Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Тарган муурнууд цасан дунд”

Нэг ууртай хүн 2003 онд анх ингэж хэлжээ. Давост цугладаг дэлхийн элитүүдийг “тарган муурнууд” хэмээн дургүйцэгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ жилийн уулзалтын хувьд эдийн засгийн хямралд нэрвэгдсэн Европын өндөрлөгт уулзаж буй “бүдүүнүүдийн” талаар ам сайтай хүн алга. Давосын уулзалтын дараа залгуулаад Европын Саммит болно.Уг Саммит дээр гол үгийг хэлэх эрхэм нь Германы Канцлер Меркел агаад тэрбээр мөн нэгдүгээр сарын 25-ны өдөр Давосын нээлтийн үгийг хэлсэн юм. Хатагтай Меркел Европын эдийн засгийн байдлыг гоёж чимэлгүй голоор нь оношилж, хүнд өдрүүд өмнө байгааг илэрхийлсэн бол Давосын тэрхүү бүүдгэр нээлттэй зэргэцээд Олон улсын валютын сан “Европ хүнд сорилтын өмнө байна” хэмээн мэдэгджээ.


Нээрээ ч Швейцарийн зүүн өмнөд дэх Клостер тосгонд цас лавсан унасаар уулын лав болох нь уу гэлтэй дүнсгэр үзэгдэнэ. Давосын эрхэмсэг зочид гол төлөв Цюрихээс галт тэргээр хоёр цаг орчим давхиад Давос-Клостерт ирдэг. Автобус, галт тэргээр 150 километр давхихыг үл хүсэх баячууд цөөнгүй гэнэ. Тэд бол нисдэг тэрэг хөлөглөөд далайн түвшнээс дээш 1.540 метрт орших Альпын өндөрлөгт хүрээд ирдэг. Зочдын болгоомжилдог зүйл бас бий. “Тарган мууранд” дургүй эсэргүүцэгчид гол төлөв Цюрих, Берн, Базел хот орчимд отоонд ордог аж. Давосын түүхэнд нэг удаа тэд уулын өндөрлөгт “үүрэнд” нь очоод жагсаж, шил цонх хагалан бужигнуулсан гэдэг. Түүнээс хойш хууль сахиулагчид эсэргүүцэгчдийг холхон бариад байх болжээ. Энэ жилийн хувьд Швейцарийн 4000 цагдаа хамгаалалтад гарчээ.


Давосын түүхэн дэх хамгийн баргар мөчлөг гэлтэй хямралын өдрүүдэд тэнд хамгийн олон зочин цугласан нь бас сонин. 2600 гийчин ирнэ хэмээн зохион байгуулагчид зарлаад байлаа. Гэхдээ урилга авсан хүмүүсээс учир шалтгаанаар очоогүй нь цөөнгүй. Тухайлбал, Монгол улсын Ерөнхий сайд Давостой манатай, Төрийн ордонд Ардчилсан намын бүлгийнхэнтэй ээлжилж хэвлэлийн хурал зарлаад, энд тэнд Байнгын хороодын хуралд суугаад, ийш тийшээ гүйгээд л байлаа, зайлуул. Сайд Д. Зоригт түүнийг төлөөлөн Давосын эрхэмсэг зочидтой уулзахаар мордох гэтэл Чуулган дээр ганц ч атугай саналын нэмэр болог гээд Монголдоо үлдэх чигийг түүнд өгөв. Энэ мэтээр 2012 оны Давос улс орон бүрийн эдийн засаг, улс төрийн хямрал хөдөлгөөний дэлгэц дээр нээгдээд, маргааш өндөрлөнө. Нэгдүгээр сарын 27-ны үдэш “Давос дахь Монгол үдэш” хэмээх романтик нэртэй хүлээн авалт зарлагдсан, 140 зочин урьсан байлаа. Монгол улсын Ерөнхий сайд болон хатагтай Х. Отгонтуяа нарын нэр дээрх тэрхүү урилга төдөлгүй цуцлагдаж, “Европа” зочид буудлын Scala ресторанд цонхтой цаг гарчээ.


