Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцжээ.
-СТАНЦ БОЛОН УУРХАЙНУУД ХООРОНДОХ УЖГИРСАН ӨРИЙН СҮЛЖЭЭ АРИЛЖ БАЙНА-
Өнөөдрийн байдлаар Дулааны цахилгаан станцууд 20 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Станц, дулааны шугам сүлжээнүүдийн их засвар, шинэчлэлийн ажлын явц дунджаар 41, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүдийн их засвар 30, эрчим хүчний үйлдвэр, компаниудын үндсэн болон туслах тоноглолын их засвар 55 хүртэл хувьд хүрчээ.
Нүүрсний уурхайнуудын нүүрс олборлолт, борлуулалтын гүйцэтгэл дунджаар 96 хувьтай байгаа бол эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын хөрс хуулалт 65-97,6 хувьтай байна. Энэ нь үйлдвэрлэлийн шууд алдагдал, санхүүгийн бэрхшээлээс болж уулын үндсэн тоног төхөөрөмжүүдийн засвар, үйлчилгээ удааширч байгаатай холбоотой юм.
Харин энэ жилээс станц болон уурхайнууд хооронд үүссэн өрийн сүлжээ арилж байгааг сайд Д.Зоригт онцлон хэллээ.
Төвлөрсөн дулаан хангамжтай 5 аймаг, 1 сумын өвөлжилтийн бэлтгэл төлөвлөсний дагуу явж байна. Өнгөрсөн өвөл хөлдөж, хүнд байдалд орж байсан Увс аймгийн дулааны станцын өвлийн бэлтгэлийг хангуулахаар Эрчим хүчний газар, дулааны станцтай нэг жилийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд засвар 45 хувьд хүрчээ.
Дизель станцтай Завхан аймгийн Улиастайн эрчим хүчний үйлдвэр дизель болон цахилгаан шугам сүлжээний их засвараа эхэлсэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг эрчим хүчний үйлдвэрийн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр 2 дизель станц суурилуулах сонгон шалгаруулалт зарлагдан, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулжээ.
Танилцуулгатай холбогдуулан түлш, эрчим хүчний үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн, туслах тоноглолын засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, нүүрс болон дизель түлшний нөөц бүрдүүлэх ажлыг төлөвлөсөн хугацаанд, чанартай хийлгэхийг салбарын сайдад даалгав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.