Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Илүү гүн өрөмдлөг, өндөр шаардлагад “Элгэн” компани ямагт бэлэн

Монголд өрөмдлөгийн холбоо үүсч хөгжөөд 15 жил болжээ. Өнөөдөр өрөмдлөг, хайгуулын компаниуд ч харьцангуй олон болсон байна. Тэдгээрийн дотроос шинэ технологи, ур чадвараар ялгарч чаддаг, сүүлийн үед нэлээд өргөжин тэлээд байгаа “Элгэн” компанийн Ерөнхий захирал У.Хүрэлбаатартай ярилцлаа.

Юуны өмнө Танд Монголд уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэнд хүргэе. Жижиг том гэлтгүй уул уурхайн бүх л компани энэ түүхэн хугацаанд өөрийн гэсэн ул мөрийг үлдээсэн. Танай компанийн анх байгуулагдсан түүхээс ярилцлагаа эхэлье?

Баярлалаа. Манай компани 2005 онд гүний худаг, хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай үндэсний компани юм. Анх байгуулагдахдаа 25 орчим ажилтантай байлаа. Өнөөдөр 400 гаруй ажилтантай болж өргөжин, хайгуулын өрөмдлөгийн ажил хийж байна.

“Элгэн” компани салбартаа тодорхой байр суурь, нэр хүнд олсон нь анзаарагддаг. Манай уншигчидтай амжилтын нууцаасаа хуваалцаач?

Бид уул уурхай, геологи, хайгуулын компаниудтай байнгын харилцаатай байж, тогтвортой хамтран ажилладаг нь зах зээл дэх нэр хүнд, байр суурийн илэрхийлэл болж байгаа. Манай компанийн амжилтын гол үндэс нь чанарыг эрхэмлэсэн найрсаг хамт олон, чадварлаг монгол өрөмдөгч, инженерүүдийн маань хүч юм. Бид хамтран ажилладаг захиалагчдынхаа хүсэлтийн дагуу захиалгат ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, цаг хугацаанд нь бүрэн хүлээлгэж өгдөг учраас амжилттай сайн ажиллаж байна гэж бодож байна.

Өрөмдлөгийн ажлыг хийхэд ажиллагсдын ур чадвар өндөр байхаас гадна техник, технологийн чанар, дэвшилтэт байдал чухал. “Элгэн” ХХК ямар технологи, тоног төхөөрөмж хэрэглэдэг вэ?

Манайх өрмийн машиныхаа 90 хувийг Солонгос улсаас импортоор оруулж ирдэг. Солонгосын тоног төхөөрөмж нийлүүлэгчидтэй багагүй хугацаанд хамтран ажиллаж, харилцан зөвлөлдсөний үндсэн дээр өөрсдийн өрөмдлөгийн шаардлагад нийцсэн, Монголын нөхцөлд тохирсон өрмийн машин захиалан үйлдвэрлүүлдэг болсон. Ийнхүү хамгийн сүүлийн үеийн, шинэ, өөрийн орны онцлогт тохирсон өрөмдлөгийн машин, бусад тоног төхөөрөмжүүдийг хэрэглэн алмазан /PQ HQ NQ BQ/ болон хийн цохилтот RC өрөмдлөг, тэсэлгээний өрөмдлөгийг хийж байна. Бид 95-100 хувийн дээж авалттай ажиллаж байгаа нь сайн технологи болон сайн боловсон хүчинтэйн илрэл юм. Мөн Large Diameter буюу 152.4-203.2 мм-ийн технологийн дээжлэлд зориулагдсан өрөмдлөгийг  Монголд зөвхөн манай компани хийж байна.

Танайх голчлон ямар төрлийн өрөмдлөг буюу орд дээр ажиллаж байна вэ?

