Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Орлогоо удирдаж, эдийн засгаа төрөлжүүлье

Монголын эдийн засгийн форум энэ сарын 5, 6-нд болно. Ард иргэд эрдэмтэн судлаачдын санал бодлыг хүргэх үүднээс Форумын өмнө салбар хуралдаануудыг зохион байгуулж байгаа билээ. Үүний нэг “Баялгийн орлогын зохистой удирдлага, эдийн засгийн төрөлжилт" сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хэлэлцүүлэг нь эдийн засгийн өсөлтийг хөгжил болгон хувиргах, төрөөс эрдэс баялгийн орлогыг удирдахад баримталж буй өнөөгийн бодлогыг дүгнэх зорилгын дор болсон юм.

"Нээлттэй нийгэм хүрээлэн"-гийн шинжээч Н.Дорждарь, Санхүү эдийн засгийн яамны Төсвийн бодлогын газрын Зарлагын хэлтсийн дарга Б.Нямаа нар эдийн засгийн олон тулгууртай болох, эдийн засгийн төрөлжилт, тулгарч буй асуудлууд, "Голланд өвчин" сэдвээр илтгэл тавилаа. Мөн "Barclay Capitals" компанийн эдийн засагч ноён Jack-ийн бараа бүтээгдэхүүний үнийн хамгаалалтын талаар тавьсан илтгэл ихээхэн сонирхол татаж байв. Түүний хэлж буйгаар Монголын экспортолж буй бүтээгдэхүүний үнэ ямар ч хамгаалалтгүй (ledge) байна. Тиймээс үнийн хэлбэлзлээс шалтгаалан ялангуяа уул уурхайн салбарт эрсдэл учрах магадлал өндөр байгаа гэнэ. Мөн МҮХАҮТ-ын зөвлөх Stephen Kreppel-ийн Монгол брендийг бий болгох, дэлхийн зах зээл дээрх том брендүүдтэй хэрхэн өрсөлдөх талаарх илтгэл ч хүмүүсийн анхаарлын төвд байсан юм. 

Хэлэлцүүлэгт оролцогчид ямар асуудал байгааг зөвхөн яриад өнгөрөх биш үүнээс гарах гарц, шийдлийг олох чиглэлээр түлхүү хэлэлцэх шаардлагатай байна гэсэн байр суурь дээр санал нэгдэцгээв. 

Г.Батболд