“Discover
Mongolia 2012” хөрөнгө оруулагчдын олон улсын чуулган дээр
төлөөлөгчдийн анхаарлыг ихээр татсан зарим илтгэлийг бүрэн эхээр нь
уншигч Танд хүргэе.
Тавантолгой төслийн өнөөгийн байдал
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш:1. Тавантолгойн ордын нөөц баялгийн тухай:Тавантолгой
бол ашиглалтын эхний шатандаа яваа дэлхийн хэмжээний коксжих нүүрсний
томоохон ордын нэг. “Эрдэнэс Тавантолгой” ТӨК Тавантолгойн ордын
ашиглалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ордын коксжих
нүүрсний гол хэсгийг Цанхи гэх бөгөөд зүүн хэсэгт нь “Эрдэнэс
Тавантолгой” үйл ажиллагаа эхлүүлээд байгаа. Нөөц нь 1 тэрбум гаруй
тонн. Үүний 78 хувь нь коксжих нүүрс байх боломжтой. Ашиглалт эхлээгүй
байгаа Баруун Цанхийн талбай нь нөөц баялгийн хувьд зүүнтэйгээ адил.
Бортээгийн хэсгийн хувьд Баруун Цанхийн ашиглалт тодорхой болчихвол
тодорхой хэсэгт нь олборлолт эхлүүлэх боломжтой талбай байгаа юм. Баруун
өмнөд хэсэг мөн адил. Тодорхой хэмжээний ажил хийгээд олборлолт
эхлүүлэх боломжтой. Харин Зүүн буюу Бортолгойн хэсэгт судалгаа нэмж хийх
шаардлагатай. Тэндэхийн коксжих нүүрсний илрэлүүд дээр нэмэлт судалгаа
хийсний үндсэнд ирээдүйд ашиглалтад оруулах боломжтой. Тавантолгой нь
дээр дурдсанаар зөвхөн Зүүн Цанхийн уурхай биш, Баруун, Бортээг гээд
бусад хэсгүүд дээр ашиглалтын үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой
нүүрсний нөөц баялаг ихтэй орд.
Зүүн Цанхийн талбайд хоёр
жилийн өмнө буюу 2010 оны наймдугаар сарын 27-ны өдөр “Эрдэнэс
Тавантолгой” үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2011 онд 1 сая тонн нүүрс, 2012
он гараад эхний 7 сарын байдлаар 1,7 сая тонн нүүрс олборлоод байна.
Үүний нэг хэсэг нь экспортод гарсан. Нэг хэсэг нь Цагаанхадны дамжин
өнгөрөх нүүрсний ил агуулахад, нэг хэсэг нь уурхайн дэргэдэх агуулахад
байгаа. Хөрс хуулж гаргахад бэлтгэсэн 1 сая тонн нүүрс уурхай дотроо
бий. Үндсэндээ 2012 он гараад 2,7 сая тонн нүүрсийг бэлэн болгоод байна.
Оны эцэс гэхэд 3,5-4 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй. Зүүн
Цанхийн уурхайн бүтээгдэхүүний хэмжээ жил бүр нэмэгдсээр 2016 он гэхэд
20 сая тонн нүүрс олборлодог, олон улсын түвшинд томд тооцогдох уурхай
болох зорилттой байгаа. Уурхайн үйл ажиллагаа ч харьцангуй
жигдэрлээ.
2. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааны үндсэн хүрээг томоор багцалж харвал“Эрдэнэс
Тавантолгой” компанийн үйл ажиллагаа маш өргөн хүрээтэй. Багцлаад
хэлбэл, гурван үндсэн хүрээнд үйл ажиллагаа чиглэж байна.
1.Уурхайн олборлолт, нүүрсний борлуулалт
2.Уурхай болон тээвэрлэлттэй холбоотой дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдийг эхлүүлэх
3.Дотоодын болон олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах.
Энэ гурван үндсэн хүрээнд хийх ажил асар их байна.
