хувийг эзэмшлээ. Цаашдаа ч 49 хүртэл хувийг эзэмших эрх нь нээлттэй үлдэж, Арбитрын шүүхэд очоод байсан хоёр талын маргааныг шүүх хурал хагас жилээр хойшлоод байна. Үүнээс гадна дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх Оюутолгой ордын удирдлага “Айвенхоу Майнз”-аас “Рио Тинто” руу шилжлээ. Гүйцэтгэх захирал солигдсон нь ч үүнтэй холбоотой. Монголчуудын хүссэнээр Оюутолгойг дундын нэг жижиг компани биш дэлхийн уул уурхайн “акул” удирдахаар болсон нь олны санаанд нийцэж буй биз ээ. Анх Оюутолгойг ашиглах талаар ярьж байхад Орос, Хятад хоёрт биш харин гуравдагч этгээд буюу Канад, Австралид өгсөн нь геополитик, гео-эдийн засгийн хувьд Монголд ашигтай хэмээн яригдаж байсан нь биеллээ олж байна.

Үүнтэй зэрэгцээд Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахаар болсон гэдгээ Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд мэдэгдлээ. Давуу эрхийн хувьцаа гаргах замаар санхүүжилт татах нь Монголын эзэмшлийн 34 хувийг бууруулна гэсэн яриаг ч Засгийн газар үгүйсгэв. Засгийн газар болоод УИХ-ын нэр бүхий гишүүдийн хооронд үүсээд байсан маргааны гол зангилаа нь давуу эрхийн хувьцаа. Н.Батбаяр нарын зарим гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхийн тулд гаргахаар төлөвлөгдсөн давуу эрхийн хувьцааг Монголын улсын Компанийн тухай хуульд заасны дагуу тайлбарласан нь Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан ойлголттой зөрж байгаа аж. Өөрөөр хэлбэл нэг нь давуу эрхийн хувьцаа, энгийн хувьцаа нь адилхан тухайн компанийн эзэмшилд нөлөөлнө гэж байхад нөгөөх нь давуу эрхийн хувьцаа компанийн эзэмшилд нөлөөлөхгүй, зөвхөн мөнгө олох хэрэгсэл бөгөөд зээлтэй утга адил гэсэн тайлбарыг хэлж байгаа юм. Ийм байхад аль аль талыг нь буруутгах аргагүй. Манай зарим хууль олон улсын санхүүгийн зах зээлийн шаардлагыг хангахгүй байгаад маргааны зангилаа нь байгаа бололтой. Тиймээс ч Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулах эхний өөрчлөлт нь давуу эрхийн хувьцаагаар санхүүжилт хийхийг больж, зээлээр санхүүжүүлэх зарчмаар явахыг аль аль тал нь дэмжжээ. Өөрөөр хэлбэл одоо дахин хувьцааны талаарх маргаан гарахгүй, Оюутолгойн ордыг санхүүжүүлэх механизм нь зээл болсон гэсэн үг.

Энэ мэтчилэн ондоо багтаан Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулахаар хэлэлцээр ид явагдаж байна. Хэлэлцээрийн талаарх мэдээллүүд бүгд нууц байгаа нь дахиад л хардлага дагуулж мэдэхээр байгаа юм. Одоо бид “Айвенхоу Майнз” биш түүнээс хамаагүй том хөрөнгө оруулагчтай хэлэлцээрийн ширээний ард сууж байна. Тэр ч утгаараа манай талаас улам л их мэдлэг боловсрол, чадвар шаардаж байгаа хэрэг. Дэлхийн тэргүүлэх компанитай хэлэлцээр хийж байгаа бол бид тэдний хэмжээнд  ярьж, сэтгэх шаардлагатай болно гэсэн үг. Ямартай ч “Ньюком” группын Гүйцэтгэх захирал Б.Болд зэрэг гадаадад хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн талаар мэргэжил эзэмшиж, ажиллаж байсан монгол хүмүүс уг гэрээн дээр ажиллаж байгаа болохоор нэлээд нааштай өөрчлөлтүүд орох биз ээ.

Эхнээсээ ч зарчмын хувьд зарим томоохон өөрчлөлт хийхээр тохиролцсоноо Сангийн сайд мэдэгдсэн. Тухайлбал санхүүжүүлэх зээлийн хүүг урьд нь 9.9 хувь дээр нэмэх нь АНУ-ын инфляци гэж байсныг өөрчлөөд 6.5 хувь дээр нэмэх нь Лондонгийн банк хоорондын зээлийн хүү буюу LIВOR-ийг нэмсэнтэй тэнцэх хүүүтэй байхаар тохиролцож чадсан. Анхны хувилбар нь тийм ч оновчтой бус, бас хэтэрхий өндөр гэсэн шүүмжлэлийг эдийн засагчид өгч байсан. Хэдий дэлхийн хамгийн том эдийн засаг ч АНУ-ын инфляци манай улсад ямар ч хамаагүй, дээр нь 9.9 хувийг нэмэхээр 12 хувьд хүрэх учир их өндөр хүү гарна. Харин өөрчилсөн хувилбар нь өмнөхөөсөө бараг таван хувиар бага буюу 6.8 орчим хувь болж байгаа юм. Лондонгийн банк хоорондын зээлийн хүү нь дунджаар 0.2-0.5 хувьд эргэлдэж байдаг. Олон улсын хэмжээнд LIBOR буюу Лондонгийн банк хоорондын зээлийн хүүг ирээдүйн худалдааны хэлэлцээр, зээл тусламжийн хүү, бараа бүтээгдэхүүний үнэ тогтооход ихээр ашигладаг аж. Үүн дээр 6.5 хувь нэмэгдэнэ гэхээр бидний хувьд хамаагүй дээрдсэн үзүүлэлт гэж болно. Өөрөөр хэлбэл бид Оюутолгойн санхүүжилтэд шаардлагатай мөнгийг урьд нь 12 орчим хувийн хүүтэй зээлэх байсан бол одоо 6.8 орчим хувийн хүүтэй зээлэх боломжтой болсон гэсэн үг юм. Энэ бол нэлээд нааштай үр дүн гэхэд болно.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.