О.Хосцэцэг
Монголын Эдийн засгийн чуулганаас том жижиггүй үр дүн нэхэж байна. Чуулган хэлбэрийн хувьд сайжирч байгаа ч хамгийн гол зорилго болох үр дүн алга гэдгийг олон хүн хэлж байна. Өнгөрсөн жилийн чуулганы сурвалжлагадаа МMJ хөгжлийн гарц хайсан санал бодол, зөвлөмж, байр суурийг жагсаалт болгон хүргэсэн билээ. Энэ жагсаалтыг өнөөдөр эргэн харвал санал, зөвлөмжийг тусгаж хэрэгжүүлсэн ажил туйлын ховор байна.
Дотоодын инфляцийн 30-40 хувь нь Замын-Үүдийн боомт дахь саатлаас үүсч байгааг анхаарч хурдан засах хэрэгтэй гэж цөөнгүй хүн өнгөрсөн жил сануулсан байхад энэ жил саатал бүүр гаарсан байх жишээтэй. Өнгөрсөн форумын ажлын тайланд бичиг цаасны голдуу ажлуудыг дурдсан байна. Цааснаас амьдрал руу хурдан буух хэрэгтэй байгааг хэлэх нь илүүц биз. Дээр жишээ татсан Замын-Үүдийн асуудлыг шийдэхгүй удаж байгаагаас боомт дээр чингэлгүүд овоорч барааны үнэ өссөөр, түгжрэлд саатсан цементийн эрэлтээс шалтгаалан барилгын үнэ нэмэгдсээр байна. Энэ нь цаашлаад инфляцийг хөөргөдөж байна. Ганцхан боомтын асуудал улсын эдийн засгийг ганхуулж ч мэдэхээр байна.
Олуулаа цуглан баахан санал шүүмжлэл өрнүүлдэг ч хэрэгжсэн зүйлгүй, ойлголтоо нэгтгэж байна гээд мөрөөдлийн жагсаалт гаргаад өнгөрдөг явдал ужиграх тийшээ хандаж байгаа нь Форумын өнгөрсөн хоёр жилийн үр дүнгээс харахад илт. Чуулганыг зохион байгуулахад олон хүний хүч хөдөлмөр шингэж, хөрөнгө мөнгө зарцуулсан нь ойлгомжтой. Энэ нүсэр ажлын үр дүн гарт баригдаж, нүдэнд үзэгдэх нь хамгийн чухал юм. Бусдаар бизнес эрхлэгчид дотроо онгойтол зовлонгоо тоочдог, төрийн түшээд хийх ёстой ажлаа биелүүлснээ баатарлаг үйлс бүтээсэн мэтээр тайлагнадаг, болж бүтээгүй асуудлаа бусдадаа тохож тайлбарладаг индэр биш. Хатуухан хэлэхэд Монголын Эдийн засгийн форум хөгжлийн төлөө шинэ санаа санаачлагыг гаргаж, нэгдсэн ойлголттой болж, ажил хэрэгжүүлэх зорилгоосоо илүүтэй төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын “танилцах үдэшлэг” маягийн арга хэмжээ болох тийшээ ханджээ. Танилцахад юуны буруу байхав. Тэгэхдээ танилцаад, ярилцаад үр дүн гаргаж, жинхэнэ утгаараа хамтдаа хөгжихийг хэн хэн нь эрмэлзэх шаардлагатай байна.
Энэ жилийн чуулганд оролцсон гадны судлаачид, дотоодын оролцогчдын санал шүүмж, илтгэлийг нэгтгэн SWOT шинжилгээний хүснэгтэд оруулав.
Давуу тал
- Чөлөөт эдийн засагтай.
- Дэлхийд томд тооцогдох “Оюутолгой”-н үйлдвэр ашиглалтад орох гэж байгаа.
- Алт, зэс, нүүрс, газрын тос, занар, төмрийн хүдэр, уран, фосфор гэх мэт газрын доорх ашигт малтмалаар баян.
- Гадаад нэр хүнд өсч, олон улсын анхаарлыг татаж байгаа.
- Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй.
Сул тал
- Хууль гаргаад түүнийгээ хэрэгжүүлэх ажлыг огт хийдэггүй.
- Өрсөлдөх чадвар тун сул. Азийн 15 оронтой өрсөлдөх чадвараар харьцуулахад хамгийн сүүлийн байрт орсон.
- Эдийн засгийн олон тулгуурт хөгжил байхгүй. Зөвхөн уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай.
- Санхүүгийн зах зээлийн бүтэц нь банк давамгайлсан, хэт нэг талыг барьсан бүтэцтэй
- Хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй.
- Орлого нэмэгдэхийн хэрээр төсвөө тэлдэг зуршилтай.
