Уул уурхайн салбарын өнгийг тодорхойлдог хөрөнгө оруулагчид дэлхийн өнцөг булан бүрээс Улаанбаатарыг зорин ирэх болсоор 10 дахь намраа үзэж байна. Олон улсын хөрөнгө оруулагчдын энэхүү чуулга уулзалтын цар хүрээ, агуулга жилээс жилд тэлж буйг арав дахь “Discover”-т тавигдсан илтгэлүүдийн чансаагаар шинжиж болохоор. Хайгуулын чиглэлийн илтгэлүүд эрс багасч, оронд нь бодлогын чанартай, бүс нутаг болоод олон улсын хэмжээний илтгэлүүд давамгайлан орж иржээ. Энэ өнгө аяс “Хайгуул олборлолтоос хөгжил дэвшил өөд” гэсэн шинэ урианд туссан нь илт. Уул уурхайгаас орох ирээдүйн орлогыг хөгжил рүү хэрхэн чиглүүлэх асуудлыг нухацтай хөндөх зорилгыг “Discover Mongolia 2012” агуулсан юм. Олныг нуршилгүй арав дахь “Discover” дээр яригдсан содон зүйлс юу байсныг MMJ онцолъё. Н.Ариунтуяа
“Эрдэнэс Тавантолгой” дундын хувилбарыг санал болгож байна “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Шарын гол”. Монголын эрдэс баялгийн салбар дахь олборлолтын дөрвөн өөр өнгө төрхийг илэрхийлэхүйц компаниудын илтгэлийг хуралдааны “Олборлолт” хэсэгт сонссон юм.
“Эрдэнэс Тавантолгой” хүнд нөхцөлд байна. Бизнесийн жам ёсоос гажсан буруу хандлагыг төс засгаас тулгахын хэрээр асуудал бэрхшээл хуримтлагддагийн жишээг эндээс харж болно. “Эрдэнэс Тавантолгой” гараанаас хөдөлсөн өнгөрсөн хоёр жилд 300 гаруй тэрбум төгрөгийг Хүний хөгжлийн санд төвлөрүүлжээ. Нүүрсний урьдчилан борлуулалтаас олсон орлого улстөрчдийн амлалтыг биелүүлэхээр өөр замаар жирийсэн нь энэ. Угтаа бол, энэ мөнгийг уурхайн үйл ажиллагаа, дэд бүтцийн төслүүдээ эхлүүлэхэд зориулах ёстой. Үр дүнд нь, уурхайн үйл ажиллагааг цааш явуулахын тулд компани өр зээл тавихдаа хүрчихээд байна.
“Эрдэнэс Тавантолгой”-г хүн бүр л “Энержи ресурс”-тэй харьцуулдаг. Дэлхийн коксжих нүүрсний хамгийн том орд хэмээн бахархах дуртай энэ уурхай “Энержи ресурс”-тэй харьцуулахад маш бага хүчин чадлаар ажиллаж байгаа. Өөрсдөөс үл хамаарах гадаад дотоод олон хүчин зүйлийн нөлөөнд байдаг нь компанийн үйл ажиллагаанд асуудал бэрхшээл үүсгэдгийг Б.Энэбиш захирал илтгэлдээ ний нуугүй хэлээд авсан. Тэрээр, өмнө нь хэзээ ч бэрхшээл тоочиж байгаагүй юм.
Тавантолгойг жинхэнэ утгаар нь хөдөлгөхийн тулд Баруун Цанхийн уурхайг ашиглалтад оруулах ёстой. Баруун Цанхийн уурхайг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс гурван хувилбар санал болгож буйг Б.Энэбиш захирал дэлгэн тавьсан. Эхнийх нь мэдээж, Орос, Хятад, АНУ, Солонгос, Японы компаниуд оролцсон консорциум байгуулах хувилбарыг үргэлжлүүлэх. Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” компани Зүүн Цанхийн уурхайг эхлүүлсэн загвараараа Баруун Цанхийн үйл ажиллагааг эхлүүлэх. Гуравдугаарт, дундын хувилбар. Эхний хоёр хувилбарын хувьд хангалттай яригдсан. Харин өмнө хэзээ ч сонстож байгаагүй дундын хувилбар гэж юуг хэлнэ вэ?
