Үнэт цаасны арилжаанд оролцогчдод маш сонирхолтой сонголт нь байсан “Хүннү коал” компанийг Тайландын нүүрсний магнат “Вanpu” эзэмшилдээ бүрэн авах санал тавьснаас хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Америк, Европын зах зээлийг дамнасан хямралын улмаас эрдэс баялгийн компаниудын хувьцааны үнэ тасралтгүй унасаар байна. Ийм үе цагт “Вanpu”-гаас тавьсан татгалзахын аргагүй саналыг “Хүннү коал”-ын ТУЗ дэмжин хүлээж авч байгааг ММJ мэдээлсэн. Гэсэн хэдий ч олон улсын бирж дээр бүртгэлтэй хувьцаат компанийн хувьд иймэрхүү арилжааг хэрхэн зохицуулдаг, ямархуу цаг хугацаанд шийдэгддэг, хувьцаа эзэмшигчдэд нь ямар үр нөлөө үзүүлэх, ямар сонголтууд байж болох тухай цөөнгүй асуулт хувьцаа эзэмшигчдийн толгойд эргэлдэж буй. Тиймээс “Вanpu”-гийн саналыг тойрч, үйл явц цааш хэрхэн өрнөж буйг ММJ тодруулсан юм.
Хэлцэл ямар үе шатандаа явааг “Хүннү коал”-ын Ерөнхий захирал Т.Лхагвадоржоос лавлахад, “Одоогоор хэвлэлд гарсан албан ёсны мэдээлэл дээр нэмж хэлэх зүйл үгүй байна. Австралийн хөрөнгийн биржээс зөвшөөрөл авсны дараа бүх хувьцаа эзэмшигчдийн 50-иас доошгүй хувь нь хувьцаагаа зарахыг зөвшөөрвөл хэлцэл цааш үргэлжилнэ. Хэрэв хувьцаа эзэмшигчдийн 90 хувь нь зарахаар шийдвэл үлдсэн 10 хувь нь хүчээр зарах хэрэгтэй болно. Тиймээс энэ нь богино хугацаанд шийдэгдэх асуудал биш юм” гэсэн хариулт өглөө.
Австралийн CPS Securities нь “Хүннү коал”-ын IPO-г хариуцаж, брокероор нь ажилласан компани. Тус компанийн Монгол дахь төлөөлөгч CPS International компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхдөл ММJ-ийн асуултад ийн хариуллаа.
“Ванpu” компаниас “Хүннү коал”-д тавьсан санал хувьцаа эзэмшигчдэд хэр ашигтай нөхцөл вэ? Энэ нөхцөл байдалд хувьцаа эзэмшдэг хүмүүст ямар зөвлөмж өгөх вэ?
“Хүннү коал” нь өнгөрсөн оны хоёрдугаар сард Австралийн бирж дээр IPO хийсэн компани. Хувьцаа эзэмшигчдийн хувьд жил хагасын дараа хөрөнгө оруулалтаа 9 дахин өсгөөд авчихна гэдэг нэлээд ашигтай санал л даа. Тийм ч учраас “Хүннү”-гийн ТУЗ “Ванpu”-гийн саналыг дэмжихээр болсон. Бүх хувьцаа эзэмшигчдэдээ үүнийг хүлээж авахыг санал болгочихоод байгаа.
Арилжааны хувьд нэлээд хугацаа орно. Санал тавиад, хувьцаа эзэмшигчдээсээ хариу хүлээж авахад багагүй цаг хугацаа шаардагддаг. Иймэрхүү хэлцэлд ойролцоогоор 6-8 долоо хоногийн хугацаа өгдөг юм. “Хүннү”-гийн хувьцаа эзэмшиж байгаа хүмүүст одоо зарах, эсвэл хүлээх гэсэн хоёр сонголт байна. Хоёр сар хүлээхийг хүсэхгүй бол 1.70 австрали долларын ханштай байгаа үед нь хувьцаагаа зараад ашиг хийж болно. Хүлээвэл нэмээд 5-6 хувийн ашиг олох боломж байна гэсэн үг. Үүнийг нэлээд найдвартай ашиг гэж хэлж болно. Хувьцаа эзэмшдэггүй бол одоо худалдаж аваад хоёр сарын хугацаанд 5-6 хувийн найдвартай ашиг хийх боломж бас байна.
