“Багануур” ХК нь техник, технологийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Катерпилларын зургаан техникийг хүлээж авч буй нь энэ.
Катерпилларын техникүүдийг хүлээн авах ёслолд Монгол улсын гавъяат жүжигчин, нэрт уртын дууч Г.Хонгорзул, “Алтай” хамтлаг ая дуугаа өргөн, “Багануур” ХК,” “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн удирдлагууд тууз хайчлав.
“1998 оноос хойш манай компани Катерпилларын техникүүдийг үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн. Хуулийн дагуу тендер зарлаж, нэр хүндтэй, чанартай техникүүдийг хүлээн авч буйдаа баяртай байна. Цаашид бид тоног төхөөрөмжийн шинэчлэлээ үргэлжлүүлэх болно” хэмээн “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Уг арга хэмжээнд тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Д.Ганзориг, Техникийн бодлого эрхэлсэн дэд захирал П.Эрдэнэцогт, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компаниас Худалдаа, түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр болон холбогдох менежер, хэлтсийн удирдлагууд оролцон юм.
Мөн 2017 оны зун Багануурын уурхайд хийсэн Катерпилларын техникүүдийн үйл ажиллагаатай холбогдох судалгааны баримт бичгүүдийг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн зүгээс албан ёсоор хүлээлгэж өгсөн юм.
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Худалдаа, түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр:
Катерпиллар компани дэлхийн 100 гаруй улсад сүүлийн хорин жилд ийм төрлийн судалгаа хийсэн байдаг. Эндээс “дэлхийн дундаж” гэсэн үзүүлэлт гарсан бөгөөд “Багануур” компанийн хувьд энэхүү дундаж үзүүлэлтэд юугаараа нийцэж, юугаараа дутуу байгааг тодорхойлсон судалгаа хийгдлээ. Зөвхөн судлаад зогсохгүй, үүндээ тулгуурлаад техник, үйл ажиллагааны зөвлөгөөг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн зүгээс өгөх юм.
“Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун:
Катерпилларын тоног төхөөрөмжүүд дэлхийн уул уурхайн салбартаа номер нэг. Тиймээс нэг төрлийн брэндээр дагнасан машин, техникүүдийг ажиллуулах нь манай компанийн бодлого, засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа талдаа их дөхөмтэй, үр ашигтай.
Т.Ганболд ахлагчтай бригадын хамт олонд “Багануур” ХК-ийн Захирлуудын зөвлөл итгэмжлэл гардуулсан бөгөөд үүний дараа уурхайн операторууд шинэ техникүүдээ асаан дуут дохиогоо өгч ёслов.
“Багануур” ХК-ийн уурхайн оператор Ж.Сугар: Эдүгээ Монгол улсын уул уурхайн салбарын 95 жилийн ой тохиож буй энэ цаг үед бид компанийн хөрөнгө оруулалтаар шинэ техникүүдийг хүлээн авч буйдаа баяртай байна. Би Багануурын уурхайд 28 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс хорь гаруй жилд нь Катерпилларын техникүүдийг жолоодож, чанар, давуу талуудыг нь мэдэрсэн.