Монголын хөрөнгийн зах зээлийн салбарын төдийгүй уул уурхайн салбарт түүхэн үйл явдал боллоо. Учир нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани Монголын биржид давхар бүртгэл хийж буй анхны тохиолдол юм.
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компанийн хувьцааны арилжааны цан цохих ёслол өнөөдөр /2018.06.04/ Монголын хөрөнгийн биржид боллоо.
Ёслолын үйл ажиллагаанд салбарын сайд Д.Сумъяабазар, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, “Эрдэнэ Ресурс” компанийн удирдлагууд болон бусад байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.
“Эрдэнэ Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Питер Акерли энэ үеэр “Бидний энэхүү давхар бүртгэл нь Монгол улсад анх удаа хийгдэж байгаагаараа онцлог бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэг шатаар ахиулан, уул уурхайн компаниудын ил тод байдал, сайн засаглалын шинэ жишгийг тогтооно гэдэгт итгэж байна.“
Салбарын сайд Д.Сумъяабазар энэ үйл явдалд ихээхэн ач холбогдол өгч буйгаа тэмдэглээд цаашид уул уурхайн салбар санхүүгийн салбартай уялдаатай ажиллаж хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд гол хүчээ тавьж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.
“Эрдэнэ Ресурс” нь мөн Канадын хөрөнгийн зах зээлээс хаалттай арилжаагаар 8 сая хүртэлх хувьцааг нэг бүрийг нь 0.38 канад доллараар үнэлэн 3.04 сая канад доллар босгохоор төлөвлөөд байгаа юм. Монгол болон Канадын зах зээлээс босгосон хөрөнгийг тус компани үйл ажиллагаа, хайгуул болон судалгаа шинжилгээний ажилд зарцуулах юм.
“Эрдэнэ Ресурс” Баянхонгор аймагт Алтан нар, Баянхөндий зэрэг алтны төсөлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд ордуудын нөөцийг эцэслэн тогтоох, холбогдох судалгааг боловсруулах, олборлолтыг эхлүүлэх хүртэлх дэд бүтэц, боловсруулах үйлдвэрийн ажил зэрэг томоохон ажлууд хүлээгдэж байгаа юм.
“Эрдэнэ Ресурс” ийнхүү Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын бирж дээр бүртгэлтэй бусад олон компанийн хувьд Монголын хөрөнгийн зах зээлд орж ирэх замынх нь түчээ болж байна. Цаашид хэд хэдэн компани давхар бүртгэл хийхээр судалж байгаа тухай Х.Алтай захирал мэдэгдлээ.
2017 онд Давхар бүртгэлийн журмыг баталснаар уул уурхайн компаниудын хувьд Монголын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох нөхцөл бодитоор бүрдсэн.
Давхар бүртгэл нь Монголын хөрөнгийн зах зээлийн хувь шинэ бүтээгдэхүүн, шинэ туршлага бөгөөд иргэд уул уурхайн төслүүдэд шууд хөрөнгө оруулах, үнэ цэнийг нь хүртэх талаасаа ихээхэн ач холбогдолтойг талууд онцолж байв.