Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“ЗАНАДУ” ГЭЖ ХЭН БЭ?

Н.Ариун

Хоёр жилийн өмнөх Монголын Цагаан сарын үеэр Австралийн бирж дээр “Хүннү коал” компани IPO хийсэн юм. Энэ нь биржийн хамгийн шилдэг үзүүлэлттэй IPO байсан төдийгүй “Хүннү коал” өөрөө хөрөнгийн зах дээрх нэгэн шинэ үзэгдэл болон гарч ирсэн билээ. Бирж дээр гарахаас өмнө сураг ч үгүй байсан энэ жижиг компанийн тод жишгээр араас нь цөөнгүй адил төст компани замнаж байна. Менежментэд нь монголчуудын оролцоо багагүй хүч түрсэн “Хүннү” маягийн компаниудад “Аспайр майнинг”, “Петро Матад”, “Харанга ресорсиз”, “Занаду майнс”, “Вояжир ресорсиз” зэрэг хайгуулын компанийг нэрлэж болно. Тэр дундаа Австралийн бирж дээрх Монголд ордтой компаниудад энэхүү “Хүннү” маягийн имидж тун ч зохиж байгаа. Монгол удирдлага, менежмент дэх монголчуудын оролцоо, дэд бүтцэд ойр чанартай төслүүд гээд тэднийг адилтгах төстэй чанарууд цөөнгүй бий. Нэг ёсондоо хөрөнгө оруулагчид монголчуудын оролцоог илүүтэй харгалзах болсны жишээ нь эдгээр компани юм. Заримынх нь бараг 30-40 хувийг монголчууд эзэмшиж байгаа.  

Тэдгээрийн нэг Австралийн уул уурхайн хайгуулын компани “Ханаду Майнс” үйл ажиллагаагаа Монгол руу тэлж, “Занаду Майнс Монголиа” компанийг байгуулсан нь 2005 он. “Занаду Майнс” 2010 оны арванхоёрдугаар сард Австралийн бирж дээр анх бүртгэгджээ. Монгол дахь хайгуулын төслүүдээ санхүүжүүлэх зорилго бүхий энэ IPO-гоор 24 сая доллар амжилттай босгосон. ASX кодтой энэ компанийн зах зээлийн үнэлгээ одоо 64 сая ам.доллар байна.

“Занаду Майнс”-ын хамгийн том хувьцаа эзэмшигчид ТУЗ-ийн гишүүд нь бөгөөд нийт хувьцааны 17.0 хувь тэдэнд ногддог. ТУЗ нь нэг монгол гишүүнтэй. Тэр нь Гүйцэтгэх захирал Л.Ганбаяр. 2006 оноос Гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаа тэрбээр компанидаа Монголыг хариуцсан менежер болон Ерөнхий геологчийн үүргийг гүйцэтгэдэг байна. Компанийн ерөнхийлөгч, ТУЗ-ийн тэргүүн Брайн Торнтон нь Австрали, Индонези,  Папуа, Шинэ Гвиней, Номхон далайн бүсийн орнуудад уул уурхайн чиглэлээр 25 жил ажилласан туршлагатай. Австралийн Санхүүгийн үйлчилгээний хүрээлэнгийн гишүүн. Австралийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудад зөвлөдөг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай нэгэн юм.

Том хувьцаа эзэмшигчид гэвэл уул уурхайн томоохон олборлогч “Сакари Ресурсес” нийт хувьцааны 13.1 хувийг эзэмшдэг бол “Нобль” групп 9.9 хувийг эзэмшилдээ авчээ. Хөрөнгө оруулалтын сан “Ийгл Секюритис” 7.8 хувь, “Бикини Атолл Инвестментс” 6.0 хувийг эзэмшдэг. Хувьцааны 46.2 хувь нь хөрөнгийн зах дээр аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн гар дээр эргэлдэж байна.

