Монголд хоёр ч томоохон нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж буй “Професи Коал” компани Бразилийн “Вале” компанийн Монгол дахь охин компани “Тефис Майнинг” компаниас нүүрсний лицензүүдийг нь худалдан авахаар болжээ. Хоёр тал энэхүү худалдааны гэрээг Ашигт малтмалын газарт зөвшөөрөл авахаар хүргүүлээд байгаа ажээ. Энэхүү гэрээний хүрээнд Професи (CVE:PCY) нь “Тефис Майнинг”-аас “Чандгана”, “Тугалгатай” эрчим хүчний нүүрсний тусгай зөвшөөрлийг авахаар болжээ. Энэхүү лиценз бүхий хоёр талбай нь хоёул Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт оршдог үлэмж хэмжээний эрчим хүчний нүүрсний нөөц илэрсэн хэсэг юм. “Тугалгатай” лицензийн тухайд, уг хэсэгт 3 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэйг “Тефис Майнинг” 2008 оны дундуур зарлаж байжээ.
Энэхүү тусгай зөвшөөрлийн талбай дахь нүүрсний орд нь Тавантолгойн дараа орохуйц томоохон хэмжээний эрчим хүчний нүүрсний нөөцтэйг тус компани онцолдог байна. Тавантолгойн хувьд 7.4 тэрбум нүүрсний нөөцтэйн талаас илүү хувь нь эрчим хүчний нүүрс юм. Энэхүү арилжаа амжилттай болбол “Професи Коал” нь бараг 5 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэй компани болж буй юм. Одоо бол тус компанийн үйл ажиллагаа явуулдаг “Улаан овоо”, “Чандгана хавтгайн хоёр орд нийлээд 1.4 тэрбум орчим тонн эрчим хүчний нүүрсний геологийн нөөцтэй юм. Професи компани зөвхөн нүүрс олборлож экспортлохоор хязгаарлагдахгүй, 2017 онд 600 МВт-ын цахилгаан станцыг бүрэн ашиглалтад оруулж, улмаар ойрын ирээдүйд станцын хүчин чадлыг 3600 МВт болгож өргөжүүлэхээр төлөвлөж буй юм.
Б.Төгс