Энэ нь Баруун Цанхийн талбайг түшиглэн “Эрдэнэс Тавантолгой”-н охин компанийг байгуулах бөгөөд сүүлд батлагдсан хууль тогтоомжуудад нийцүүлэн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” эзэмшээд, үлдэж байгаа хувь дээр сонирхогч орнуудын хөрөнгө оруулагчдыг хувь эзэмшүүлэн оруулж ирэх хувилбар юм. Баруун Цанхийн ашиглалт компанийн үнэлгээнд шууд нөлөөлөх учраас “Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанхийн үйл ажиллагаанд давуу эрхтэй оролцох ёстой. “Эрдэнэс Тавантолгой”-н байр суурь ийм байна.
Гэхдээ ордыг бүтнээр нь эдийн засгийн эргэлтэд оруулах санаачилга Засгийн газраас ирэх учиртай. Шинэ Засгийн газраас ямар бодлого Тавантолгойн ордыг чиглэхийг өнөө таамаглахад бэрх.
Харин Монголын шинэ цагийн уул уурхайн түүхийг олон гэрэлтэй мэдээгээр өнгөлдөг “Энержи ресурс”-ийн хувьд үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл илтгэлдээ Монгол улс дахь нүүрсний уурхайн олборлолт, давуу болон сул талуудыг хөндсөн юм.
Газарзүйн байршлын хувьд хамгийн том металургийн нүүрсний хэрэглэгч зах зээлийн хажууд байгаа нь яах аргагүй Монголын нүүрсний том давуу тал. Цаашлаад Ази Номхон далайн бүсэд байрлаж байгаа Япон, Өмнөд Солонгос зэрэг сайн чанарын металургийн коксжих болон эрчим хүчний нүүрсний томоохон хэрэглэгчидтэй харьцангуй ойрхон билээ. Нөгөө талаас геологи болон уулын олборлолтын нөхцөл харьцангуй тааламжтай, том хэмжээний ил уурхайн олборлолтыг зардал багатай, ашигтай явуулах боломжтойгоос гадна чанарын хувьд Австрали болон Хятадын тэргүүлэгч коксжих нүүрсний брэндүүдтэй харьцуулах хэмжээнд байгаа нь Монголд ихээхэн боломж олгож байгааг тэрээр онцлов.
Харин бэрхшээлийн хувьд, Монгол улс далайд гарцгүй учраас нүүрс, төмрийн хүдэр зэрэг овор ихтэй уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэхэд хүндрэлтэй. Төслүүдийн хувьд дэд бүтэц хөгжөөгүй газарт байршилтай учраас тээврийн болон дэд бүтцийн хангамжийн асуудлыг төслийнхөө хүрээнд бүрэн шийдэх болдог. Түүнчлэн, Монгол улс тоглоомын дүрмээ байнга өөрчилдөг. Дотоодын аж ахуйн нэгж уул уурхайн төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгийн эх үүсвэр маш хязгаарлагдмал гээд бэрхшээлүүд бий. Монгол улсын хувьд уул уурхайн салбарыг хөгжүүлье гэвэл дараагийн өсөлтийн стратегиудыг хэрэглэх ёстой. Үүний тулд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх боломж бүрдүүлсэн татварын болон эрхзүйн орчныг бий болгосноор гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг энэ талбарт орж ирэх боломжийг бүрдүүлж өгнө хэмээн Г.Батцэнгэл захирал үзэж байна.
Дэлхийд дээгүүрт орох “Оюутолгой”-н орд газар ашиглалтад орох хоног хугацаа тоотой хэдхэн өдрөөр хэмжигдэж эхэллээ. Хамгийн эхний хүдрээ хүлээн авахад сар хүрэхгүй шахам хугацаа үлдээд байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон шуугиан дахин босч ирсэн энэ өдрүүдэд хамгийн сүүлийн үеийн технологи бүхий баяжуулах үйлдвэрээ сарын дараа ашиглалтад орох гэж буйг “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Макрей дуулгалаа. Харин шинэ үйлдвэрээс гарсан эхний бүтээгдэхүүн энэ оны сүүл буюу ирэх оны нэгдүгээр сараас экспортод гарч, эхний орлогууд орж ирэх нь сайн мэдээ юм.
