Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Айвенхоу” Оюутолгой төслийн санхүүжилтийг хөөцөлдөж байна

“Айвенхоу Майнз” компани “Оюутолгой” төсөлд зориулан 1.8 тэрбум ам.долларын санхүүжилтийг олон улсын нэгэн томоохон банктай хэлэлцэн бүрдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдээлжээ. Тус компани нь “Оюутолгой” төслийн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто”-той хамтран олон улсын хэд хэдэн томоохон банкнаас 4 хүртэлх тэрбум ам.долларыг энэ оны дунд үе гэхэд босгохоор төлөвлөж буйгаа мөн мэдээлжээ. Тус компанийн тооцоолж буйгаар “Оюутолгой” төслийн эхний шатыг 2013 онд ашиглалтад оруулах хүртэл 6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байгаа. Уг төсөлд одоогийн байдлаар 4 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн тухай тус компани мэдээлдэг. Тиймээс энэхүү 1.8 тэрбум ам.долларын зээл орж ирвэл төслийн санхүүжилт харьцангуй баталгаатай болох юм.

Үүнээс гадна тус компани төслийг ашиглалтад оруулснаас хойш дөрөв хүртэлх жилийн хугацаанд хэрэгцээт эрчим хүчийг Хятадын талаас татах эрхтэйг “Айвенхоу” онцолжээ. Энэ нэгдүгээр сарын байдлаар төслийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 70 хувьтай байгаа ажээ. Эхний баяжмал бүтээгдэхүүнийг ирэх долдугаар сарын дундуур үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Хэдийгээр тус компани эрчим хүч нийлүүлэлтийн гэрээг Хятадын төрийн өмчийн “Inner Mongolia Power Company”-тай байгуулаад байгаа ч холбогдох зөвшөөрлийг Өвөрмонголын Засгийн газар хараахан олгоогүй байгаа юм. Эрчим хүч дамжуулах шугам тавих ажлын хувьд “Оюутолгой”-гоос Монгол-Хятадын хил хүртэлх 95 км хэсгийг гүйцэтгэж дуусчээ. Харин Хятадын талын шугамыг ирэх гуравдугаар сард эхлүүлээд гуравдугаар улиралд дуусгахаар төлөвлөжээ.

Эрчим хүчний асуудал бол “Оюутолгой”-н хувьд маш том даваа юм. Хэрэв уг асуудлыг шийдвэрлэж чадвал төслийг эзэмшигч “Айвенхоу Майнз” компанийг “Рио Тинто” бүрэн худалдаж авах таамгийг зарим шинжээчид дэвшүүлээд байна. “Рио Тинто” компани нь “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшиж буй “Айвенхоу Майнз” компанийн 49 хувийг эзэмшдгийн хувьд энэ нь бүрэн боломжтой юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард хоёр компанийн хооронд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалахтай холбоотойгоор үүсээд жил гаруй үргэлжилсэн маргааныг шүүх “Рио”-гийн талд шийдвэрлэснээр энэ боломж нээгдсэн юм. Одоо “Айвенхоу Майнз” компанийн зах зээлийн үнэлгээ 14 тэрбум гаруй ам.доллар болоод буй. “Рио”-гийн хувьд энэ дүнгийн ердөө талыг гаргахад л зорилтоо биелүүлнэ. Хэдийгээр “Рио Тинто” “Айвенхоу”-г бүрэн эзэмших санаа агуулахгүй байгаагаа урьд нь мэдэгдсэн ч маргааш гэхэд Роберт Фридландыг ятгасан байхыг санхүүгийн ямар ч шинжээч үгүйсгэхгүй байна. Хэдийгээр Фридланд компанийн үнэлгээ нь 15 тэрбум доллар биш, 30-40 тэрбум долларт хүрнэ гэж тайлбарладаг ч “Рио Тинто” “Оюутолгой” руу хөдлөхөд огт нөлөөлөхгүй ч байж болох юм.