Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

МАК “Bucyrus”-тай шинэ технологи нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурав

       Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрладаг “Монголын Алт” /МАК/ компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай Нарийнсухайтын нүүрсний уурхайгаас 2010 онд 5 сая тонн нүүрс олборлон экспортолсон нь Монголын нүүрсний экспортын дээд амжилтыг эвдсэн үзүүлэлт байсан юм. 

        МАК компани өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, 2011 онд 7 сая тонн нүүрс олборлох зорилт тавьжээ. Мөн 2011 ондоо багтаан Дорноговь аймгийн нутаг дахь Цагаансуваргын зэс-молибдений төслийн ил уурхайн ажлыг эхлүүлэх төлөвлөгөө МАК-ийн өмнө бий. Энэхүү хоёр чухал зорилтот ажлаа хэрэгжүүлэхийн тулд  “Монголын Алт” компани өөрийн эзэмшилд байгаа нүүрсний уурхайд тэргүүний шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохыг гол зорилтоо болгож байгаа юм.

       Тавдугаар сарын 19-ний өдөр МАК компани “Bucyrus” компаниас нийт 38.660.683 еврогийн өртөг бүхий 9 ширхэг өндөр хүчин чадлын эксковатор, дагалдах сэлбэг хэрэгслийн хамт худалдан авахаар харилцан тохиролцсоны дагуу гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд “Монголын Алт” компанийн Ерөнхийлөгч Б.Нямтайшир, “Busyrus” компанийн Тэргүүн дэд ерөнхийлөгч др.Диетэр Гэсснер нар гарын үсэг зурав. Гарын үсэг зурах арга хэмжээнд өндөр дээд хэмжээний олон чухал зочид төлөөлөгчид оролцсон юм. Ёслолд Монголд ажлын айлчлал хийж буй ХБНГУ-ын Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, др.Бернд Пфаффенбах, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Пиуш Фишер, Монгол улсын ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Батхүү, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга С.Баярбат нар байлцлаа.

       Монгол улс болон ХБНГУ-ын төр, засгийн хэмжээнд төдийгүй хувийн хэвшлийн хооронд харилцан ашигтай хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйн жишээ нь энэхүү хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан явдал юм.  “Монголын Алт” компани ХБНГУ-ын томоохон компаниудтай урьд өмнө байгуулсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна шинэ төсөл хөтөлбөрүүд дээрээ Германы техник технологийг худалдан авах ажлыг эрчимтэй гүйцэтгэж байна.