Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Дэлхийн уул уурхайн хуанлид бүртгэлтэй “Discover Mongolia”

10 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй “Discover Mongolia” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт наймдугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголын уул уурхайн салбарыг дэлхийд танилцуулах зорилготой энэхүү  чуулга уулзалт, үзэсгэлэнг арван жилийн өмнө зохион байгуулж байх үед оролцогчдын тоо, Монголыг сонирхох дэлхийн томчууд цөөхөн байсан нь тодорхой.

Харин өнөөдөр манай эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 65.3 хувийг геологи, уул уурхайн эрэл хайгуулын салбар эзэлж байна. Тиймдээ ч энэ удаагийн “Discover Mongolia” чуулга уулзалт өргөн хүрээг хамарч, оролцогч компани, хөрөнгө оруулагчдын тоо ч эрс нэмэгдсэн байлаа. 10 жилийн өмнөх хөрөнгө оруулагчдыг өнөөдөр Монголд байгаа компаниудын тоотой харьцуулахад 5-6 дахин бага байжээ.

Чуулга уулзалтыг зөвхөн уул уурхайн салбартай холбоотой гэж хэлж болохгүй юм. Учир нь манай улсын эдийн засагт гарч буй бодит амжилт уул уурхайн салбараас хамгийн их хамааралтай болоод байгаа билээ. Арав дахь удаагийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалтыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монголын Уул уурхайн Үндэсний Ассациацийн Хүндэт ерөнхийлөгч П.Очирбат нар нээж, илтгэл тавьсан юм. 

“Discover  Mongolia” чуулга уулзалтын гол зорилго нь Монголын эрдэс баялгийн салбарыг гадаадад сурталчлах, салбарын талаарх бодит мэдээллийг хөрөнгө оруулагчдад хүргэх, дотоодын уул уурхайн компаниуд болон лиценз эзэмшигчид хөрөнгө оруулагчаа олоход нь туслах явдал байдаг. Тиймээс дотоодын төдийгүй гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд өргөнөөр оролцож, бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, зочид төлөөлөгчдөд танилцуулахаар дэлгэсэн байлаа.

“Discover  Mongolia” чуулга уулзалт дэлхийн уул уурхайн хуанлид бүртгэлтэй бөгөөд энэ жилийн хувьд нийт оролцогчдын 80 хувийг гадаадын төлөөлөгчид эзэлж байсан нь ямархуу цар хүрээтэй, нэр хүндтэй хурал болж өргөжсөнийг харуулсан юм.

Г.Батболд