“Занаду” нь коксжих болон дулааны нүүрс, зэс, алтны төслүүдтэй. Төслүүдийг нь ирээдүйтэй хэмээн тодотгохын учир эдийн засгийн ашгаас гадна одоо хийгээд ирээдүйд төлөвлөгдсөн дэд бүтцийн байршлыг худалдан авах төслийнхээ гол үзүүлэлт болгодогт байгаа юм. Сүүлийн жилүүдэд хийсэн эрчимтэй хайгуулын ажлууд нь өнгөрсөн жилээс үр дүнгээ өгч эхэлсэн. Өнгөрсөн оны хайгуулын ажлын үр дүнгээр нийтдээ 497 сая тонн дулааны нүүрс Монголоос олсон томоохон компани болжээ. Одоогоор дулааны нүүрсний Хар Тарвага, Галшар хэмээх хоёр төслийнхөө нөөцийг ЖОРК стандартаар тогтоогоод байна. Хар Тарвага нь ЖОРК стандартаар 327 сая тонн дулааны нүүрсний нөөцтэй. “Занаду”-гийн 100 хувь эзэмшилд байдаг энэхүү ордыг олборлох 30 жилийн зөвшөөрлийг 2011 оны аравдугаар сард авсан юм. Энэ орд Төв аймагт төмөр замаас 45 км-ийн зайтай байрладаг.

Дорноговь аймаг дахь Галшар дулааны нүүрсний төслийн хувьд ЖОРК стандартын дагуу 170 сая тонн нөөц тогтоогдсон бөгөөд нөөцийг 200 сая тонн хүргэж нэмэгдүүлэх боломжийг геологичид нь харж байгаа. Энэ ордод олборлолтын тусгай зөвшөөрөл авахаар бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ. БНХАУ-ын хилээс 120 км-ийн зайтай орд нь Бор-Өндөрийн хайлуур жоншны уурхайн салаа төмөр замаас 65 км-ийн зайд оршдог нь том давуу тал юм. “Занаду Майнс” энэ хоёр ордынхоо нүүрсийг цахилгаан станцад хэрэглэхээс гадна шингэрүүлэн шатахуун үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа.

Мөн сайн чанарын нүүрстэй учир хатаах үйлдвэрт боловсруулсны дараа шууд экспортлон зарах боломжийг ч төсөөлж буй. 
“Сакари Ресурсес” болон Нобль” гэсэн уул уурхайн хоёр ч томоохон олборлогч “Занаду”-гийн гол хувьцаа эзэмшигчийн тоонд багтдаг нь сонирхол татдаг. “Сакари” нь Сингапурын хөрөнгийн бирж дээр AJ1 кодоор бүртгэгдсэн, Индонезид хоёр ч дулааны нүүрсний уурхай ажиллуулдаг компани юм. 1.8 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй гэхээр чамгүй том компани байгаа биз. Сайн чанарын дулааны нүүрс олборлон, борлуулагч энэ компанийн 45.4 хувийг Тайландын Газрын тосны алба /PTT/ эзэмшдэг байна. РТТ нь хувьчлагдсан хэдий ч ихэнх хувьцаа нь Тайландын төрийн өмчид хамаарах бөгөөд улсынхаа эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг ажээ. Дашрамд дурдахад, “Хүннү”-г худалдаж авсан “Banpu” болон PTT компани Тайландын эрчим хүчний салбарыг тодорхойлдог хоёр том групп юм. Эндээс Монголын нүүрсийг гэх тайчуудын том сонирхол үнэртэж буй биз ээ. 

Хонконгод төвтэй “Нобль Энэржи” групп мөн л Сингапурын биржид бүртгэлтэй. N21 кодоор үнэт цаас нь арилжаалагддаг. Хөдөө аж ахуй, эрчим хүчээс гадна уул уурхайн бүтээгдэхүүн олборлох, боловсруулах, санхүүжүүлэх, тээвэрлэх зэрэг цогц үйл ажиллагааг багтаасан дэлхийн хэмжээний нийлүүлэлтийн сувгийг атгадаг байна. Бразил, Аргентин, Австрали, Индонези зэрэг экспортлогч улсаас түүхий эд хямдаар авч, Хятад зэрэг хөгжиж буй орнуудад нийлүүлдэг. 

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹002  дугаараас уншина уу.