Монголын хамгийн өндөр настай уурхайн нэгд тооцогдох Шарын голын уурхай нь сүүлийн жилүүдэд явуулсан эрчимтэй менежментийн үр дүнд их хэмжээний эрчим хүчний нүүрсний нөөц илрүүлээд байгаа. Тиймээс ч дунд болон урт хугацаанд олборлолтоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нүүрсийг боловсруулах, угаах, чанарыг сайжруулах чиглэлээр туршилт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэн тодорхой үе шатанд шилжээд байгааг “Шарын гол” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх танилцуулав. “Шарын гол”-ын хувьд цаашдаа экспортын зах зээл рүү гарах талаар судалгаа шинжилгээний ажил явуулж байгаа гэнэ. Уурхайн хувьд ОХУ-ын хилээс 179 км зайтай байрладаг, төмөр замаар холбогдсон гэдгээрээ Оросын төмөр замыг ашиглаж гуравдагч зах зээл рүү гарах байршлын нэн таатай нөхцөлд байдаг билээ. Транссибирийн төмөр замыг ашиглаад нийтдээ 20 удаагийн туршилтын нүүрсний ачилт хийжээ. Туршилтын ачилтаар Монголоос гарч байгаа түүхий эд ложистикийн хувьд тодорхой зайнд очих бүрэн бололцоотойг батлан харуулах зорилго агуулсан байна. Шарынголчуудын ирээдүйн зорилт нь нүүрсээ ОХУ болон цаашаа далайн зах зээл рүү гаргах бөгөөд энэ зорилтоо хэрэгжүүлэх олон төлөвлөгөө тэднийг хүлээж байна.
Хятадын гол нийлүүлэгч Монгол улс байж чадах уу? Монгол улс дэлхийн эдийн засгийн нэг хэсэг, тодруулбал, Зүүн хойд Азийн нөлөө бүхий тоглогчийн нэг болсон. Тиймээс ч “Дисковер Монгол” энэ жил бүс нутгийн асуудалд ихээхэн анхаарчээ. Монголын давуу талыг хэрхэн бүс нутгийн хэмжээнд давуу тал болгох вэ, эдийн засгаа бүс нутгийн эдийн засгийн хэрэгцээ нийлүүлэлттэй хэрхэн уялдуулан хамаатуулах вэ? Ирээдүйд хамгийн зөв байршил юу байх вэ? Эдгээр асуудлыг хөндөхийн тулд Хятад, ОХУ, БНСУ, Японы томоохон Судалгааны хүрээлэнгийн захирлуудын илтгэлийг “Зүүн хойд Ази дахь ашигт малтмалын эрэлт нийлүүлэлт“ сэдэвт хуралдаан дээр сонсохоор төлөвлөжээ.
Хачирхалтай нь, ОХУ болон Хятадын илтгэгчид хуралдаанд ирсэнгүй. Ялангуяа Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац саарч буй энэ үед “Хятад улс дахь ашигт малтмалын эрэлт нийлүүлэлт” хэмээх Хятадын илтгэгчийн илтгэл “Discover”-т оролцогчдын зүй ёсоор анхаарах агуулгатай байлаа.
Яг одоо зах зээл таагүй байна. Нүүрс экспортлогчдын хэтэвч нимгэрч эхэллээ. Арваннэгэн он Монголын нүүрс, тэр дундаа коксжих нүүрс экспортлогчдын хувьд аз хийморьтой жил байжээ. Харин арван хоёр онд урьдны аз хийморь ивээсэнгүй. Дэлхийн зах зээл дээр долдугаар сараас эхлээд нүүрсний үнэ гэрлийн хурдаар унаж эхлэв. Коксжих нүүрс экспортлогчдод энэ нь яаж тусч байгаа хийгээд цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх бол?
Энэ тухайд “Энержи ресурс”-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, гуравдагч зах зээлийг хараат бусаар дүгнэж байгаа компаниудын судалгааны үр дүнг харвал ойролцоогоор 50 сая тонн боловсруулсан нүүрсийг Хятадын зах зээлд Монгол улс нийлүүлэх боломжтой. Нийтдээ Хятадын импортын 60 хувийг нийлүүлэх боломжтой гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна.
