“Професи
Коул” компани “Чандгана” нүүрсний төслийнхөө дэргэд 600 МВт-ын
цахилгаан станц байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Тус компани мөн
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд орших “Улаан-Овоо” нүүрсний ордынхоо
олборлолтын үйл ажиллагааг 2010 оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн юм.
Компани “Улаан-Овоо” ордын нүүрсийг дотоодын зах зээлд нийлүүлэхэд илүү
анхаарч эхэлжээ. Сүүлийн үед “Професи”-гийн хийж буй алхмуудаас энэ нь
илүү тодорхой болж байна. Тус компанийн захирал Жон Ли “Бидний зорилго
бол ойрын хугацаанд “Улаан-Овоо” уурхайн үйл ажиллагааг Орос, Хятадын
экспортын зах зээлээс хамаарахгүйгээр ашигтай байлгах юм” гэжээ. Мөн
“Улаан-Овоо” уурхайн олборлолтын зардал буурч, бүтээгдэхүүний хэмжээ
болон үнэлгээг тогтвортой нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа
мэдэгджээ.
“Професи” компани хамгийн сүүлд Монголын шууд
ангижруулсан төмөр үйлдвэрлэлийн нэгэн компанитай нүүрс нийлүүлэх гэрээ
байгуулснаа өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн байна. Гэхдээ “Професи”
харилцагч компанийн нэрийг тодорхой дурдаагүй байна. “Професи” гэрээний
хүрээнд харилцагч компанид 5100 ккал/кг илчлэг бүхий 22100 тонн нүүрс
нийлүүлэх юм. Цаашдаа хоёр компанийн нүүрсний худалдааны хэмжээ жилдээ
300 мянган тоннд ч хүрч магадгүйг “Професи” онцолжээ. Худалдан авагч
компани жилдээ 850 мянган тонн нүүрс үйлдвэрлэлдээ ашигладаг ажээ.
“Професи”-гийн
үйл ажиллагаа явуулж буй “Улаан-Овоо” уурхайгаас 10 км-ийн зайтай
Зэлтэрийн боомт нээгдэх хугацаа улам ойртож буйг тус компани мөн онцолжээ.
Энэхүү боомтоор “Професи” Орос руу нүүрс экспортлох ажээ.
Ингэснээр”Професи”-гийн “Улаан-Овоо” ордын олборлолтын хэмжээ 1 сая
тоннд хүрэх төлөвтэй байна.
Улаан-Овоо орд нь 209 сая тонн эрчим
хүчний нүүрсний нөөцтэйг урьдчилсан байдлаар тогтоожээ. Уг ордын нүүрс
нь хүхэрлэгийн агууламж /0,40 %/ маш багатай учир компанийн хувьд
бүтээгдэхүүнээ үнэд хүргэхэд ихээхэн давуу тал болж буй юм.
Б.Төгс