Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Ц.Нямаа: Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна

Монгол улсын уул уурхайн салбарт тэсрэх материалын хангамж, тэсэлгээний ажлын сервис үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг анхдагч компаниудын нэг бол “Бласт” компани. Тус компани  10 гаруй жилийн турш тасралтгүй, эрчимтэй үйл ажиллагаа явуулсны дүнд үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын хангамж, үйлдвэрлэл, тэсэлгээний ажлын үйлчилгээгээрээ улсдаа тэргүүлэх зэрэгт хүрсэн компани билээ. “Бласт” компани эмульсийн тэсрэх бодисын шинэ шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулахад бэлэн болжээ.  

“Бласт” компанийн Үйлдвэр технологийн газрын дарга Ц.Нямаатай ярилцлаа.


“Бласт” компани эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэрийг удахгүй ашиглалтад оруулах гэж байгаа гэсэн. Ярилцлагын эхэнд энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

“Бласт” компани  нь 2010 онд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг, Нарийн сухайтын нүүрсний орд газарт Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг ашиглалтанд оруулж, өнөөг хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

2011 оноос  үйлдвэрийг өргөтгөх зорилгоор дэвшилтэт технологи болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэх зорилгоор тэсрэх бодисын үйлдвэрлэлийн салбартаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийг Америк улсаас худалдан авч, эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр барьж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.

Үйлдвэрийн хүчин чадал хэр байх вэ? Монголд өмнө нь барьсан үйлдвэрүүдээс юугаараа давуу онцлогтой вэ?

Шинэ үйлдвэр нь цагт дунджаар 12 тн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд тэсрэх бодисын тогтворжилт, хадгалах хугацаа, тэсрэлтийн хурд зэрэг үзүүлэлтээрээ өмнөх үйлдвэрийн бүтээгдэхүүнээс давуу талтай. Мөн эмульсийн тэсрэх бодисыг хүч нэмэгдүүлэн үйлдвэрлэх боломж гарч ирж байна. Түүгээр зогсохгүй  энэ үйлдвэрт Эмульсийн тэсрэх бодис болон Энгийн тэсрэх бодис-АНФО-г тодорхой харьцаатайгаар холин шинэ төрлийн тэсрэх бодис болох Хүнд-АНФО (heavy ANFO blends) үйлдвэрлэх боломжтой. Хүнд-АНФО-г үйлдвэрлэснээр АНФО-ны нягт ихсэх бөгөөд улмаар энерги ихсэж чулуулгийн бутлалт сайжирч, усанд тэсвэртэй чанар дээшилнэ. Эдгээр нь хэрэглэгчид өөрийн хэрэгцээнд тулгуурлан тэсрэх бодисын нэр төрлөөс сонголт хийх боломжийг олгож байгаа юм.

“Бласт” компани өмнө нь ийм төрлийн хэд хэдэн үйлдвэр барьж ашиглалтад оруулсан.  Энэ талаар бидэнд тодорхой мэдээлэл өгнө үү?


“Бласт” ХХК анх 2002 онд “Шивээ-Овоо”-д энгийн тэсрэх бодис буюу АНФО-ны үйлдвэрийг,  нийтдээ хоёр салбарт тус үйлдвэрийг байгуулаад байна. АНФО нь хамгийн өргөн хэрэглэгддэг тэсрэх бодисуудын нэг бөгөөд үнэ хямд, үйлдвэрлэхэд хялбар байдаг. Мөн 2008 онд Монголын анхны савлагаатай эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан. Энэ  үйлдвэр нь өдөрт 25 тн савлагаатай эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай. Үүнээс гадна полиэтилен уутанд 32, 70, 90, 105, 110, 120, 140, 180, 220 мм-ийн диаметр болон хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн дурын диаметрээр эмульс савлаж үйлдвэрлэх боломжтой. Байгаль орчинд хортой  хаягдал гардаггүй давуу талтай. Түүнчлэн  2010 онд Нарийн сухайт дахь үйлдвэр, 2012 онд Таван толгой дахь эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг тус тус ашиглалтанд оруулсан. Эдгээр үйлдвэр нь өдөрт 100 тн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд эмульс нь цооногт орсны дараа тэсрэх бодис болдог тул аюулгүй ажиллагааг хангасан, талбай дээр цооног цэнэглэх хурд өндөр, гар ажиллагааг хөнгөвчилсөн зэрэг давуу талуудтай.

Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр нь “Бласт” компанийн хэд дэх үйлдвэр вэ?

Өмнө дурдсанаар манай компани Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгой болон  Гурван тэс сумын Нарийн сухайтад  байрлах тэсрэх бодисын үйлдвэр агуулахын цогцолборыг барьж, ашиглалтанд оруулсан. Энэ үйлдвэр нь манай дөрөв дэх эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр юм.

Технологийн хувьд Монголын тэсрэх бодисын үйлдвэрлэлд ямар дэвшил авчрах вэ?

Уул уурхай эрчимтэй хөгжиж буй өнөө үед дэлхийд тэргүүлэх тэсэлгээний технологийг Монголд оруулж ирснээр энэ нь тэсрэх бодисын үндэсний үйлдвэрүүдийн олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлж, тус салбарын цаашдын хөгжилд томоохон дэвшлийг авчирч байгаа юм.

Үйлдвэрийг барихдаа гадны туршлагыг судалсан уу?

Канад, Австрали, Америк зэрэг тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний ажил үйлчилгээ эрчимтэй хөгжсөн олон улс орнуудын технологийг харьцуулан судалсан.  Америк улсаас оруулж ирж буй технологи нь өнөөгийн хамгийн сүүлийн үеийн инноваци шингэсэн технологи  тул бид сонгосон.

Гадаадын орнуудад голдуу тэсрэх бодисын ямар үйлдвэрүүд ажилладаг?

Ер  нь тэсрэлтийг атомын, физикийн, химийн гэсэн гурван төрөлд хувааж үздэг. Манай салбарт үйлдвэрлэгддэг тэсрэх бодисууд нь химийн урвалаар их хэмжээний хий болон дулаан ялгарч тэсрэлт явагддаг учир химийн тэсрэлтийн төрөлд багтдаг. Энэ төрөлд хамаарах үндсэн болон хоёрдогч, пропеллант төрлийн тэсрэх бодисуудыг гадаадын улсуудад үйлдвэрлэж байгаа. Хамгийн их хэмжээгээр үйлдвэрлэгддэг тэсрэх бодис нь хоёрдогч тэсрэх бодис буюу АНФО, гель, эмульсийн төрлийн тэсрэх бодисууд байдаг. Эдгээрээс манайх АНФО болон Эмульсийн тэсрэх бодисыг үйлдвэрлэдэг.

Монголд тэдгээр үйлдвэртэй эн зэрэгцэх түвшинд ажиллаж байгаа  үйлдвэр бий юу?

Монголд тэсрэх бодисын үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг, энэ салбарт олон жилийн туршлагатай компаниуд байдаг. Манай компани энэ  компаниудтай адил түвшний дэлхийд тэргүүлэх тэргүүний технологийг Монгол улсдаа нэвтрүүлж байгаадаа баяртай байна.

Цаашид “Бласт” компани тэсрэх бодисын үйлдвэрлэлийг  хөгжүүлэх тал дээр ямар ажлууд хийх вэ? Энэ чиглэлд  хийх ирээдүйн ажлуудын талаар сонирхуулбал?

 “Бласт” ХХК нь олон улсын технологиос суралцсан өөрсдийн туршлага дээр үндэслэн туршилт, судалгаа шинжилгээ хийж, түүний үр дүнд хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн Монголын тэсрэх бодисын шинэ технологийг бий болгон тэсэлгээний салбарын хөгжилд хувь нэмэрээ оруулах бодлого баримтлан ажиллана.

Ярилцлага өгсөн Танд баярлалаа