Харин Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Рэндолф Коппа, Хятад улсын хувьд өсөлт нь буурч байгаа ч Монголын коксжих нүүрсний олборлолт ирээдүйд Хятад улсын импортод чухал нөлөө үзүүлсээр байх болно гэж зоригтойгоор мэдэгдэв. Дэлхийн эдийн засгийн хямрал болоод Евро бүсийн хямралтай холбоотойгоор Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа ч урт хугацаанд ямар дүр зураг гарахыг таамаглах нь маш чухал гээд тэрхүү таамаглалаа хуваалцсан юм. Түүний таамаглалыг хамтдаа сонирхъё.
Хятад улс 2012-2017 оны 5 жилийн төлөвлөгөөндөө 36 сая орон сууц барина гэж төлөвлөжээ. АНУ-тай харьцуулахад орон сууцжуулах үйл ажиллагаа Хятадад найм дахин хурдтай байгаа. Барилга байшин баригдахын хэрээр замын ачаалал өсдөг. Тэр хэрээр зам барих шаардлага урган гарна. Түүнчлэн Хятад улс өнгөрсөн жил 18 сая машин үйлдвэрлэсэн. Энэ жилийн эхний хагаст 11 саяыг үйлдвэрлээд байна. Дотооддоо ийнхүү машины үйлдвэрлэл хөгжүүлэх нь зэс болон бусад металын эрэлт хэрэгцээг үүсгэнэ. Орон сууц болон тээврийн салбар Хятад улсад гангийн эрэлтийг бий болгож байгаа голлох хоёр салбар нь. Гангийн үйлдвэрлэлийн өсөлтийн хувийг аваад үзвэл жилээс жилд өсөхөөр харагдаж байна. 5 жилийн төлөвлөгөөнд гангийн үйлдвэрлэлийг жилд 6 хувиар өсгөхөөр тэмдэглэжээ. Урьд өмнөх жилүүдэд гангийн эрэлт хэрэгцээ бүр 9 хувиар ч өсч байсан. Тиймээс коксжих нүүрсний хувьд эрэлт байна гэж хэлж болно. Харин энэ эрэлтийг зөвхөн дотоодоосоо хангах уу гэдэг асуулт гарч болох юм.
Дотоод дахь коксжих нүүрсний үйлдвэрлэлийг аваад үзэхэд жилдээ 380 сая тонн коксжих нүүрс олборлож байна. Гэхдээ үйлдвэрүүд нь сайн биш, уурхайнууд нь эдийн засгийн зардал ихтэй. Коксжих нүүрсний чанар муу, уурхайн аюулгүй байдал сайн хангагдаж чадаагүй гээд бэрхшээлүүд бий. Хятадад шинээр ашиглалтад орж байгаа гангийн үйлдвэрүүд нь шинэ төрлийн технологитой зуух ашигладаг. Тэр нь илүү хатуу чанарын коксжих нүүрс шаарддаг. Гэтэл дотоодын коксжих нүүрс энэ шаардлагыг хангалттай хангаж чадахгүй. Тиймээс коксжих нүүрсийг импортоор авах дүр зураг харагдаж байна.
Ийм нөхцөлд Хятад улс гол худалдан авагч гэж үзэхэд Монгол улс нийлүүлэгч болж чадах уу? Энэ асуултад тэрбээр тээвэрлэлт хамгийн гол сорилт болохыг онцолсон юм.
Японы Аояама их сургуулийн бизнесийн удирдлагын тэнхмийн профессор Нобуто Ивата, Монголын эрчим хүчний нүүрсний томоохон хэрэглэгч нь Япон улс байх боломжтой гэж үзэж байна. Гэвч энэ нь тээвэрлэлтээс ихээхэн шалтгаалах билээ. Ялангуяа Зүүн хойд Азийн Япон, Солонгосын зах зээл рүү Монголын нүүрсийг гаргахад тээврийн зардлын асуудал амаргүй. Харин Солонгосын тээврийн хүрээлэнгийн Дэд ерөнхийлөгч Ёнг Ин Вон “Монголын ашигт малтмалын тээвэрлэлтийг өргөжүүлэх олон улсын хамтын ажиллагаа” илтгэлдээ тээвэрлэлтийн амаргүй асуудлыг шийдэх ямар боломж бололцоо байж болохыг хөндлөө.
