Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын
тухай санаачилгыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг Ерөнхий
сайд С.Батболд ахалдаг бөгөөд хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг нь
тасралтгүй, тогтвортой ажилладаг.
Уул уурхайн орлого хэдээр
нэмэгдэж, тэр орлого хаашаа орж, юунд зарцуулагдаж байгаа, энэ салбарт
үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байгаль орчинд ямар нөлөө үзүүлж
байгаа зэрэг асуудлыг олон талаас нь үндэс судалгаатай гаргаж тавих,
байгалийн нөөцийг үнэлэх, салбарын үйл ажиллагааг нийгэмд нээлттэй ил
тод болгох нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилга
хэмээх байгууллагын зорилго юм.
Монгол Улсад Олборлох
үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгыг дэмжих Үндэсний зөвлөлийн
хурал өчигдөр Төрийн ордонд болж тус зөвлөлийн дарга, Ерөнхий сайд
С.Батболд хурлыг нээж үг хэлэв.
Монгол улс нь тус санаачилгын
олон улсын баталгаажуулалтад орж, санаачилгыг хэрэгжүүлэх “нэр дэвшигч”
орон байснаа 2010 онд “хэрэгжүүлэгч” дэлхийн 4 дэх орон болсон гэдгийг
тэрбээр тэмдэглээд, Үндэсний зөвлөл гурван удаагийн тайлан гаргасан
бөгөөд энэхүү хурлаараа 5 дахь тайлангаа хэлэлцэж байна гэлээ.
Тайлан
гаргаж буй болон тайланд хамрагдаж байгаа компанийн тоо жилээс жилд
нэмэгдэж байна. 2006 оны нэгдсэн тайланд 25 компани хамрагдсан бол энэ
удаагийнханд 101 компани орсон. Мөн тайлангийн дүнд илэрсэн зөрүү жилээс
жилд багасч байна. Энэ бол Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын
санаачилгыг Монголд Улсад хэрэгжүүлж байгаагийн бодит үр дүн, сайн
үзүүлэлт юм гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Мөн уул уурхайн
салбарт хайгуулын ажлыг зохих ёсоор гүйцэтгэлгүйгээр зөвхөн лиценз
нэрээр наймаа хийдэг хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоох ёстой гэж
Засгийн газрын тэргүүн хатуу анхаарууллаа. Үүний тулд өнөөдөр сул
чөлөөтэй, орон нутгийн тусгай хэрэгцээнд байгаа бүх газрыг Засгийн
газрын нөөцөд авч, цаашид гагцхүү УИХ-ын шийдвэрээр Үндсэн чиглэлийн
дагуу нөөцөөс гаргах арга хэмжээ авах нь зүйтэй гэв.
Засгийн
газрын тэргүүн энэхүү хуралдааны үеэр Ашигт малтмалын газрын шинэ дарга
Г.Алтансүхэд үүрэг өгч, тус газарт бүтцийн өөрчлөлт хийж, ёс зүйтэй,
хууль эрх зүйн хүрээнд ажиллах чадвартай хүмүүсийг ажиллуулахыг
даалгалаа. Түүнчлэн, Гол усны эх бүрэлдэх газар, ой модны сав газар
ашигт малтмал олборлохыг хориглох хуулийн хэрэгжилт удаашралтай байгаа.
Ирэх долоо хоногт асуудлыг Засгийн газрын хуралд танилцуулж, эхний 240
гаруй лицензийг цуцлах шаардлагатай гэдгийг ч Засгийн газрын тэргүүн
сануулжээ. Мөн стратегийн ач холбогдолтой орд газруудын нэмэлт
жагсаалтыг ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн
барихыг үүрэг болгов.