Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Сентерра Гоулд”-ын хувьцааны ханш 26 хувиар унав

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сентерра Гоулд” компанийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гаригт 26 хувиар унажээ. Пүрэв гаригт 11,83 канад доллараар хаагдаж байсан хувьцааны үнэ баасан гаригт 7,80 болтлоо унаж, 8,71 болж хаагдсан байна. Зах зээлийн үнэлгээ нь ч 700 гаруй сая доллараар буурчээ. Хувьцааны ханш огцом унасан шалтгаан нь Киргизстаны парламент өнгөрсөн баасан гаригт “Сентерра Гоулд” компанийн Кумторын алтны ордын талаарх Парламентын хорооны тайланг хэлэлцсэнтэй холбоотой юм.

Парламентын хорооноос Кумтор төслийн байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, нийгмийн хариуцлагын стандартыг дагаж мөрддөг эсэхийг шалгаж, тайлан гаргажээ. Уг тайланд дурдсанаар Кумторын алтны ордын ашиглалтын үйл ажиллагаанд хэд хэдэн ноцтой зөрчил гарсан гэдгийг лхагва гаригт парламентад мэдээлсэн байна.

“Сентерра Гоулд”-ын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Йан Эткинсон /Ian Atkinson/ уг тайлантай холбогдуулан мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Тайлан нь 300 гаруй хуудас болсон байсан. Уг тайлан төдийлөн үнэнд нийцэхгүй. Кумтор төсөл нь 1997 оноос хойш олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд Киргизийн хууль, мөн Киргиз болон олон улсын байгаль орчин, аюулгүй байдал, эрүүл мэндийн стандартуудыг дагаж мөрддөг Киргиз болоод олон улсад жишиг болох уурхай” хэмээн мэдэгджээ.

Кумтор алтны орд нь Киргизийн эдийн засагт ихээхэн нөлөөтэй байдаг төсөл юм. 1997 оноос хойш 1,9 тэрбум ам.долларын орлого Киргизид оруулсан бөгөөд өнгөрсөн жилд 383 сая долларын орлого Киргизийн төсөвт орсон байна.

“Сентерра Гоулд” компанийн 100 хувь эзэмшдэг Кумтор алтны орд нь Төв Азийн томоохон алтны орд юм. Уг ордоос 1997-2011 оны хооронд 8,4 сая унци буюу 240 тонн алт олборлосон байна. Өнгөрсөн жилд гэхэд 583 мянган унци буюу 16 тонн гаруй алт олборложээ. Нийт нөөцийн талаас илүүг нь олборлоод байгаа бөгөөд 6,3 сая унци алтны нөөц үлдсэн гэнэ.

С.Болд-Эрдэнэ