“ThyssenKrupp” нь Герман улсын үндэстэн дамнасан томоохон корпораци юм. Тус корпорацийн технологийн салбарыг хариуцсан “Uhde” компани нь нүүрсний CTL технологиор олон улсад тэргүүлэгч бөгөөд дэлхийн ийм төрлийн үйлдвэрүүдийн 70 хувийг энэ компанийн технологиор барьж байгуулсан байдаг. “Uhde” компани нь “Монголын аж үйлдвэрийн корпораци”-тай нүүрсийг хийжүүлэн шингэн түлш гаргах үйлдвэр байгуулах томоохон төсөл дээр хамтран ажиллаж байгаа юм. “ThyssenKrupp”-ийн охин компани “Uhde”-ийн худалдааны захирал Клаудио Марсикотой ярилцлаа.
Танай компани Монголын нүүрсэнд судалгаа хийж үзсэн үү? Герман, Польш хоёр нүүрсний арвин нөөцтэй. Эдгээрийн хооронд технологийн ялгаа бий юү?Монгол улсад 2007 оноос хойш нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэр байгуулах боломжийн талаар дүн шинжилгээ хийж эхэлсэн. Шинжилгээний үр дүнд CTL технологид ашиглах бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Зах зээлийн хэрэгцээнээс хамаараад дизель, хийн түлш гаргаж авах энэ судалгааг хийсэн юм.
“ThyssenКrupp” нь хэзээнээс CTL технологийг эзэмших болсон юм бэ?Нүүрс хийжүүлэх бизнесийг 1941 оноос эрхлэх болсон. Манай компани нүүрсийг эцсийн бүтээгдэхүүн болгох талаар 40 гаруй жилийн туршлагатай. Нүүрсийг шингэрүүлэх технологи бол зөвхөн нэг л арга нь. Бид хийжүүлэх технологио эхлэн ашиглаж дараа нь эцсийн бүтээгдэхүүнээс хамааран гуравдагч технологийг нэвтрүүлэн дизель, хий гэх мэт бүтээгдэхүүн гарган авдаг.
“Uhde” компани “Монголын аж үйлдвэрийн корпораци”-тай хамтран нүүрс хийжүүлэх төсөл дээр ажиллаж байгаа. Энэ төслийн явц ямархуу байна вэ?Ер нь ийм төслүүдийг хэрэгжүүлэхэд олон жил шаардагддаг. Өөрөөр хэлбэл шат шатны ангилалтай. Эхний шатанд төсөл хэрэгжих боломжтой эсэхийг судалдаг. Дараагийн шат нь эцсийн бүтээгдэхүүнээсээ хамааран үйлдвэрийн дамжлагын технологийг бий болгох юм. Тэгснээр инженерингийн ажил эхэлдэг. Төсөл одоо энэ шатандаа явж байна. Бидний найдаж буйгаар долдугаар сард эхлэх төлөвлөгөөтэй байгаа.
Үйлдвэр барихад ямар бэрхшээлүүд тулгарч болох вэ?Дэлхийн аль ч улс оронд энэ үйлдвэрийг барихад бэрхшээл тулгардаг. Монголд барьж байгаа тохиолдолд жилийн турш барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл цаг уураас хамааралтай. Тиймээс бидний хувьд хамгийн их цаг хожсон төлөвлөгөө гаргах нь чухал. Магадгүй бид барилгын ажлыг ямар ч асуудалгүй явуулахын тулд хамгийн сайн техник тоног төхөөрөмжийг оруулж ирэх замыг олох шаардлагатай байх.
“Uhde” компанийн олон улс дахь туршлагаас хуваалцана уу?Манай компанийн олон улсад хэрэгжүүлсэн хэд хэдэн томоохон төслүүд бий. Яг одоогоор Мозамбикт нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлж байна. АНУ-д транс хийжүүлэх төсөл хэрэгжүүлж, Европт эрчим хүчний хэд хэдэн цахилгаан станц бариад байна. Гэхдээ бид зөвхөн нүүрс “хувиргадаггүй”. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс химийн эцсийн бүтээгдэхүүн гаргадаг төслүүд ч бас бий.
Өнгөрсөн гуравдугаар сард Монгол улсын Ерөнхийлөгч Герман улсад айлчлах үеэрээ “ThyssenКrupp”-тэй эрчим хүчний нүүрсний төсөлд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ төсөлд хамтран ажиллахын ач холбогдол нь юу вэ?CTL нь Монголд стратегийн ач холбогдолтой төсөл юм. Хоёр улсын Засгийн газраас энэ төрлийн төслүүдийг дэмжих ойлголт адил байгаа. Германы канцлер Ангела Меркел өнгөрсөн жил Монгол улсад айлчлахдаа Санамж бичигт гарын үсэг зурсан. Харилцан айлчлалын боломжуудыг ашиглан манай компани төслийг хэрэгжүүлэх асуудлаар Монголын Засгийн газартай гарын үсэг зурсан. Энэ нь хувийн салбарынхантай хамтран ажиллах лицензийн гэрээ юм. Ерөнхийдөө, салбарын болоод төрийн зүгээс энэ төслийг хэрэгжүүлэх талаар ихээхэн дэмжлэгтэй ажиллаж байгаа.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсч байна. Ийм үед CTL технологи тогтвортой болоод ашигтай байж чадах болов уу?Бүх зүйл газрын тос, байгалийн хийн үнээс хамаарч байгаа. Бид газрын тосны үнэ нэмэгдэж байгааг ойлгож байна. Дэлхийд нүүрсний үнэ хамгийн тогтвортой байдаг. Тиймээс CTL технологийн үйлдвэрүүд нүүрсний нөөцтэй, эсвэл нүүрсний томоохон зах зээлтэй орнуудад байж ашигтай ажилладаг.
CTL технологийн үйлдвэр нь нэг тонн нүүрснээс хэдий хэмжээний шингэн түлш гаргадаг вэ?Бага оврын үйлдвэр баривал эцсийн бүтээгдэхүүн өртөг өндөртэй, илүү үнэтэй гардаг. Манай компанийн бусад туршлагаас мэдэж авсан зүйл гэвэл өдөрт 18 мянган баррель түлш гаргаж авах хүчин чадалтай үйлдвэр эдийн засгийн хувьд ашигтай байж чаддаг. Дараагаар нь 2, 3 дахь үйлдвэрүүд нэмэгдэж баригдвал “18 мянга” үржигдэх нь мэдээж. Одоогийн байдлаар Монгол улс жилдээ нэг сая тонн дизель түлш импортолж байна. CTL технологийн үйлдвэрээр эрэлтийнхээ гуравны хоёрыг хангаж чадна. Ойрын ирээдүйд Монголын эрэлт нэмэгдэх учир ирж байгаа арван жилд ийм төрлийн 2-3 үйлдвэр барих хэрэгтэй.
“ThyssenКrupp” нүүрс хийжүүлэх технологиос гадна өөр ямар төсөл дээр Монгол улстай хамтран ажиллах вэ?Бид химийн үйлдвэрийн олон төрлийн бүтээгдэхүүн санал болгодог. Монгол улстай хамтран ажиллахаар хэлэлцэж байгаа өөр нэг стратегийн төсөл бий. Дэлхийн төмөрлөгийн салбарт кокс нийлүүлэх үйлдвэр Монгол улсад ирээдүйд нэн хэрэгтэй гэдэгт бид эргэлзэхгүй итгэж байна.
Э.Оджаргал