Гэхдээ эрсдэл огт үгүй гэж хэлж болохгүй. “Banpu”-д саналаа буцаан татах эрх нь бий. Энэ хугацаанд, “Banpu” “Хүннү”-г маш сайн судалж байгаа учраас саналаа татаж авах боломж жаахан ч гэсэн байгаа гэсэн үг л дээ. Тиймээс саналаа буцаан татахгүй гэсэн 100 хувийн баталгаа байхгүй. Ийм эрсдэлийг “Хүннү”-гийн хувьцаа эзэмшигчид тооцох хэрэгтэй. Мэдээж хэрэг, “Banpu” өөртөө итгэлтэй байгаа болохоор санал тавьсан хэрэг.
Нөгөө талаар “Хүннү”-гийн хувьцаа эзэмшиж байгаа хүмүүст бас нэг давуу тал гарч ирж мэднэ. “Banpu” нэгж хувьцааг 1.80 австрали доллараар үнэлсэн. Түүнээс илүү саналтай өөр компани орж ирэх боломж бий. Тиймээс 1.80-аас илүү үнээр зарах боломж гарч ирэхийг үгүйсгэхгүй.
“Хүннү коал”-ын Хонконгийн бирж дээр давхар гарах төлөвлөгөө болон төслүүдийнх нь ирээдүйгээс шалтгаалж, хувьцаа нь 2 австрали доллараас дээш гарна гэсэн таамаг шинжээчдэд байсан шүү дээ?
Хонконгийн бирж дээр гарах нь арай хожмын асуудал л даа. Олборлолтын шатанд дэвшээд нүүрсээ гадагш зардаг болсны дараа энэ биржийн шалгуурыг давна гэсэн үг. Энэ нь цаг хугацааны хувьд арай хожуу байсан болохоор Хонконг хүртлээ явсан бол гэж одоо ярих нь арай л эрт байна даа. Миний бодлоор “Хүннү”-гийн хувьд цаг үе нь их зөв таарсан юм болов уу гэж бодож байгаа. Зах зээл хямралтай байгаа үед 1.80 австрали доллараар зарна гэдэг “Хүннү”-гийн хувьцаа эзэмшигчдэд ашигтай наймаа. Өнгөрсөн гуравдугаар сард “Banpu” 12,4 хувийг нь эзэмшихдээ яваандаа 100 хувь худалдаж авах санал тавих бодолтой байсан байх л даа. Гэтэл тэр цаг үе ингэж таарсан нь “Хүннү”-гийн ТУЗ-ийн хувьд татгалзахын аргагүй санал байх л гэж бодож байна.
“Banpu” худалдан авах саналаа гаргасны дараа “Хүннү”-гийн хувьцааны арилжаанд зарах, авах үзэгдлийн аль нь давамгайлж байна вэ?
Саяхан л нэгж хувьцаа нь доллар, гучин хэдэн цент байсан компани нэг өдрийн дотор шууд доллар далан хэд болчихсон. Тиймээс хувьцаагаа зарж байгаа хүмүүс байна. “Хүннү”-гийн нэгж хувьцааны түүхэн дээд үнэ 1.78 австрали доллар. Иймэрхүү үнэтэй үед нь авчихаад харамсаж суусан хүмүүс ч бий байх. Тэр утгаараа зарах хөдөлгөөн багагүй ажиглагдаж байна. Гэхдээ энэ нь зах зээлд нээлттэй арилжаалагддаг хувьцааны хувьд шүү дээ. Дийлэнх том хувьцаа эзэмшигчид хувьцаагаа зараагүй байгаа.
Иймэрхүү хэлцэл, арилжааг бүртгэлтэй биржээс нь зохицуулдаг дүрэм журам бий юү?