Бид голчлон нүүрсний ордууд дээр ажиллаж байна. Ер нь алт, төмөр, усны гээд олон төрлийн өрөмдлөгүүдийг хийж байсан туршлагатай. Хамтран ажилладаг “Хүннү Ресурсес”, “Энержи Ресурс”, “Их Говь Энержи”, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бусад олон захиалагчдын ажлын даалгавраар сүүлийн үед нүүрсний салбарын өрөмдлөг, хайгуулын ажлыг Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймагт түлхүү хийж байна.

Өрөмдлөг хайгуулын ажил байгаль орчинд багагүй хор хөнөөл үзүүлдэг гэдэг. Танайх байгаль орчны нөхөн сэргээлт, хамгааллын тал дээр ямар бодлого барьж ажилладаг вэ?


Бид өрөмдлөгийн ажлын байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг багасгах, үлдсэн ул мөрийг нөхөн сэргээх талаар нэлээд өргөн хүрээнд ажилладаг. Нутгийн иргэдийн байгаль орчиндоо хандах уламжлалт хандлагыг хүндэтгэн үзэж, харилцан ойлголцож байгаль орчны нөхөн сэргээлтийг хамтран хийдэг онцлогтой. Байгаль орчны чиглэлийн мэргэжлийн туршлагатай боловсон хүчнүүд ажиллаж байна.  

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд ихэнх өрмийн компаниуд улирлын чанартай ажилладаг. Танайх өвөл өрөмдлөг хийдэг үү?


Өвлийн улиралд өрөмдлөг хийх үнэхээр амар ажил биш. Гэхдээ бид Өмнөговь аймагт анх очсон цагаасаа эхлэн өвлийн өрөмдлөгийг тасралтгүй хийсээр ирсэн. Захиалагчийн хүсэлт ямар ч үед, ямар ч нөхцөлд байж болно. Ажиллагсадынхаа болон тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд өрөмдлөг хийж буй өрмийн машиныхаа гадуур халаалттай, угсардаг сэндвичин байр барьж ажилладаг. Ингэснээр ажиллагсад маань цаг агаарын хүнд нөхцөлөөс үл хамааран ажиллаж чаддаг. Харин захиалгыг биелүүлэх нь бидний үүрэг учраас ажлаас татгалзаж, удааж, сунжруулж байгаагүй.

Өрмийн мастеруудын цалин өндөр хэдий ч аюулгүй байдал, эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй гэсэн яриа байдаг. Танайх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажилладаг вэ?


Үнэхээр өрөмдлөгийн салбарын ажилчдын цалин, үнэлэмж бусад салбарын ажилчдаас харьцангуй өндөр. Гэвч өндөр цалин олголоо гээд ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хойш тавьж болохгүй шүү дээ. Манай компанийн ажилчид 28/14, 42/21 гэсэн ажил амралтын ээлжтэй ажилладаг. Ажиллагсадынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд байнгын үзлэгт хамруулж, аюулгүй байдлыг нь хамгийн өндөр түвшинд хангахыг чухалчилсаар ирсэн. Улирал бүрийн онцлогт тохирсон хөдөлмөр хамгаалалтын хувцас, хувийн хамгаалах болон анхны тусламж үзүүлэх багаж хэрэгслээр манай ажиллагсад бүрэн хангагддагийн дээр хөдөлмөр хамгааллын байнгын сургалтад хамрагдаж, мэдлэг боловсролоо дээшлүүлдэг. Бидний үнэлж чадахгүй эрсдэл ч бас гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс манайх төвлөрсөн кэмпүүд дээрээ гэрээт эмч нар ажиллуулж байна.

“Элгэн” компани анх 25 ажилтантай байгуулагдаж байсан гэсэн. Тэдгээр ажилтан, өрмийн мастеруудаас хэд нь өнөөдөр компанидаа үлдэж ажиллаж байгаа нь сонин байна?

