Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Эрчим хүч экспортлогч улс болно

НҮБ-аас гаргасан судалгаагаар Монгол улсын хотын иргэдийн 90 хувь, хөдөөний иргэдийн 46 хувь, нийт хүн амынх нь 67 хувь нь эрчим хүч хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Хүн амынх нь эрчим хүчний хэрэглээний хувьд бусад улс орнуудтай харьцуулахад нэлээд хойгуур ордог байна. Тухайлбал Хятад улсад гэхэд хотын хүн ам нь 100 хувь, хөдөөний иргэдийн 99 хувь нь эрчим хүч хэрэглэдэг аж. Энэхүү мэдээг “Монголын эрчим хүч 2012” чуулга уулзалтын үеэр НҮБХХ-ийн суурийн төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу хэлсэн юм.

ЭБЭХЯ-наас эрчим хүчний салбарын бодлого зорилтыг танилцуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэх “Монголын эрчим хүч–2012: Тогтвортой эрчим хүч-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалтыг Чингис хаан зочид буудалд зохион байгуулж байна. Энэхүү чуулга уулзалт эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн ойн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Чуулганд  Азийн хөгжлийн банк, Германы Техник Хамтын Ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Жайка, КОЙКА, Европын сэргээн босголтын  банк зэрэг олон улсын байгууллагууд болон “МCS Интернэшнл”,“Ньюком” групп, “Хитро Пауэр”, “Професи Коул”, “Мицуй”, “Марубени”  зэрэг гадаад, дотоодын 90 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

Ирэх жилүүдэд Монгол улсын эрчим хүчний салбар хөгжлийн шинэ шатанд гарна. Монгол улс эрчим хүчний эх үүсвэрийн арвин нөөцтэй улс. 175 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцөөс эхлээд уран, газрын тос, шатдаг занар болон нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ирэх жилүүдэд ашиглах бүрэн боломж нээгдэх юм. Эхнээсээ ч тодорхой ажлууд төлөвлөгдөж, хийгдэж эхэлжээ.

Шинээр олон цахилгаан станцууд баригдаж, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлд томоохон дэвшил гарах болно. Тухайлбал Улаанбаатар хотод 450 МВт-ын хүчин чадалтай шинэ эх үүсвэрийг барих Засгийн газрын шийдвэр гарсан. Олон улсын нээлттэй тендер зарлаж, дэлхийн нэр хүнд бүхий хоёр компани эцсийн шалгаруулалтад үлдээд байгаа аж. Шинэ эх үүсвэр 2015 онд ашиглалтад орох юм. Мөн төвийн бүсэд тус бүр 600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүт, Цайдам нуур, Чандгана талын ДЦС-уудын тусгай зөвшөөрөл олгогдож, хувийн хэвшил гадаадын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр барьж байгуулах юм байна.

Харин баруун бүсэд Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэсэн 12 МВт-ын хүчин чадалтай ДЦС барих зөвшөөрлийг олгоод байгаа бол Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн барих Тэлмэний 60 МВт-ын ДЦС-ын төслийг хэрэгжүүлэх тендерийг шалгаруулж, ирэх жил ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Зүүн бүсийн хувьдЧойбалсангийн ДЦС-ыг 100 МВт-аар өргөтгөхөөр болж, тендер зарлажээ.

Мөн говийн бүсэд Тавантолгой, Оюутолгойн ДЦС-уудыг барих Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ бүхэн нь ойрын жилүүдэд Монгол улс эрчим хүчний хэрэглээгээ бүрэн үйлдвэрлээд зогсохгүй хөрш орнууддаа экспортлох боломжтой болох юм.

Эрчим хүчний салбарын хөгжилд хамгийн том тушаа болж байгаа асуудал бол үнэ. Төрөөс цахилгаан дулааныг үнийг барьж байгаа нь энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх, ДЦС-ууд ашигтай ажиллах нөхцлийг тодорхой хэмжээгээр хааж байгаа гэхэд болно. Харин ЭБЭХ-ний сайд Д.Зоригт цахилгааны үнийг чөлөөлөх талаар шат дараалсан арга хэмжээнүүдийг авч байгаагаа онцолсон. Цаашид эрчим хүчний үнийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтоодог болно гэдгийг ч тэрбээр нэмж хэлсэн юм. Ингэснээр эрчим хүчний салбарт тээглэж байсан том тушааг авч, салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах юм. Салбарын компаниуд, хөрөнгө оруулагчид ч энэ талаар өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байв.

Мөн эрчим хүчний салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар нэлээд ахиц гарсныг чуулганд оролцогчид хэлж байсан юм.

“Монголын эрчим хүч–2012: Тогтвортой эрчим хүч-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө.

С.Болд