Future Mongolia олон улсын үзэсгэлэн яармагт оролцож буй томоохон
компаниудын төлөөллийг танилцуулж байна. Энэ удаад инженеринг
технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Siemens компанийн Монгол дахь
Төлөөлөгчийн газрын захирал Ж.Бадамдоржтой ярилцлаа.Siemens инженеринг технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлдгийн нууц нь чухам юунд оршдог юм бол? Siemens
компани нь инженеринг технологийн дэлхийн анхны компаниудын нэг бөгөөд
энэ жил манай 165 жилийн ой тохиож байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн
190 гаруй улс оронд 400-гаад мянган ажилтантай. Үүний нэг салбар нь
Монголд байгаа манай оффис юм.
Өнгөрсөн онд 96 тэрбум ам.
долларын орлого олж, 111 тэрбум долларын шинэ захиалга хүлээн авсан
бөгөөд 5.1 тэрбум долларыг судалгаа шинжилгээнд зарцуулсан нь саяхны
Монгол улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний дүн гэсэн үг л дээ.
Siemens-ийг
тодорхойлдог дараахь хэдэн зүйлс байдаг гэж хэлж болно. Эдгээр нь, 1-рт
чанар, 2-т технологийн шинэчлэл, 3-т хариуцлагатай байдал. Бидний хувьд
өөрсдийн бүтээгдэхүүн, шийдлүүдийг боловсруулахдаа эдгээрийг хэрэглэх
эцсийн хэрэглэгчдийн хувьд тэдний бизнес, үйлдвэрлэлийг үр ашигтайгаар
дэмжих, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, найдвартай ажиллагааг хангах
ёстой гэсэн шалгууруудыг тавьдаг.
Siemens их том компани л даа, тиймээс хүмүүс тэр болгон үйл ажиллагааных нь чиглэлийг бүрэн мэддэггүй байх.
2001-2004
оны хооронд манай компани 2020, 2050 он гэхэд дэлхий нийтийн хувьд ямар
асуудлууд тулгамдсан байх вэ, тэдгээрийг шийдвэрлэхэд Siemens хэрхэн
хувь нэмрээ оруулж чадах вэ? гэсэн асуултуудад хариулахаар маш том,
нарийн судалгаа хийсэн юм. Энэхүү судалгааны үр дүнд хүн амын насжилт
уртасч, хот газар төвлөрөл ихсэх бөгөөд үүнийг дагаад шаардлагатай дэд
бүтэц, тээвэр, эрчим хүчний хэрэгцээ асар нэмэгдэх тооцоо гарсан. Энэ нь
хомсдож буй байгалийн баялгийг ухаалгаар зарцуулах, тэдгээрийг орлох
шинэ технологийн эрэл хайгуул хийх, байгаль орчинд ээлтэй технологи бий
болгох шаардлагуудыг тавьж байгаа юм.
Жишээ нь, хүлэмжийн хий
түүхэнд байгаагүй хэмжээнд хүрч 2001-2010 оны хооронд XIX зуунаас хойших
хамгийн дулаан арван ажил болж бүртгэгдсэн байгаа нь дэлхийн гадаргын
дундаж температурыг 0.76С градусаар нэмэгдэхэд хүргэсэн байдаг юм байна.
Глобалчлалын хувьд, 1969 онд 10,000 олон улсын компани байсан бол 2008
онд 82,100 болж өссөн, 2030 он гэхэд хөгжиж буй улс орнууд дэлхийн нийт
бүтээгдэхүүний 3/2-г нийлүүлэх бөгөөд дэлхийн түүхий эдийн худалдааны
хэмжээ ерөнхийдөө тогтмол байгаа боловч үнэ нь жил тутам дунджаар 20
хувиар нэмэгдэж байгаа гэсэн тоонууд гарсан. Тиймээс дээрх судалгааны үр
дүнд Siemens компани өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг Эрчим
хүч, Хот ба Дэд бүтэц, Аж үйлдвэр, Эрүүл Мэнд гэсэн салбарууд дээр
төвлөрүүлж дэлхийн нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд
найдвартай, чанартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн шийдлүүдийг
боловсруулахад анхааран ажиллаж байна.