Дэд
бүтцийн болон үйлдвэрлэлийн төслүүдийн хувьд “Энержи ресурс”-ийнхтэй
адилхан, далайц хэмжээний хувьд маш том төслүүд байгаа. Нүүрс угаах
баяжуулах үйлдвэр, эрчим хүч, усан хангамж, төмөр зам болон авто зам
гэсэн үндсэн төслүүдийг Тавантолгой төслийн хүрээнд бие даан хэрэгжүүлэх
зайлшгүй шаардлага бий. Бүгдээрээ маш чухал төслүүд. Бүгд нэг цогц болж
байж, Монгол улсын эдийн засагт асар их нөлөө үзүүлсэн, бүс нутгийн
хэмжээнд нүүрсний зах зээл дээр томоохон байр суурь эзлэх зорилгодоо
хүрэхэд амин чухал төслүүд байгаа юм.
Нүүрс угаах баяжуулах үйлдвэрНүүрс
баяжуулах үйлдвэрийн зураг төслийг Австрали Америкийн хамтарсан компани
гүйцэтгэж байна. 2013 оны хавраас үйл ажиллагаагаа эхлүүлнэ. 2014 оны
сүүл буюу 2015 оны эхээр эхний модулийг ашиглалтад оруулахаар төлөвлөөд
ажиллаж байна. 20 сая тонн нүүрс олборлох уурхайн нүүрсийг баяжуулах
учраас хүчин чадлын хувьд асар том байх ёстой. Нийт хөрөнгө оруулалт
ойролцоогоор 580 гаруй сая ам.доллар болж байгаа. Тодорхой үе шаттайгаар
ашиглалтад орох учраас эхэн үеийн санхүүжилт дээр анхааран ажиллаж
байна.
Эрчим хүчЗасгийн газраас Тавантолгойн ордыг
түшиглэн 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих зөвшөөрөл
өгсөн. ТЭЗҮ-гээ хийж, холбогдох зөвшөөрлүүдийг аваад байна. Төслийн
техникийн болон хуулийн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байгаа. Удахгүй
санхүүгийн зөвлөхтэй болно. Ойрын үед цахилгаан станц барих
гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалт явагдана. 2013 оноос ажлаа
эхлэх бодолтой байгаа. Цахилгаан станцын хувьд санхүүжилтийн асуудал маш
чухал. Тодорхой хэмжээний санхүүжилт буюу эхлэлийн үеийн хөрөнгийг
“Эрдэнэс Тавантолгой” өөрөө гаргана. Төлөвлөж байгаа IPO тодорхой
хэмжээний эх үүсвэр болно. Хоёрт, төслийн санхүүжилтийн зээл хэлбэрээр
санхүүжүүлэх бололцоо бий. Гуравт, хувьцааны санхүүжилт хэлбэрээр мөнгө
босгох бодолтой байгаа. Ялангуяа нүүрс угаах баяжуулах үйлдвэр,
цахилгаан станцын хувьд үндсэн хэрэглэгч нь компани өөрөө учраас
хувьцааны санхүүжилт дээр онцгой анхаарч, хөрөнгө оруулагчидтай ойрын
үед холбогдож ажиллахаар төлөвлөж байна.
Тавантолгойн ордын боломж бололцоо, бэрхшээлийн талаар бидэнд нэлээд их анализ судалгаанууд бий.
Тавантолгой
бол дэлхийн хэмжээний орд. Нүүрсний нөөц баялаг арвин. Үндсэн зах зээл
нь дэргэд учраас сонирхогчид ихтэй. Компани одоогоор үйл ажиллагаагаа
эхлүүлчихсэн, олборлолт борлуулалтын ажил тасралтгүй явагдаж байгаа.
Баталгаатай худалдан авагчтай гээд тооцвол боломж маш их. Түүнийгээ
дагаад санхүүжилтийн боломж бололцоо ч ихтэй.
Сул тал буюу
шийдэх асуудал талаасаа авч үзвэл Тавантолгой маш олон асуудлыг тооцож
үзэх ёстой төсөл. Өөрөөр хэлбэл, Монгол улсын нийт иргэд, тодорхой
хэмжээний аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмшигч нь болж байгаа компани
учраас хувьцаа эзэмшигч монголчууд, Монгол улсын эрх ашгийг тэргүүн
зэрэгт дээдэлж ажиллах ёстой. Нөгөө талаасаа гадаадын хөрөнгө
оруулагчдын сонирхолтой зайлшгүй хослуулж ажиллах шаардлага бий. Иргэд,
аж ахуйн нэгж, улс төрийн хүрээнийхний үйл ажиллагаа зэргийг зайлшгүй
тооцож ажиллах ёстой.
