Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

China Mining тогтвортой хөгжилд төвлөрнө

Хятадын уул уурхайн асуудалд төвлөрөн хэлэлцдэг China Mining олон улсын хурал ирэх арваннэгдүгээр сарын 3-6-нд Тяньжинд болох гэж байна. Тус үзэсгэлэнгийн зохион байгуулах баг энэ долоо хоногт хурлын энэ жилийн сэдэв батлагдсаныг зарлажээ. Хятадын Газар нутаг, эрдэс баялгийн яамнаас жил бүр зохион байгуулдаг 14 дэх удаагийн China Mining хурал нь  энэ жил  “Сорилт бэрхшээлийг даван туулахад гар гараа барилцан, тогтвортой хөгжлийг дэмжие” гэсэн үндсэн сэдэвтэйгээр зохион байгуулагдах ажээ. China Mining хурал, үзэсгэлэнгийн арга хэмжээнд 60 гаруй орны 5000 гаруй зочид төлөөлөгч цуглацгааж тус улсын уул уурхайн салбарын бодлого, ирээдүйн хөгжлийн талаар ярилцах юм. Энэ дунд орон орны төрийн өндөр албан тушаалтнууд болон уул уурхайн салбарын томоохон компаниудын удирдлага багтдаг байна.

Мөн бусад орны тухайлбал Орос, Төв азийн орнуудын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, хөгжлийн төлвийн талаар хэлэлцэх ажээ.  Уг хурлын үзэсгэлэнгийн арга хэмжээнд энэ удаа 400 гаруй компани, байгууллага өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулахаар бүртгүүлжээ. Монголын уул уурхайн салбарын экспорт бүхэлдээ Хятад руу чиглэж буй энэ үед уг хурал нь Монголын уг салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад маш чухал ач холбогдолтой юм.  Хуралтай холбоотой мэдээллийг www.china-mining.org/en цахим хуудсаар орж авна уу.