Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Айвенхоу Майнз нэрээ сольж, “бүл нэмэв”

“Айвенхоу Майнз” компани Захирлуудын зөвлөлд хоёр гишүүн нэмж томилохын сацуу нэрээ өөрчлөхөөр шийдвэрлэснээ өчигдөр мэдээллээ. Тус компанийн Захирлуудын зөвлөл одоогийн байдлаар 11 гишүүнтэй . Үүн дээр нэмж Уоррэн Гүүдмэн болон Рассел Робертсоныг томилсноор гишүүдийн тоо 13 болох ажээ.

Мөн “Айвенхоу Майнз” компани одоогийн нэрээ Оюутолгойн баялаг буюу Turquoise Hill Resources гэж шинэчлэхээр тогтжээ. Энэхүү шинэ нэрээ энэ оны наймдугаар сар гэхэд хүчин төгөлдөржүүлж, мөн сарын 6-ны өдрөөс эхлэн компанийнхаа хувьцааг Торонто, Нью-Йорк, Nasdaq-ийн бирж дээр TRQ гэсэн кодтойгоор худалдаалах ажээ.

“Айвенхоу Майнз” компанийн Гүйцэтгэх захирал Кэй Пристли “Энэ зургадугаар сарын байдлаар “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын ажил 90 хувьтай байгаа. Энэ оны хоёрдугаар хагаст эхний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, ирэх оны нэгдүгээр хагасаас бүтээгдэхүүнийг экспортолж эхэлнэ. Монгол, Хятадын Засгийн газар төсөлд шаардлагатай эрчим хүчийг импортлох талаар яриа хэлэлцээр хийж байгаа. Харин Хятадаас импортлох эрчим хүчний дамжуулах шугамыг тавих ажил ирэх сард дуусна” гэж мэдэгджээ.

“Оюутолгой” төслийн хувьд ойролцоогоор 150 МВт эрчим хүч шаардлагатай байгаа юм.  Цаашид төслийн хоёрдугаар үе шатыг ашиглалтад оруулахад энэ хэмжээ нэмэгдэх нь тодорхой юм. Хамгийн гол зүйл нь Монголд цахилгаан станц баригдах хүртэлх хугацаанд Хятадын талаас ямар үнээр эрчим хүч худалдаж авах нь тодорхойгүй байна. Албан бус мэдээллээр “Оюутолгой” төсөлд шаардлагатай цахилгааны үнийг 120-150 төг/квт байхаар тохиролцож магадгүй ажээ. Мэргэжилтнүүд Хятадын импортын эрчим хүч 200 орчим төг/квт байдаг гэдэг. Гэхдээ эдгээрийн аль аль нь дотоодын эрчим хүчний үнээс даруй 50-100 хувиар өндөр байгаа юм.

Б.Төгс