Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

MMC, SGS-ийн хувьцаа өсөлттэй байна

Ази болон АНУ, Европын хөрөнгийн биржийн индексүүд одоогийн байдлаар бүгд хоёроос илүү хувийн уналттай байна. Уул уурхайн компаниудын хувьцаа ч мөн доошилж эхэлжээ. Гэхдээ “MMC”, “SGS”-ийн хувьцаа одоогийн байдлаар эсрэгээр өссөн дүнтэй байна. Учир нь энэхүү хоёр компани өнгөрсөн долоо хоногт хувьцаа эзэмшигчиддээ нүүрсний экспортын нөхцөлөө сайжруулсан тухайгаа зарласан юм. “Ухаа худаг” коксжих нүүрсний уурхайд олборлолт хийдэг “ММC”-ийн хувьд өнгөрсөн пүрэв гаригт Ухаа худаг- Гашуун сухайт чиглэлийн 267 км 1520 мм-ийн өргөн царигтай төмөр замын концессийн эрхийг авсан тухайгаа зарласан юм.

Харин “Овоот толгой”-д олборлолт явуулж буй “SGS”-ийн тухайд өнгөрсөн мягмар гаригт “Шивээ хүрэн” боомтоос Хятадын “Сэхээ” боомтын хооронд нүүрс тээвэрлэх хилийн гарцын замыг найм болгож нэмэгдүүлсэн тухайгаа зарласан юм. Тус компани энэхүү боомтын гарцаар урьд нь зөвхөн нэг л замаар нүүрсээ тээвэрлэдэг байжээ. Одоогийн байдлаар Хонконгийн биржид бүртгэлтэй “MMC”-ийн хувьцаа 0.96 хувиар өсч, 5.25 хонконг доллар байгаа бол Торонтогийн биржид бүртгэлтэй “SGS”-ийн хувьцаа 3.04 хувийн өсөлттэйгээр, 5.43 канад доллараар худалдаалагдаж байна.

Гэхдээ “Аспайр Майнинг”, “Професи”, “Айвенхоу Майнз” гэх мэт Монголын орд баялгийг “гол тугаа” болгодог компаниудын хувьцааны ханш уналттай байна. Хөрөнгийн биржийн гол индексүүд бүгд унаж буй нь зөвхөн уул уурхай төдийгүй бусад бүхий л салбарын компаниудын хувьцаа унаж буйг тод харуулсаар хэд хоног өнгөрлөө.
Дэлхийн гол гол индексүүд сүүлийн хэдэн өдөр нэлээд уналттай байгаагийн дунд Токиогийн биржийн “ТOPIX” индекс өчигдөр 2.1 хувиар доошилж сүүлийн 28 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрсэн тухай хэвлэлүүд онцолжээ.

Ийнхүү хөрөнгийн биржийн индексүүд унаж буй нь АНУ-ын ажлын байрны нийлүүлэлт тавдугаар сард тооцоолж байснаас маш цөөнөөр буюу 69 мянгаар нэмэгдсэнтэй холбоотой юм. Эдийн засгийн шинжээчдийн тайлбарлаж буйгаар сүүлийн гурван сарын турш АНУ-ын ажлын байрны нэмэгдсэн үзүүлэлт бууралттай гарч буй ажээ. Шинжээчид уг үзүүлэлт 150 мянгад хүрнэ гэж таамаглаж байсан ч ийнхүү урьдчилан тооцоолж байснаас нь хоёр дахин бага дүнтэй гарчээ. Европын өрийн хямрал, АНУ-ын эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа нь хөрөнгө оруулагчдад “эрэлт буурна” гэсэн дохио өгөөд байгаа нь тодорхой юм. Одоо эрдсийн болон хөдөө аж ахуйн түүхий эдийн зах зээл болон хөрөнгийн зах зээл бүгд савлаж эхлээд байна. Хятадын үйлчилгээний салбарын өсөлт ч буурсан дүнтэй гарсан тухай мэдээлэл өнөөдөр цацагдсанаар нэгэнт буураад байсан Брэнт маркийн газрын тосны үнэ дахин буурч 97 ам.доллар/баррель, АНУ-ын WTI маркийн газрын тос 81 ам.доллар/баррельд хүрч доошилсныг шинжээчид мөн онцолжээ.  

Б.Төгс