Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Камерон МакРей өмнийн говьд хэрэгжүүлж буй төслийнхөө явц, цаашид хийгдэх томоохон ажлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Оюутолгой төсөл Монгол улсын эдийн засагт олон арван жилээр үр ашгаа өгөх том төсөл. Дэлхийд гуравт орох том уурхай бий болно” гээд 2010 оны дөрөвдүгээр сард бүтээн байгуулалт эхлэхэд нэг тэрбум доллар хөрөнгө оруулалт хийгдээд байсан бол одоо зургаан тэрбумд хүрч байна. Нийт 33 сарын хугацаанд хийгдэх байсан бүтээн байгуулалтыг 27 сарын дотор дуусгаж буйгаараа дэлхийн хэмжээнд “рекорд” тогтоож байгаа юм. Барилгын ажлыг ингэж хурдасгасан нь зэсийн үнэ өндөр байгаа үед баяжуулалтаа эхлүүлэхтэй холбоотой аж.
2012 оны сүүлч гэхэд Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа тогтворжиж, анхны баяжмалаа худалдан авагчдаа нийлүүлэх боломж бүрдэх юм байна. 2013 оноос өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах ба 2017 оны эхээр гүний уурхайгаас хүдэр олборлож эхлэх ажээ. Далд уурхайгаас эхний үед өдөрт 20 мянган тонн хүдэр, цаашдаа 85-90 мянган тонн хүдэр гаргаж авахаар тооцоолсон байна.
Төслийн барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд уг бүтээн байгуулалтад 9,250 монгол ажилчин ажиллаж байгааг Камерон МакРей дуулгав.
Энэ оны наймдугаар сараас баяжуулах үйлдвэрлэлээ эхлүүлэхээр тооцжээ. Үйлдвэрлэлээ эхэлж, бүтээгдэхүүн экспортлохоос өмнө 700 сая ам.долларын татвар, төлбөрийг Монгол улсын Засгийн газарт төлөх болно гэдгийг тэрээр онцолсон.
Төслийн үйл ажиллагаа анх эхлэхэд нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байсан бол 2012 он гэхэд хөрөнгө оруулалт зургаан тэрбум долларт хүрчээ. Гэхдээ далд уурхайгаас олборлолт хийж, баяжуулах үйлдвэрийг өргөтгөхөд нэмж ойролцоогоор дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж үзэж байгаа юм байна.
Камерон МакРей, энэ төслийг хөрөнгө оруулагчид бүгд өөрсдөөсөө санхүүжүүлж байгаа. Монгол улсын Засгийн газар “халааснаасаа” мөнгө гаргаагүй, тийм болохоор эрсдэлд ороогүй байгаа гэв.
Мөн тэрээр ерөнхий тооцоогоор энэ төслийн 55 хувь нь Монгол улс, 45 хувь нь хөрөнгө оруулагчдад ногдоно. Хөрөнгө оруулалтын гэрээг зургаан жилийн турш хэлэлцсэний үр дүнд Монгол улсын Засгийн газар Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшихээр болсон. Сүүлийн үед Оюутолгойн гэрээнээс болж Монгол улс 60 гаруй жилийн туршид өртэй боллоо гэж мэдээлж байгаад би хувьдаа гайхаж байна. Хэрэв гэрээ үнэхээр ийм эрсдэлтэй байсан бол Рио Тинто групп оролцохгүй шүү дээ гэж ярьлаа. Ерөөс Оюутолгой төсөл нь 2020 он гэхэд Монгол улсын эдийн засгийг 35 хувиар өсгөхөөр үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн нөлөөгөөр ДНБ-ий хэмжээ 1/3 хувиар өснө, экспортын 50 хувийг бүрдүүлнэ гэсэн олон таатай мэдээллүүдийг Камерон МакРей өгсөн юм. 2011 оны байдлаар 1,7 их наяд төгрөгийн бараа үйлчилгээг үндэсний болон орон нутгийн ханган нийлүүлэгчдээс авчээ. Монголын 1000 гаруй компани ханган нийлүүлэгчээр ажиллаж байгаа юм байна.
Оюутолгойн бүтээн байгуулалтад өдөр тутам 10,4 тэрбум төгрөгийг зарцуулж буй аж. Мөн Өмнөговь аймгийн жижиг бизнесүүдэд зээл олгох зорилго бүхий 1,5 тэрбум төгрөгийг ХААН болон Хас банкаар дамжуулан олгож байгаа аж. Монголд бүртгэлтэй гэрээт компаниуд Өмнөговьд хийгдэж буй дэд бүтцийн 12 төслийг удирдан ажиллаж байгаа аж.
Манай улсын түүхэнд хамгийн том сургалтын хөтөлбөрийг Оюутолгой компани эхлүүлж байгаагаараа онцлогтой гэж Камерон Макрей ярьлаа.
Г.Идэр