Тэр хэрээр тодорхой бус асуудлууд ч бий.
“Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагаа явуулаад хоёр жил болох гэж байна.
Энэ хугацаанд Хүний хөгжлийн санд маш их хэмжээний хөрөнгө төвлөрүүлсэн.
Толгой компани “Эрдэнэс МГЛ”-ын хамт 418 тэрбум төгрөг төвлөрүүлсний
300 гаруй тэрбумыг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргасан. Энэ мөнгөний
дийлэнхийг нүүрсний урьдчилсан борлуулалтаас гаргасан. Бизнесийн ашгийн
төлөөх компанийн үйл ажиллагааны алтан зарчмаар бол нүүрсний урьдчилан
борлуулалтаас олсон орлогыг уурхайн үйл ажиллагаа, дэд бүтцийн төслүүдээ
эхлүүлэхэд зориулах ёстой байдаг. Гэтэл УИХ-ын Төсвийн тухай хууль,
Засгийн газрын удаа дараагийн шийдвэрүүд, Сангийн яамны байнгын шахалтын
үүднээс ийм их хэмжээний мөнгийг Хүний хөгжлийн сандаа төвлөрүүлж
байсан. ТӨК учраас эзэн нь Засгийн газар гэсэн байдлаар ханддаг.
Газар
доорх баялаг Монголын ард түмний өмч гэдэг утгаараа Тавантолгойн ордыг
ашиглаж эхлэхдээ эхнээс нь боломжийн үр ашгийг сар бүр Хүний хөгжлийн
сангаас олгодог 21,000 төгрөгөөр дамжуулан иргэддээ хүргэж байна гэдэг
философиор хандвал болох л юм. Гэтэл энэ нь компанийн санхүүгийн үйл
ажиллагаанд маш муугаар нөлөөлж байгаа учраас ийм асуудал ирээдүйд гарах
ёсгүй гэж боддог. Тиймээс аль аль талаа бодож тооцож явах ёстой зүйлийн
нэн тэргүүнд энэ асуудал орж байгаа юм.
Бас нэг асуудал нь
компанийн нэрлэсэн үнэтэй холбоотой. УИХ-аас компанийн нэрлэсэн үнийг
дүйцүүлээд тогтоох аястай шийдвэр гаргачихдаг. Энэ нь IPO хийх гэж
байгаа компанийн үнэлгээтэй шууд уялддаг учраас тодорхой бэрхшээл
үүсгэдэг.
Тавантолгойн ордын Баруун Цанхийн талбай дээр үйл
ажиллагаа явуулах нь компанийн түвшнээс давсан шийдвэр байдаг. Компани
эдийн засгийн үр өгөөжтэй байх нь Баруун Цанхитай холбоотой. Тиймээс
Баруун Цанхийн үйл ажиллагааг хүлээх харзнах тал ч байдаг.
Маш
их боломж бололцоотой том төсөл ч энэ мэтийн маш олон хүчин зүйлийг
дотоод гадаадгүй тооцож байх ёстой төсөл
юм.
3. Олон улсын хөрөнгийн бирж дээр гарах тухай: 2011
оноос олон улсын хөрөнгө оруулалтын банк, хууль, аудит, санхүү,
техникийн зөвлөхүүдтэй хамтраад чамгүй ажил хийлээ. Өнгөрсөн хугацаанд
хөрөнгийн биржид өргөн мэдүүлдэг гол баримт бичиг болох проспектусынхаа
төслийг 70-80 хувьд хүргэсэн. Компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн
чиглэлийн ажлууд нэлээд эрчтэй явсан. Гэхдээ гадаад, дотоод хүчин
зүйлээс болоод IPO хийх үйл ажиллагаа 2013 он хүртэл хойшлоод байна.
Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн бирж гэсэн гурван газарт бүртгүүлж,
хувьцаагаа арилжаална гэсэн үндсэн стратеги хэвээр байгаа. Цаг
хугацааны хувьд л ирэх жил болж хойшилсон. Энэ нь ч тодорхой
шалтгаантай.
Юуны өмнө олон улсын зах зээл маш савлагаатай, их
муу үе дээрээ ирээд байна. Ийм үед IPO хийнэ гэсэн ойлголт үндсэндээ
байдаггүй. Тиймээс ирэх жилийг хүлээхээс аргагүй.