Анх ажилд орсон 25 ажилтан маань бүгдээрээ өнөөдрийг хүртэл компанидаа ажиллаж байна. Тэдгээр ажиллагсадын маань дийлэнх нь компанийн удирдлагын түвшинд ямар нэгэн байдлаар орж ажиллах болсон. Ер нь манай компанид орсон хүмүүс урт хугацаанд тууштай ажилладаг онцлогтой. Эндээс манай ажиллагсдын хоорондын уур амьсгал, ажиллах нөхцөл байдал хэр сайн байна вэ гэдэг нь харагдана. Түүнчлэн залуустаа боломж олгож, ахиж дэвших, илүү ихийг сурахад нь үргэлж дэмждэг. Манай ихэнх мастерууд дотроосоо суралцаж, төрсөн байдагт их бахархдаг.

Бид ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдэх талаар нэлээд нээлттэй ажилладаг. Ирэх жилээс ажиллагсаддаа орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа. Эхний ээлжинд 200 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Ажиллагсдад тохиолдсон баяртай, гунигтай бүх л үйл явдлыг удирдлагын түвшинд нээлттэй хүлээж аван, хамтдаа асуудлыг шийддэг найрсаг орчинтой учраас манай компанид ажиллах сонирхол их байдаг гэж ойлгодог.



Уул уурхай хөгжихийн хэрээр салбарын мэргэжилтнүүдээс асар өндөр ур чадвар шаардах боллоо. Илүү гүн өрөмдлөг, өндөр шаардлагад “Элгэн бэлэн” гэж Та итгэлтэй хэлж чадах уу?

Манай компани илүү гүн өрөмдлөг, өндөр ур чадвар шаардсан технологид бэлэн. Өндөр чадвар шаардсан ажилд бэлдсээр ч ирсэн. Ямар ч хүнд хэцүү ажлаас бид халирахгүй хийнэ гэж итгэлтэй хэлж чадна.

Энэ дашрамд уул уурхайн салбарт хамтран зүтгэж байгаа ажилтан албан хаагчид, хамтран ажилладаг MSM, CAMS, Mongolian Diamond Tools, MDDS, Natural Stone, Sandvik Mongolia, United Mining Tools, “Шунхлай трейдинг”, “М-ойл групп”, “Авто Ойл” зэрэг нийт компани байгууллагууд, Монголын өрөмдлөгийн холбоо болон энэ салбарыг хөгжүүлж, түүхийг нь бүтээлцэж ирсэн ахмад уурхайчдадаа Монголд уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

Цаг зав гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.189.48)
    хулхи худалч улсын цаг иржээ
    2022 оны 07 сарын 08 | Хариулах
  • Хишигээ (202.55.188.42)
    Говьд худаг гаргах уу хэдэд
    2019 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.22.122)
    та нар өөрсдөө ийм болчоо юу
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
  • Ажил хийлгэх (202.170.80.25)
    Ажил хийлгэх гэсийн танай компанитай яаж холбоо барих уу
    2017 оны 12 сарын 06 | Хариулах
  • Сайн бнуу туршлагатай өрмийн мастер ажил хайж бна. (122.201.22.160)
    Сайн бнуу туршлагатай өрмийн мастер ажил хайж бнаутас88193231
    2017 оны 10 сарын 28 | Хариулах
  • zaya (59.153.115.151)
    bi tanaid gagnuurchin xiij bsan yamaa ongorson zun 40 mitr urumddug urum xiisen yamaa baaziin darga zorigoo axaas yam asuux gesen yam dugaar ni bna uu
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • би (112.72.11.67)
    танайх ажилтний анкет онлайнаар авдаг ууу авдаг бол тавиач ээ
    2015 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин (103.10.23.63)
    Гзрын тосны өрөмдлөгөөр төгөссөн хун ажид авах уу 95129888
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • ч (103.10.23.63)
    ч
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • зочин (202.126.90.58)
    элгэн компанын хаяг байршил хаана вэ
    2014 оны 02 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.10.22.49)
    end bichsen buh zuil unen shuu manaih uneheer sain compani tsaashdaa ch ene heveere baih boltugai bugded ni amjilt elgeniihan min
    2014 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.20.151)
    gagnuurchin awahuu ondor ur chadwartai dadlaga turshlagatai 99807706
    2013 оны 01 сарын 22 | Хариулах