G20-иос 19-ийнх нь дээд хэмжээний төлөөлөгчид Давост ирсэн билээ. Барак Обамагийн хувьд жил тутмын, тэгэхдээ энэ удаа сонгуулийн жилийн гол үгээ Сенатад хэлэхээр Давосыг сонирхох манатай суугаа биз. Анх Европын Менежментийн форум хэмээх нэртэйгээр байгуулагдсан Давос төдөлгүй дэлхийн хэмжээний эдийн засаг, улс төрийн сэдвээр ярилцдаг гол газар болсон юм. “Тарган муурнууд” зүгээр нэг агаарт гардаггүй. Үл ойлголцож буй сэдвээрээ илүү нээлттэй ярилцах, гурав дахь зуучлагчийн зөөлөвчтэй ярилцаад үзэх боломж энд нээгддэг. Зөвхөн улстөрчид, эдийн засагчид бус, төрийн бус байгууллагынхан, бизнесийнхэн, эрдэмтэд, судлаачид уригддаг. Урилгыг Клаус Шваб хэмээх эрхмийн нэр дээр илгээдэг бөгөөд тэрбээр 1971 онд энэхүү арга хэмжээг анх санаачилсан юм. Одоо ч Гүйцэтгэх удирдлагын албандаа хэвээр.


Давосын зочдоос улстөрчид, олон нийтийн байгууллагынхан, эрдэмтэн судлаачид, басхүү ирээдүйтэй залуу удирдагчдад урилга илгээн, бүх арга хэмжээнд үнэ төлбөргүй оролцуулдаг. Харин Давосын эрхэмсэг арга хэмжээний бүдүүн зардлыг бизнесийнхэн нуруундаа үүрдэг. Компанийн захирлууд хуралдаануудад орох эрхээ 20.000 ам. доллар төлж авдаг. “Байж” буюу энгэртээ зүүчихдэг төлөөлөгчийн “пайзыг” ийнхүү асар өндөр үнэ төлж авдаг аж. Тэглээ гээд Давосоос татгалздаг баячууд үгүй. Учир нь Давос зарлага гэхээсээ том ажил хэргийн эхлэл болдгоос тэр. Тухайлбал, өнгөрсөн жилийн Давосын үеэр Оросын тэрбумтнууд нефть олборлох асар том төслүүддээ гарын үсэг зурсан юм. Роснефть компани ExxonMobil-тай өнгөрсөн оны нэгдүгээр сарын 27-ны өдөр нэг тэрбум ам. долларын төслийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Мөн, Роснефть нь British Petrolium-тай Арктикаас нефть олборлох маш том төлөвлөгөөг тохиролцон, Давост гар барилцсан билээ. Роснефть компанийн 9.5 хувийн хувьцааг ВР-ийн 5 хувийн хувьцаагаар солилцон, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Харин Орост нефтийн магнат олонтойг хэлэх үү, Роснефть-ийн уг тохиролцоог өнгөрсөн оны турш нутгийн бусад олигархи нь шахсаар байгаад болиулсан юм. Энэ мэтээр Давос эдийн засаг , улс төрийн үйл явдал баялаг.


1973 оны Давос дээр Араб, Израилийн төлөөлөгчид анх удаа шахуу гар барьж, энхийн хэлэлцээрт их дулаарал авчирсан гэдэг бол 1988 онд Турк, Грек хоёр дайтахын даваан дээр Давосын Деклараци байгуулсан юм. Нелсон Мандела Өмнөд Африкийн цагаан арьст Ерөнхийлөгч Клерктэй гар барьж, өнгөний ялгааг арилгаж байсан агаад Давосын өндөрлөгт дэлхийн түүхэн явдлууд энэ мэтээр үлджээ.