Солонгосын тээврийн хүрээлэн Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр олон улсын тээврийн хамтын ажиллагааны чиглэлээр судалгаа хийдэг. Ингэхдээ гол төлөв Засгийн газрынхаа захиалгаар ажилладаг байна. Тус хүрээлэн Монголын төмөр зам болон авто замын сүлжээний талаар судалгаа хийж байсан. Одоо агаарын тээвэр, хотын нийтийн тээвэр, ложистик болоод ногоон тээвэрлэлтийн технологийн чиглэлээр судалгаа хийж байгаа аж. Ноён Ёнг Ин Вон Монголын тээвэрлэлтийн дэд бүтцийн асуудлыг шийдэхийн тулд Монголд тээврийн хүрээлэн болон глобал дэд бүтцийн сан байгуулж болох юм гэсэн зөвлөмж өгч байна. Тээврийн хүрээлэн байгуулах нь Монголын тээврийн ирээдүйн төлөв байдлыг тодорхойлоход ихээхэн тус дөхөм болох бол глобаль дэд бүтцийн сангаар дамжуулаад томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж болно гэж төсөөллөө хуваалцлаа.
БНСУ-д ийм сан бий бөгөөд өнгөрсөн хугацаанд 1,8 тэрбум ам.долларыг Засгийн газар болоод хувийн компаниуд сандаа хуримтлуулсан байна. Сангаас ашигласан нэг жишээ нь далай доогуурх хоолойг барьж байгуулахад 900 гаруй сая ам.долларыг гаргажээ. Монголд хэрэгжиж байгаа зарим төслийг энэ сангаас санхүүжүүлж болно гэж тэрээр үзэж байна.
Мөн Солонгосын Эдийн засгийн хамтын ажиллагааны сан, Гадаад дахь барилгын зах зээлийг дэмжих сангаас Монголын дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх бололцоотойг танилцуулсан юм. Гадаад дахь барилгын зах зээлийг дэмжих сангийн жилийн төсөв нь 2 сая ам.доллар бөгөөд үүнээс алив нэг төслийн ТЭЗҮ болоод судалгааг санхүүжүүлж болох юм гэлээ.
XXI зуун бол нүүрс химийн зуун Шинэ технологийг зоригтой нэвтрүүлж, илүү өндөр үнэтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ шатанд шилжье гэсэн үгс тунхагийн чанартай биш ажил хэрэгч байдлаар сонстож эхэллээ. Энэ жилийн “Дисковер” уул уурхайгаас гадна эрчим хүчний салбар, тэр дундаа шатдаг занар, газрын тосны хайгуулын салбарыг хөндөж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг хандуулсан юм.
Урьд өмнө огт яригддаггүй байсан шатах занар, занарын хий, занарын тос үйлдвэрлэх технологийг Монголд нэвтрүүлэх боломжийн тухай ярьж эхэллээ. Нүүрсийг иж бүрэн боловсруулах, металург, кокс химийн үйлдвэрлэл рүү ороход Монголын боломж бололцоо ямар байх талаар эрэл хайгуул хийгдэж байна. Түүний илэрхийлэл нь “Монголын Алт” компанийн Технологи, судалгааны төвийн захирал Ж.Золжаргалын “Коксын хаягдал хийнээс метанол үйлдвэрлэх процесс” илтгэл байсан юм. Түлш эрчим хүч, материалын эх үүсвэр хомстож буй дэлхийд нефть байгалийн хийнээс гаргадаг бүтээгдэхүүнийг нүүрснээс үйлдвэрлэх нь технологийн хувьд бүрэн боломжтой боллоо. Харин нүүрс химийн энэ эрин зуунд Монголын боломж бололцоо ямар байх вэ гэдгийг тодорхойлсон түүний илтгэл хөрөнгө оруулагчдын анхаарлыг зүй ёсоор татсан.
Түүнчлэн Монголын төмрийн хүдрийн нөөц дээр тулгуурлаад Энэтхэг улстай хамтын ажиллагаа сайн хөгжүүлж чадвал гангийн зах зээл дээр бүс нутагтаа өрсөлдөх түвшинд хүрч болох юм гэсэн санааг Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн удирдах газрын Монгол болон Хятад дахь албан ёсны төлөөлөгч Хридаяа Мохан илэрхийлсэн бол шатдаг занарын үлэмж их нөөц байх бололцоотой Монголд түүнийг боловсруулах нь гаднаас газрын тос импортлох зардлыг асар ихээр хэмнэх боломжтойг “Жени Ойл энд Газ” компанийн ахлах зөвлөх Антон Р.Даммер илтгэлдээ хөндсөн юм.
