Ашигт малтмалын газар, МХЕГ, НХХЯ-ны төлөөлөл, даатгалынхан, уул уурхайн компаниуд болон Гандантэгчинлэн хийдийн лам нар “Нэн түрүүнд аюулгүй ажиллагаа” чуулганд нэгдэв. “Уул уурхай эрчимтэй хөгжиж байна” гэсэн өгүүлбэр энэ салбартай холбоотой бүхэнд ёс юм шиг дагалддаг болсон. Ийнхүү эрчимтэй хөгжлийн үрээр шинээр ашиглалтад орж буй уурхайн тоо хэдэн арваар нэмэгдэж байгаа өнөө үед салбарыг хөдөлгөгч гол хүчин болсон ажилчдын аюулгүй байдал ямар түвшинд байна вэ? Тэдэнд хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал юү вэ? Эдгээр асуултад хариу олж, шийдэх алхмыг эхлүүлэхийн тулд дээр дурдсан төлөөлөгчид хоёр өдөр хуралдсан юм.
Монгол улсад олон улсын чиг хандлагад баримжаалсан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр 120 орчим стандарт мөрдөгддөг. Гэхдээ эдгээр стандартыг ёсчлон биелүүлдэг байгууллага хуруу дарам цөөн. Монголд үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн ихэнх компани дэргэдээ эмнэлэг сувилалгүй. Түүгээр ч зогсохгүй нормын хувцас, өдөр оройн хооллолтоо сувилал, хамгаалалт мэтээр тайлбарладагт чуулганд оролцогчид шүүмжлэлтэй хандаж байлаа.
Бичил уурхайд хамгийн их осол гардаг
Манай улсад 100.000 гаруй бичил уурхайчин байдаг гэсэн албан бус тоо бий. Зөвхөн Налайхын нүүрсний бичил уурхайн 200 гаруй аманд 2500 орчим хүн ажилладаг. Энд 2010 онд 17, 2011 онд 18 хүн амь насаа алджээ. Гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэд хөдөлмөрийн аюулгүй байдал огт хангаагүй, асар эрсдэлтэй орчинд ажилладаг. Олон улсын байгууллагаас Налайхын бичил уурхайг хаахыг нэг бус удаа зөвлөж байжээ. Гэр бүлээ тэжээх гэсэндээ эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ч үнэлж боломгүй эрдэнэт амиа алдвал ар гэрт нь ямар нөхцөл үүсэхийг тэдгээр хүмүүс ойлгодоггүй нь харамсалтай.
2005-2011 оны хооронд бүртгэгдсэн ослын шалтгааны багагүй хувийг аюулгүй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсанаас үүдсэн гэж үзжээ. Мөн дэд бүтцийн асуудлыг шийдээгүйн улмаас зам дээр осол гарч, хүний амь үрэгдэх явдал ч цөөнгүй гарсан байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй. Зам тавиагүй хувийн хэвшлийн буруу юу, зам барих зөвшөөрөл өгөхгүй хүндрүүлдэг төрийн буруу юу гэсэн асуулт гарч ирэх ч эцсийн дүндээ жолоочийн хариуцлагагүй байдлын улмаас осол гарлаа гэж оношилдог.
Дэд бүтцийн хөгжил сулын дээр манайд 500 гаруй уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг боловч ганцхан аврах ангитай нь маш их эрсдэл дагуулдаг. Улсдаа ганцхан аврах ангийн тоог нэмж чаддаггүй юм гэхэд багаж төхөөрөмжийг шинэчлэн, нисдэг тэрэгтэй болгох хойшлуулшгүй шаардлага бий. Мөн өөрийн орны онцлогт нийцсэн аюулгүй ажиллагааны стандарттай болох хэрэгтэйг төлөөлөгчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байлаа.
“Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Аливаа осол аваар гарсан өдрийг судлаад үзэхээр хохирсон хүний харш өдөр нь, суудал өнцөгдсөн жил нь байдаг. Тиймээс хүмүүс тухайн жилийнхээ заслыг хийлгэж, дотоод сэтгэлээ тайвшруулан ариусгаснаар ослоос сэргийлж чадна” хэмээн Гандантэгчинлэн хийдийн лам айлдсан. Үнэхээр хүн сэтгэлийн амьтан болохоор өөрсдийн сүсэг бишрэлээр ажил үйлсээ зохицуулах бизээ.
Төрийн төлөөлөл, хувийн хэвшлийнхэн нэг танхимд цугларч, нэгдсэн ойлголтод хүрсэн Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” хурлаас зөвлөмж гарган холбогдох газруудад хүргэхээр болсон юм.