Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Фридланд огцорч, Оюутолгойн санхүүжилтийг баталгаажууллаа

“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн тэргүүн Роберт Фридланд суудлаасаа өнөөдөр огцорлоо. “Оюутолгой” төслийн нэг, хоёрдугаар үе шатад шаардлагатай санхүүжүүлтийг “Рио Тинто” хариуцахаар хоёр тал гэрээ байгуулах үеэр энэхүү шийдвэрийг гаргасан байна.

“Оюутолгой” төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн гэрээний хүрээнд “Рио Тинто” Айвенхоу-д 1.5 тэрбум ам.долларын зээлийг нэн даруй олгохоор болжээ. Мөн ойрын 4-5 жилийн хугацаанд олон улсын санхүүгийн байгууллагуудаас 3-4 тэрбум ам.долларын зээл авах ажлыг бүрэн хариуцаж ажиллахаар гэрээнд тусгажээ.

Үүнээс гадна “Айвенхоу Майнз”-ын ТУЗ-ийн гишүүдийн тоог 14-13 болгон цөөлөхөөр болсны зэрэгцээ Роберт Фридландаас гадна тус компанийн зургаан гишүүнийг огцруулан оронд нь “Рио Тинто”-гийн зургаан төлөөллийг томилохоор болжээ.

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт энэ жил 2.1 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Уг төслийн нэгдүгээр шатыг ашиглалтад оруулахад 6 тэрбум гаруй ам.доллар зарцуулагдахаар байгаа бөгөөд хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэхэд бараг 5 тэрбум доллар шаардлагатай ажээ.

Фридландын хувьд Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци гэх мэт арав гаруй санхүүгийн томоохон байгууллагуудаас “Рио Тинто”-той хамтран 4 тэрбум ам.долларын зээл олохоор өнгөрсөн жилээс эхлээд хөөцөлдсөн.

Харин энэхүү ажил одоо “Рио Тинто”-гийн нуруун дээр үлдэж байна. Эдгээр байгууллага зээл олгохын өмнө “Оюутолгой” төслийн байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг танилцуулахыг шаардаж байгаа юм.

Фридланд одоо энэ онд Лондоны хөрөнгийн биржид IPO хийхээр зэхэж буй өөрийн “Ivanplat компанийнхаа ажилд анхаарах нь бараг тодорхой болж байна.

Рио Тинтогийн хувьд Айвенхоу-г гартаа оруулаад авлаа.

 

Б.Төгс