Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг авах эрх нээгдлээ

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны дүйцүүлсэн үнийг тогтоосон. Иргэдэд олгох 1072 ширхэг хувьцаа нь нэг сая төгрөгтэй дүйцэх бөгөөд нэг ширхэг хувьцааны дүйцүүлэх үнийг 933 төгрөг хэмээн зарласан. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газар, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв хамтран аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хэрхэн зарах талаар саяхан мэдээлэл хийлээ.

УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 20 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, 20 хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалахаар шийдвэр гаргасан. Тиймээс Засгийн газрын 116 дугаар тогтоолоор маргаашнаас буюу зургадугаар сарын нэгнээс эхлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хүртэлх хувийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд хувь тэнцүүлэн олгож эхлэхээр болсон.

2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан 55776 компанийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас Татварын ерөнхий газарт хүргүүлсэн байна. Үүнээс 1600 орчим нь татан буугдсан, 12000 орчим нь татвар төлөөгүй гэсэн шалтгаанаар хасагдаж, 41390 аж ахуйн нэгж байгууллагад хувьцаа авах эрх нээгдэж, нэг компанид 36240 ширхэг хувьцаа ногдох юм. Компаниуд өөрсдийн харьяалагдах татварын албандаа хувьцаа худалдан авах хүсэлтээ гаргах бөгөөд Улсын төсвийн орлого хяналтын газартай харьцдаг томоохон татвар төлөгчид тухайн газартаа хүсэлтээ гаргах аж. Энэхүү хувьцааны худалдааг брокер дилерийн компаниар дамжуулах юм байна.

Хувьцааг худалдан авах хүсэлтэй компаниуд худалдан авах хувьцаанд ногдох үнийн төлбөрийг “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 3603005 тоот дансанд байршуулах юм. Үндэсний аж ахуйн нэгжүүд гэсэн ойлголтод төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компаниуд хамаарагдахгүй юм байна. Мөн 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс өмнө байгуулагдсан, улсад татвар төлж байсан компаниуд л “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдан авах эрх нээгдэж байгааг ТЕГ-аас анхаарууллаа.

Харин иргэдэд олгох 20 хувийн хувьцаанаас иргэдийн хүсэлтээр Засгийн газар худалдан авах бөгөөд Засгийн газар худалдан авсан хувьцаагаа эргүүлэн аж ахуйн нэгжүүдэд худалдах ёстой. Одоогоор нэг сая 490 мянган иргэн 1072 ширхэг хувьцаагаа Засгийн газарт нэг сая төгрөгөөр зарах хүсэлтээ ирүүлжээ. Энэ талаар ҮЦТТТХТ-ийн захирал Т.Гандулам “НХХЯ-наас хувьцаагаа нэг сая төгрөгөөр зарах иргэдийн мэдээллийг авах ёстой. Одоогоор зарим иргэд яаран шийдвэр гаргасан болохоор зарахаа больё гэж эргэж буцаж байна. Үүнийг нэг мөсөн цэгцэлчихээд иргэдээс хэчнээн ширхэг хувьцаа худалдан авахыг тогтооно. Үүний дараа тэр хувьцааг дахин аж ахуйн нэгжүүдэд зарах асуудал яригдана” гэсэн юм.

С.Болд-Эрдэнэ