Хоёр компани хоорондоо тохироод л наймаа хийчихнэ гэж байхгүй л дээ. Австралийн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм журмаар зохицуулагддаг. Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийн дагуу зарагдах үйл явц гэсэн үг.
Аравдугаар сар гаргаад “Banpu”-гийн зүгээс “Хүннү”-гийн бүх хувьцаа эзэмшигчдэд нь албан ёсны саналаа хүргүүлэх байх. Австралийн хөрөнгийн биржийн хувьцааны бүртгэл дээр бүх л хувьцаа эзэмшигчийн бүртгэл, харилцаа холбоо барих хаягууд байгаа. Нэг хувьцаа эзэмшдэг хүнд ч гэсэн “Banpu”-гийн албан ёсны санал хүрнэ гэсэн үг. Санал хүлээж авах хугацааг тодорхой зааж өгдөг. Энэ хооронд “Banpu”-гийн одоо эзэмшиж байгаа 12.4 хувь нэмэгдсээр 90 хувьд хүрчихвэл үлдсэн 10 хувийг автоматаар худалдаж авах эрхтэй болдог юм. Хувьцааны тодорхой хувь нь зах зээл дээр нээлттэй арилжаалагдаж байж хувьцаат компани гэж нэрлэгдэх эрхтэй байдаг. 10-хан хувь нь бирж дээр нээлттэй арилжаалагдахад хүрвэл хувьцаат компани байх нөхцөлгүй боллоо гэж үзээд үлдсэн тэр 10 хувийг хүчээр заруулдаг дүрэмтэй.
Харин 90 хувьд хүрэхгүй бол сунжрах талтай. Одоогоор хэдий хүртэл гэж хугацаа өгөх нь мэдэгдэхгүй байна л даа. Заасан хугацаанд 90 хувь хүрэхгүй бол хугацааг сунгаж болно. Эсвэл “Banpu” үнийн саналаа нэмэх зэрэг янз бүрийн аргууд бий л дээ.
Иймэрхүү хэлцэл Монголын эрдэс баялгийн салбарт өмнө нь хийгдэж байсан тохиолдол бий юү?
Үүнийг Монголын нүүрсний салбарт хоёр дахь тохиолдол нь гэж хэлж болно. Хонконгийн биржид бүртгэлтэй ММС коксжих нүүрсний олборлолт явуулдаг “QGX Coal” компанийг авсныг хэлж болох байх. Гэхдээ “QGX Coal” бүртгэлгүй компани байснаараа ялгаатай.
Таны бодлоор “Banpu” юүг үнэлж, “Хүннү коал”-д ийм санал тавьсан юм бол?
Монгол улс нүүрсний салбарт дэлхийд шинээр гарч ирж байна. Европ, Америк зэрэг хуучин хүчнүүд суларч, Хятад толгой цохин гарч ирж байгаа энэ үед Хятадад хамгийн их нүүрс импортолдог орон Монгол болчихлоо. Монголд нүүрсний салбар хөгжиж байгаа энэ үед Монголд орж ирэх том компаниудын хувьд хамгийн таатай бөгөөд хялбар нөхцөл нь өөрсдөө ирж нүүрс хайгаад явах биш бэлэн менежмент, бэлэн багтай компанийг худалдаж авах юм. Өөрөөр хэлбэл, өөрсдөө хайгуул хийе гэж орж ирэхээсээ илүү бэлэн байгаа туршлагатай, үйл ажиллагаа нь тогтворжсон, нэр хүндээ олчихсон компанийг худалдаж авах сонирхолтой байдаг. “Banpu” үүнийг л үнэлж, ийм санал тавьсан байх.
Эндээс дэлхийн эрдэс баялгийн салбарын томоохон тоглогчид Монголд орж ирж жижиг компаниудыг худалдаж авах үйл явц өрнөх шинж ажиглагдаж байх шиг. “Хүннү”-гийн дараагийн бай ямар компани байх бол?