Siemens Future Mongolia
үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа хамгийн том компаниудын нэг, энд
ямар ямар чиглэлээр оролцож байгаа вэ?
Future Mongolia-ийн
эхний өдөр бид уул уурхай, аж үйлдвэрийн салбарт зориулсан Siemens Day
буюу Siemens-ийн өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Үүнд уул
уурхай, боловсруулах үйлдвэрүүд болон конвейер тээврийн шийдлүүд болон
бүтээгдэхүүнүүдийн зэрэгцээ Siemens-ийн засвар үйчилгээ, сэлбэг
хангамжийн бодлогыг танилцуулах юм.
Үйлдвэрүүд, уурхайнуудын
хувьд нэг өдөр л тоног төхөөрөмж нь ажиллахгүй сул зогсох нь санхүүгийн
хувьд маш их алдагдалтай байдаг шүү дээ. Тиймээс ч манайхан сүүлийн үед
үүнийг ойлгож чанарыг эрхэмлэн сонголтоо хийдэг болсон нь бидэнд
анзаарагдаж байгаа.
Дээрх чиглэлийн Siemens-ийн мэргэжилтнүүд
болон холбогдох удирдлагууд ХБНГУ болон БНХАУ-аас хүрэлцэн ирэх тул
монголчуудын маань хувьд тэд нартай уулзаж ярилцах, санал бодлоо
солилцож, зөвлөлдөх сайхан боломж болно гэж итгэж байгаа.
Siemens
гэхээр хүмүүс ихэнхдээ гар утас үйлдвэрлэдэг компани гэж ойлгодог.
Монголд ямар ямар салбарт Siemens-ийн бүтээгдэхүүн, технологийг хэрэглэж
байгаа вэ?Үнэхээр хүмүүс ерөнхийдөө Siemens гэхээр гар утас гэж
л голдуу мэддэг. Гэхдээ мэргэжлийн хүмүүс Siemens-ийн шийдэл, систем,
автоматжуулалт, тоног төхөөрөмжийг их сайн мэднэ л дээ. Тиймдээ ч манай
бүтээгдэхүүн байхгүй аймаг Монгол улсын хэмжээнд байхгүй гэж хэлж
болно.
Манай улсад эрчим хүч, хүнд болоод хөнгөн аж үйлдвэр,
харилцаа холбоо, эмнэлгийн салбарт монгол мэргэжилтнүүд маань
Siemens-ийн бүтээгдэхүүн, шийдлүүдийг ашиглан улс орныхоо эдийн засаг,
хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаад баяртай
байдаг.
Иймд бид бидний түнш болсон хэрэглэгчдэдээ хөрөнгө
оруулалт болоод ашиглалтын зардлын хувьд хамгийн өндөр эдийн засгийн үр
ашигтай, Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон, найдвартай ажиллагааг
хангасан шийдлүүдийг санал болгохын зэрэгцээ Монгол дахь сервис
үйлчилгээнд онцгойлон анхаарч байна. Мөн монгол мэргэжилтнүүдээ орчин
үеийн техник технологи дээр дадлагажуулан сургах, сертификатжуулан
мэргэшүүлэх талаар шат дараалсан алхмуудыг хийж байгаа.
Монголчуудын
юмны учрыг их амархан олж хурдан сурдаг чанарыг Германчуудын системтэй
нарийн тооцож, чанартай, алсыг харсан шийдэлд гаргадаг туршлагатай
хослуулан ажиллахад манай улс орны өмнө тулгамдаад байгаа асуудлуудын
нэлээдийг шийдвэрлэж болно гэж би хувьдаа боддог шүү.
Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Ярилцсан О.Хосцэцэг