- Төрийн өмчит компаниудын засаглал муу. Төрийн байгууллагууд хувийн хэвшлийн хурдыг гүйцэхгүй байгаа.
- Компаниудын мэдээлэл ил тод биш.
- Улс төрчид сонгуульд өрсөлдөхдөө бэлэн мөнгө амладаг. Төрөөс иргэдэд бэлэн мөнгө тараадаг.
- Хилийн боомтууд нь чадавх муутай.
- Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил сул.
- Төсөв зохиоход иргэд оролцох боломж байхгүй
- Төсвийн ил тод байдал төдийлөн сайн биш. Төсвийг үргэлж тодотгож байдаг.
- Монгол орны байгалийн баялаг ихтэй өмнөд говийн бүс нутаг экологийн нэн эмзэг бүтэцтэй.
- Монгол улс нэг хүнд ногдох нүүрсхүчлийн хий ялгаруулалтаараа дэлхийн дунджаас хэд дахин их байдаг, цэвэр технологи байхгүй.
Боломж
- Уул уурхай хөгжиж байгаатай холбоотой эдийн засгийн өсөлт бий болж байна. Өнгөрсөн онд эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй гарсан. “Оюутолгой” ашиглалтад орвол ирэх жил эдийн засгийн өсөлт 22.9 хувьд хүрэх боломжтой.
- Сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглаж, эрчим хүч экспортлох боломжтой. Эрчим хүчний салбараа хөгжүүлбэл Монгол улс эрчим хүчний диваажин л гэсэн үг.
- Нүүрсний нөөц ихтэй учир түүнийг шингэрүүлж, хий болгох гэх мэт олон аргаар бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой
- Олон улсын хөрөнгийн зах зээл дээр авхаалжтай оролцож чадвал мөнгө босгох боломж нээлттэй
- Уул уурхайг дагаж шинэ технологи нэвтрэх боломжтой. Түүнийг нутагшуулах хэрэгтэй
Эрсдэл
- Өрсөлдөх чадвар сул байна гэдэг өөрөө хамгийн том эрсдэл
- Зөвхөн уул уурхайд түшиглэсэн ганц тулгуурт эдийн засагтай байснаар дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ унахад дагаад унах эрсдэл дагуулж байна
- Санхүүгийн зах зээлд зөвхөн банк давамгайлсан нөхцөлд ганц банк дампуурахад Монголын эдийн засаг савлахад хүрдэг
- Төсвийн ил тод байдал хангалтгүйн улмаас үл ойлголцол үүсч, улмаар бизнесийн эрсдэлийг бий болгоно
- Улсын эдийн засгийг авч явдаг хувийн хэвшлийнхний хурдыг төр гүйцэхгүй байгаа нөхцөлд бизнес удааширч, тэр хэрээр төсөвт төвлөрөх мөнгө саатна
- Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр хувийн хэвшил чирэгддэг, улмаар хувийн хэвшлийн чадамж буурах эрсдэлтэй
- Эмзэг эко системтэй, усны судлагдсан нөөц байхгүй учир нэг өдөр ус гэнэт шавхагдвал асар их хөрөнгөөр боссон үйлдвэрүүд зогсох эрсдэлтэй.
Дээрх хүснэгтээс харахад манай оронд боломжоос эрсдэл нь их байна. Харин эрсдэлийг арилгах арга зам мухар, түүнийг чиглүүлэх бодлого дулимаг байгаа нь харамсалтай. Хуулийг боловсруулж гаргах үүрэгтэй төрийн түшээд өөрсдөө ийм, тийм хууль, зохицуулалт хиймээр байна, дутуу байна гээд яриад суудаг. Яагаад болохгүй байгааг нь хэлдэггүй. Зоригтой, том шийдвэр гаргахгүй асуудлыг үргэлж жонхууруулдаг, удаадаг гээд төр, засгийг шүүмжлэх иргэд олон байна. Гадны төлөөлөгчид ч “Танайх тодорхойгүй, зохицуулалтгүй, ойлгомжгүй байна” гэдэг үгийг давтан давтан хэлж байна. “Оюутолгой” ХХК-ийн Хүрээлэн буй орчны асуудал хариуцсан дарга Марк Ньюбай газрын гүний усыг ашиглахыг эсэргүүцсэн оролцогчдын шүүмжлэлийн хариуд “Гэрээндээ усаа гадаргаас дамжуул гэж заасан бол бид дургүйцэхгүй байсан. Тийм заалт зохицуулалт байхгүй учраас бид гүний усыг ашиглаж байна” гэсэн. Нэгэнт гүний усыг ашиглахыг зөвшөөрсөн байхад өндөр өртгөөр гадаргын ус дамжуулах ажлыг хувийн компани санаачлагаараа хийхгүй нь ойлгомжтой.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹003 дугаараас уншина уу.