Эдүгээгийн уулзалтаар капитализмд ирээдүй бий юү, шинэ загварын эрэлд, их өөрчлөлтийн өмнө, эрсдэлийн үед шийдвэр гаргагчид ямар байх ёстой вэ, усгүй дэлхий, интернэт холбоогүй орчин үүсвэл... гэхчлэн дандаа эрсдэл тойрсон хэлэлцүүлэг өрнөлөө. Цагаан буйданд шигдэн суусан эрхмүүд нэг сэдвийн хүрээнд санал хэлж, түүнийг нь танхим дахь хэлэлцүүлгээр баяжуулан, завсар чөлөөнд нь кофе уулзалт, өдрийн болоод оройн зоогийг босоо суугаа хийж, бөөн уулзалт, яриа хөөрөө өрнөж байна. “Davos Man” хэмээх ойлголт дэлхийд бий болж, түүний шилдэг загвар болох хүмүүс уулын цасан дунд уулзалдах ажээ. Улс төр, эдийн засгийн дэлхийн элит гэсэн утгыг Davos Man илэрхийлдэг. Энэ жилийн Давосын “мэнүүд” гэвэл Жорж Сорос, Facebook,  Google-ийн боссууд, Норвег,Саудын Араб, Белги, Нидерландын хаад гээд жагсаалт үргэлжилж байна. Нийт 2600 төлөөлөгчийн 75 орчим хувь нь бизнесийнхэн. Учир нь Дэлхийн эдийн засгийн форумын гишүүн компаниуд нийт 1000 байдаг. Дандаа дэлхийн том компаниудын нэр харагдана. Тэд Дэлхийн эдийн засгийн форумд жилд ямар хэмжээний татвар төлдөг гээч? 18.000-42.500 швейцари франк буюу жилд тус бүрдээ 20-46 мянган ам. доллар төлдөг. Харин Дэлхийн эдийн засгийн форум байгууллагын стратегийн түншүүд хэмээх топ компаниуд бол жилд 271-542 мянган ам. долларыг төлдөг аж. Стратегийн түншүүдийн тоо 109 хүрсэн бөгөөд нэрсийн жагсаалт нь Билл ба Мелинда Гейтсийн сан, Credit Swiss, ArcelorMittal, LUKOIL, Barclays, Burda Media, Nike.Inc, UBS, Volkswagen AG гэхчлэн алтан цуврал үргэлжилжээ. Дэлхийн эдийн засгийн форумын статус нь “Ашгийн бус Сан” тодорхойлолттой. Жил тутам дэлхийн цөөнгүй улсад иймэрхүү уулзалт, хурлууд зохион байгуулдаг. Хамгийн том болоод нэр хүндтэй арга хэмжээ нь Давос аж.


Давосын 2012 оны дөрвөн өдрийн арга хэмжээ үндсэндээ шувтарч байна. Зөвхөн энгэрийн цагаан пайзандаа 20.000 ам. доллар төлж орсон бизнесийнхэн үр дүнтэй уулзалт энд олныг хийгээ биз ээ. Тэдний зарим Цюрихээс Давос хүртэл нисэг тэргийг 9.500 ам. долллараар хөлсөлж ирсэн гэх юм. Лимузин хөлөглөе гэвэл Давос хүртэл 690 орчим ам. доллар аж. Давосын зочид буудлуудын дундаж ханш өдөрт 530 ам. доллар байгаа гэх юм. Гурван одтой буудал нь ийм. Энэ бүх тоонууд хямралд өртсөн Европын дэлгэц дээр нерв хөдөлгөж, “Давосыг эзэл” хэмээн хашгиралдах хүмүүсийн эгнээнд өчигдрийн дундаж давхаргынхан, маргаашийн ядуус дуу хоолой нэмэрлэж явна.


Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит хүлээн авалт Давост цуцлагдсаныг зарлах  зуур УИХ-ын танхимд Засгийн газрын шинэ сайдуудыг эрүүдэн шүүж дуусав. Маргаашнаас зурагтаараа өөр үзэх нэвтрүүлэгтэй болох нь ээ, ашгүй.

Л. Болормаа