Сүүлийн үед компаниуд нэгдэх, худалдаж авах хандлага дэлхий даяар ажиглагдаж байна. Ялангуяа нүүрсний салбарт илүүтэй анзаарагдаж байгаа. “Пибоди”, “BHP Billiton”, “Рио Тинто” гээд нүүрсний салбарын томоохон компаниуд бүгдээрээ л дэлхийн энд тэндгүй батлагдсан нөөцтэй нүүрсний компаниудыг худалдаж авч байна.
Монголын хувьд “Саусгоби сэндс”-ийг дараагийн зарагдах компани гэж хэвлэл мэдээллээр бичиж байсан л даа. Ингэж үзэх шалтгаан бий. “Айвенхоу Майнз”-ыг яваандаа “Рио Тинто” худалдаж авах шатандаа явж байгаа. “Айвенхоу Майнз”-ын хувьд өндөр үнээр зарахыг хичээж байна. Тийм ч учраас янз бүрийн тактик барьж байх шиг. “Рио Тинто”-той хэвлэл мэдээллээр хүртэл мөргөлдөх боллоо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ долоо хоногийн мягмар гаригт “Рио Тинто” хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулга хийсэн юм билээ. Түүн дээрээ Оюутолгойн талаар өгсөн мэдээллийг нь зөвшөөрөлгүй, баттай биш мэдээлэл байсан гэж уржигдар “Айвенхоу Майнз” мэдэгдэл хийлээ. “Айвенхоу Майнз”-ын 48 хувийг “Рио Тинто” эзэмшдэг мөртлөө “Айвенхоу Майнз”-ын Ерөнхий захирал Фридланд хэлэхдээ, манай 48 хувийг эзэмшдэг “Рио Тинто” бидний 66 хувь эзэмшдэг Оюутолгойн талаар буруу мэдээлэл тарааж байна гэх зэргээр мөргөлдөөд байгаа тал бий л дээ. Мэдээж, Фридланд өндөр үнээр “Рио Тинто”-д зарах сонирхолтой байгаа.
“Айвенхоу Майнз” ганцхан Оюутолгойг эзэмшдэггүй. “Саусгоби ресорс”-ын хамгийн том хувьцаа эзэмшигч нь. Австралид бас компанитай. Хэд хэдэн газар компанитай учраас яваандаа охин компаниудаа зарж, компаниа цэвэрлээд Рио Тинто-д зарагдахад бэлэн болгох зорилготой байгаа байх. “Рио Тинто”-гийн хувьд “Саусгоби сэндс” нэг их сонирхолтой компани биш байх. Австралийн хамгийн том компаниудын нэг учраас тэнд байгаа компани ч бас нэг их сонирхолтой биш байж таарна. Оюутолгойг сонирхож байгаа учраас бүтцээ шинэчлээд Оюутолгойгоос бусад компаниудыг цэвэрлэх сонирхолтой байх шиг байна. Тийм учраас “Саусгоби”-г дараагийн бай байж магадгүй гэж хэвлэл мэдээллээр бичиж байна л даа.
BANPU ГЭЖ ХЭН БЭ?
Тайландын эрчим хүчний салбарыг “Banpu”, PTT гэсэн хоёр том компани тодорхойлдог. Banpu нь нүүрсний олборлолт руу голлох үйл ажиллагаагаа чиглүүлдэг бол PTT нь улсын мэдлийнх бөгөөд газрын тос, хийн түлшний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тай улсын нүүрсний магнат “Banpu” нь Тайландын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компани. Зах зээлийн үнэлгээ нь $5.4B. Тэр утгаараа нүүрсний салбартаа дэлхийд толгой цохьдог компанийн нэг. Сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа гадагшаа тэлэхийг түлхүү эрмэлзэх болсон. Жилийн өмнө Австралийн “Centennial coal” компанийг US$2.5В-оор үнэлж худалдан авсан байна. Монголд энэ онд орж иржээ. Тодруулж хэлбэл, өнгөрсөн гуравдугаар сард “Хүннү коал” компанийн 12.4 хувийг худалдаж авахдаа Монголд охин компаниа байгуулсан байна. Монгол дахь анхны үйл ажиллагаа нь “Хүннү” болж байгаа юм.