Н.Ариунтуяа
Энэ бол нүүрсээр дагнан олон улсын хурал зохион байгуулдаг “Коалтранс конференсес” компанийн Монгол улсад өгсөн үнэлгээ. Тиймдээ ч дэлхийн нүүрсний гол зангилаа газруудад зохион байгуулдаг хурлынхаа үдлэх нэг газраар Монголыг сонгожээ. Өнгөрсөн тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд “Коалтранс Монгол” буюу “Коалтранс конференсес”-ийн Монголд зохион байгуулсан хоёр дахь хурал болж өндөрлөлөө. Тогтвортой нүүрсний салбарыг хөгжүүлэх энэхүү бага хурал цувралаар үргэлжлэх бөгөөд он дуустал дэлхийн 7 оронд хийхээр товоо зарлажээ.
“Коалтранс Монгол” нь Монгол төдийгүй Азийн нүүрсний зах зээлийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг солилцож, цаашдын чиг хандлагыг таамагладгаараа үнэ цэнтэй юм. Зөвхөн нүүрсний салбар гэлтгүй дэлхийн уул уурхайн салбарт ноёлдог томоохон байгууллагуудын топ менежерүүд хурлыг зорин иржээ. Энэ удаад нүүрсний салбар дахь дэлхийн хамгийн том хэрэглэгч Хятадын эрэлт хэрэгцээ хийгээд энэ зах зээлд шинээр гарч ирсэн Монголын нүүрсний төлөв байдал, хөгжлийн чиг хандлага, хэрэгжихээр төлөвлөгдсөн томоохон төслүүдийн танилцуулгад хурал үндсэндээ чиглэсэн юм. Түүний үр дүнд 2013 онд нүүрсний зураглал ямар байх талаар тодорхой төсөөлөл бий болгох нь “Коалтранс Монгол”-ын гол зорилго. Тэрхүү төсөөлөл танд хэрхэн буухыг MMJ-ийн бэлтгэсэн багц мэдээллээс сонирхоорой.
БИД ЯМАР ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР НҮҮРСЭЭ БОРЛУУЛАХ ГЭЭД БАЙНА ВЭ? Монголын нүүрс дэлхийн анхааралд орж ирээд байгаа энэ үед Монгол улс ямар зах зээлд нүүрсээ борлуулах гээд байна вэ? Өөрөөр хэлбэл, дэлхийн нүүрсний зах зээлд Монгол хэр чинээний өрсөлдөгчидтэй вэ? Энэ асуултын хариултад ММС-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийн илтгэл чиглэсэн юм.
Австрали. Гол экспортлогч орон. 2010 онд 160 сая тонн коксжих металургийн нүүрсийг олон улсын зах зээлд нийлүүлж байсан нь 2011 онд Куинслэндийн гамшгаас хамаарч, 140 болж буурсан ч жилдээ 150-160 сая тонныг олон улсын зах зээлд нийлүүлэх чадвартай. Нийт зах зээлийн 60 хувийг эзэлдэг том тоглогч.
Канад. Ямар нэг өсөлт бууралтгүйгээр жилдээ 27-28 сая тонн коксжих нүүрс нийлүүлдэг.
АНУ. Хойд Америкийн улсуудаас АНУ-ын экспортын хэмжээ эрчимтэй өсч байгаа. Тэр хэрээр өсч байгаа Ази, Номхон далайн зах зээл рүү экспортоо тэлж байна. Үүнийг дотоодын хэрэглээ багасах тусам экспорт руу олборлогчид тэмүүлдэгтэй холбон ойлгож болно. 2008 онд 40 орчим сая тонн байсан нь 2011 онд 63 сая тоннд хүрчээ.
ОХУ. Хэлбэлзэл харьцангуй гайгүй, жилдээ 14-15 сая тонныг нийлүүлдэг. Алс Дорнодын боомтуудын хөгжил, ТрансСибирийн төмөр замын хүчин чадалтай холбоотойгоор тодорхой хэмжээнд хязгаарлагддаг. Гэвч ОХУ-ын үйлдвэрлэгчид Ази Номхон далайн хэрэглэгчдэд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байгааг сүүлийн үеийн мэдээллүүдээс харж болно.
Монгол. Энэ өрсөлдөөн дунд 2008 онд 4 сая тонныг экспортолж байсан бол сүүлийн 4 жилд 5 дахин өсч, 20 гаруй сая тонн коксжих нүүрсний экспортод хүрсэн. Гэхдээ бусад үйлдвэрлэгчидтэй харьцуулахад дийлэнх нь түүхий нүүрсний экспорт юм.
Япон. Тэргүүлэх импортлогч нь. Байгалийн баялаг тэр дундаа коксжих нүүрсний нөөцгүй учраас импортын эх үүсвэрээс 100 хувь хараат. 2008 онд 81 сая тонныг импортолж байсан ч эдийн засгийн хямрал, байгалийн гамшгаас шалтгаалан өнгөрсөн жил 69 сая тонн болж буурсан. Гэхдээ жилдээ 70 орчим сая тонн нүүрс импортлоод байх зах зээл.
БНХАУ. Эрчимтэй хөгжиж байгаа зах зээл. 2008 онд 7 сая тонн коксжих нүүрс импортолж байсан бол 2009 онд 34 сая болж огцом өссөн. 2011 онд 45 сая тонн байна.
Энэтхэг. Өсөх магадлалтай зах зээл гэж хүн бүхэн харж байгаа. Эдийн засгийн өсөлт нь нэмэгдэхийн хэрээр төмрийн үйлдвэрлэл нь нэмэгдэнэ гэж хүлээгдэж байгаа асар том зах зээл юм.
Өмнөд Солонгос. Жилийн 12 сая тонн байсан хэрэглээ нь 4 жилийн дотор 26 сая тонн болж өссөн нь эрчимтэй өсч байгаа зах зээл гэсэн тодорхойлолтыг өгч буй.
Тайвань. Жилдээ ойролцоогоор 6 сая тонн нүүрс импортолдог.
Эдгээр үндсэн 5 том импортлогч Ази Номхон далайн бүсэд байгаа учраас Монгол улс энэ зах зээл дээр тоглох боломжтой. Ялангуяа Хятадын зах зээл маш их ач холбогдолтой. Хятадын эдийн засгийн өсөлт, түүний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор манай уул уурхайн салбарын хөгжил эрс эрчимжиж байна. Ялангуяа нүүрсний салбар. 15 жилийн өмнө Тавантолгойн орд байж л байсан. Нөөц, чанар нь ч ойлгомжтой байсан. Эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг тухайн үеийн БНМАУ-ын Засгийн газар эрэлхийлж байсан ч боломж гараагүй. “Би Эйч Пи” Тавантолгойн хайгуулын лицензүүдийг эзэмшиж байсан ч эдийн засгийн үр ашиггүй байна гээд хаяад гарсан түүхтэй. Тэр үед Австралийн коксжих нүүрс нэг тонн нь 50-60 долларт хэлбэлзэж байсан бол өнөөдөр 200 орчим доллар байгаа. Түүхий эдийн үнийн өсөлтөөс гадна Хятадын төмрийн үйлдвэрлэл 150 сая тонн байсан нь 15 жилийн дараах байдлаар 700 сая тонн хүрсэн билээ. Энэ их хэрэгцээ Монголын коксжих нүүрсний салбарт асар их боломжийг нээж байна.
Ган төмрийн үйлдвэрлэл, болд төмрийн үйлдвэрлэл 2011 онд 680 сая тонн хүрсэн төдийгүй цаашид ч тогтвортой өсөх хүлээлт бий. 580 гаруй сая тонн байсан коксжих нүүрсний хэрэглээ болд төмрийн үйлдвэрлэлийг дагаад өснө.
Зөвхөн нүүрс ч биш, Монгол улсын экспортолж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнийн таамаг Хятадын эдийн засгийн байдлаас хамаарч бүрдэх нь ойлгомжтой. Жилд 5 хувийн дундаж өсөлттэй байна гэсэн таамгийг зах зээлийн судлаачид гаргаж байгаа. Энэхүү өсөлтийг хамгийн доод түвшинд буюу жилдээ 1-2 хувиар өснө гэж бодоод үзье. 500-600 сая тонн коксжих нүүрсний хэрэглээг жилдээ 1-2 хувиар өснө гэхэд л 10 гаруй сая тонноор жилдээ нэмэгдээд явна гэсэн үг. Энэ бол том тоо шүү. Энэ л эрэлтийг ханган нийлүүлэх, энэ л зах зээлд тоглох боломж Монголд, Монголын компаниудад байна. Монголын коксжих нүүрсний импорт Хятадын нийт импортын 32 хувийг эзэлж байсан бол 2011 онд 46 хувь болж өссөн. 2015 онд Хятадын коксжих нүүрсний импортын 60 гаруй хувийг Монгол улс нийлүүлэх боломжтой гэж тооцоологдож байна. Энэ бол коксжих нүүрсний Монгол гэсэн брэндийг бий болгохыг зорьж буй ММС-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийн таамаглал.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹006 дугаараас уншина уу.