Хоёр дахь
үндсэн шалтгаан нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хэдэн хувийг иргэд
аваад, түүнийгээ Засгийн газарт дүйцүүлж өгөөд, түүнийг нь компани аж
ахуйн нэгжүүдэд худалдаад байна вэ? Хэдэн хувийг нь хэн эзэмших, хэдэн
хувийг хөрөнгийн бирж дээр гаргах нь тодорхой бус байгаа. Хөрөнгийн бирж
дээр хувьцаагаа арилжаалах гэж байгаа компанийн хувьцаа эзэмшлийн бүтэц
маш тодорхой байх ёстой. Тиймээс тодорхой болохыг хүлээх хэрэгтэй
болоод байна.
Гуравт, Баруун Цанхийн талбай дээр уурхайн үйл
ажиллагааг хэрхэн явуулж, хэн ямар ашгийг хүртэх тухай асуудал
тодорхойгүй. Эндээс компанийн үнэлгээ тодорхой болох учиртай. Хэрвээ яг
одоо хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргана гэвэл Зүүн Цанхийн үйл
ажиллагаа явуулж байгаа уурхай дээр тулгуурлаж гарахаар болоод байгаа.
Хэтрүүлж хэлбэл, компанийн үнэлгээ тал хувиар гарна гэсэн үг юм.
4. Баруун Цанхийг хэрхэн ашиглах вэ? Тавантолгой
төслийн хүрээнд хамгийн чухалд тооцогдож байгаа Баруун Цанхийн уурхай
дээр хэн яаж үйл ажиллагаа явуулах талаар “Эрдэнэс Тавантолгой”
компанийн зүгээс санал болгох гурван хувилбар байгаа юм.
Нэгдүгээрт,
2011 онд Орос, Хятад, АНУ, Солонгос, Японы компаниуд оролцсон
консорциум байгуулах хувилбарууд үргэлжлэх үү. Хоёрдугаарт, “Эрдэнэс
Тавантолгой” компани Зүүн Цанхийн уурхайг эхлүүлсэн шигээ яг энэ
загвараар үйл ажиллагааг эхлүүлэх бүрэн боломжтой. Баруун Цанхийн
нөөцийн ТЭЗҮ бэлэн болсон. Уурхайн үйл ажиллагааг компани эхлүүлэхэд
бэлэн байгаа. Гуравдугаарт, геополитикийн хувилбараар авч үзвэл, дундын
хувилбараар явж болох юм.
Гэхдээ энэ нь компаниас давсан Засгийн
газрын түвшинд шийдэх асуудал. Сая сонгууль боллоо. Шинэ УИХ бүрдлээ.
Нэг цикл эхэлж байгаа учраас ойрын үед Засгийн газар энэ чиглэлээр
тодорхой төлөвлөгөө гаргах байх гэж бодож байна. Баруун Цанхийн ордыг
ашиглах нь Тавантолгой төслийн үндсэн асуудал. Тавантолгойн ордын тал
хувь нь л эдийн засгийн эргэлтэд орчихоод байгаа. Ордыг бүтэн ашиглаж
эхэлмээр байна. Баруун Цанхийн ордын ашиглалтыг эхлүүлснээр цаг хугацаа
алдахгүйгээр эдийн засгийн үр өгөөжийг нь олон жилээр хүртэх боломж
нээгдэх юм. Хугацаа алдаад байвал уул уурхай, барилга гээд цаг агаараас
шалтгаалдаг бизнес учраас 1-2 жилээр хойшлоод л байна.
Түүнчлэн
Тавантолгойн ордын дэд бүтэц гээд бусад төлөвлөлтийг хийхдээ иж бүрнээр
харж хийх шаардлагатай. Баруун Цанхийг хувьцаа эзэмшигч Монголын
иргэдийнхээ хувьд маш үр ашигтай байхаар ашиглах ёстой. Баруун Цанхийн
ашиглалт нь компанийн үнэлгээнд шууд нөлөөлөх учраас “Эрдэнэс
Тавантолгой” компани Баруун Цанхийн үйл ажиллагаанд давуу эрхтэй оролцох
ёстой. Гэхдээ Монгол улсын гадаад эдийн засгийн бодлогын хүчин зүйлийг
тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа.