Хятадын төрийн өмчийн компани “Чалко”
энэ сарын эхээр Монгол дахь 700 сая тонны нөөцтэй ордуудыг авах гэрээг
“Саутгоби Ресурс” компанитай хийсэн юм. Энэ баялгийг тус компани 900
гаруй сая ам.доллараар авахаар болсон. Тэгвэл өчигдөр “Чалко” Монголын
нүүрсний ложистикийн системийг атгадаг “Винсвэй” компанийн 29.9 хувийг
худалдаж авахаар тохиролцсоноо мэдэгджээ.
Тохиролцоогоор “Чалко”
“Винсвэй”-н 1.13 тэрбум хувьцааг нэгж бүрийг нь 2.12 хонконг доллараар
үнэлэн нийтдээ 2.39 тэрбум хонконг доллар буюу 307.92 сая ам.доллараар
авахаар болжээ.
“Чалко”-гийн энэхүү алхам нь саяхан “Саутгоби
Ресурс” компанитай хийсэн гэрээтэй нягт уялдаж буйг компанийн төлөөлөгч
онцолсон байна.
Энэхүү мэдээлэл цацагдмагц Хонконгийн хөрөнгийн
бирж дээр Винсвэй (1733) компанийн хувьцааны үнэ бараг 9 хувиар өсч,
1.74-1.88 хонконг доллар болжээ. Өнөөдрийн байдлаар тус компанийн
хувьцаа 2.02 хонконг доллар болтлоо өссөн ч буцаад 1.88 долларын
түвшиндээ хүрээд байна.
“Винсвэй” компанийн хувьцааг авснаар
“Чалко” тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болж байгаа юм.
“Чалко” ийнхүү том нүүлээ.
Б.Төгс