Хөрөнгө оруулагчид дахиад л хүлээхээр шийджээ Тавдугаар сараас эхлээд хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрж эхэлсэн юм. Энэ сард УИХ-аас Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталсан билээ. Дээрх хууль батлагдсанаас үүссэн эрх зүйн орчны тодорхойгүй байдал өнөө хүртэл үргэлжилсээр. Түүн дээр сонгуулийн үр дүнд бүрдсэн Шинэ Засгийн газраас уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого ямар байх нь тодорхой бус цаг үед арав дахь “Discover” тохиож таарлаа.
Зөвхөн гадны хөрөнгө оруулалт гэлтгүй Монголын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид ч шинэ Засгийн газрын уул уурхайн салбарт хандах чиг баримжаа ямар байхыг анхааралтай ажиглаж байна.
Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг “Эдийн засагт гарч буй өсөлт хөгжил уул уурхайн салбартай нягт холбоотой. Гэхдээ уул уурхайн салбарт шинэ зохицуулалт хийх шаардлагатай байгаа” гэж “Discover”-ийн нээлт дээр хэлсэн үгэнд онцолсон юм. Шинэ зохицуулалт гэдэг үг хөрөнгө оруулагчдад асуултын тэмдэг болж үлдсэн билээ.
Магадгүй “Дисковер”-ийн арван удаагийн хурлаас хөрөнгө оруулагчид хамгийн их анхаарч харсан нь энэ удаагийн “Засгийн газрын цаг” ч байж болох. Гэвч Зохион байгуулах хорооны дарга П.Очирбатын хэлснээр, Засгийн газар бүтэц, зохион байгуулалтаа хийж дуусаагүй, хөтөлбөр, бодлогоо боловсруулж, УИХ-аар батлуулаагүй учраас энэ Засгийн газрын бодлогыг бидэнд хэлж өгөх нь битгий хэл өөрсдөө ч тодорхой ойлголтгүй байгаа цаг үе таарсан учраас хүсэн хүлээсэн хэмжээний болсонгүй.
Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улс хууль журамдаа өөрчлөлт оруулж буйг хүлээн зөвшөөрч байгаа. Гагцхүү эрхзүйн орчин тогтворгүй бас тодорхойгүй байгаа нь л тэднийг зовоож байна. Тэд идэвх гаргахгүй, байдлыг ажиглаж байна. Хөрөнгө оруулалтын орчны талаар тодорхой шийдэл гаргах мэдээллийг тэд “Дисковер”-ээс авч чадаагүй. Тиймээс тогтворгүй, тодорхойгүй нөхцөл байдал хэдий хүртэл үргэлжлэхийг хүлээхээр шийдэв бололтой. Харин хүлээх завсар Монголын уул уурхайн салбарт сөрөг нөлөөлөл бага учрах болтугай.
Үндэсний компаниудаа хөл дээрээ босч амжаагүй байтал татварын аргаар нухаж унагадаг улс төрийн бодлогыг эрс эсэргүүцэх ёстой
Уурхайчид уул уурхай руу улс төр хэтэрхий их орж буйд таатай хандахгүй байна. Сонгуулийн өмнө батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль Монгол улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байгааг “Дисковер”-т үг хэлсэн олон төлөөлөгч анхааруулж байсан. Сөргөөр нөлөөлж байна гээд чимээгүй орхимооргүй байна. Хуульд өөрчлөлт оруулах боломж бололцоо нээлттэй бий. Уул уурхайн үндэсний ассоциациар дамжуулан санаа оноогоо өргөн барья гэсэн санааг цөөнгүй нь илэрхийлсэн. Түүнчлэн коксжих нүүрс экспортолж байгаа компаниуд дээр Зорилтот татварын тухай хууль санаачлаад УИХ-д өргөн барих гэж буй нь шууд болон шууд бус утгаараа эргээд уул уурхайн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлнө. Өнөөдөр үндэсний компаниудаа хөл дээрээ босч амжаагүй байтал нь татварын аргаар нухаж унагадаг улс төрийн бодлогыг эрс эсэргүүцэж байх ёстой гэсэн хатуу шүүмж ч унаж байлаа.
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамбын уул уурхайн салбарт тулгамдаж буй нийтлэг бэрхшээлийн талаарх илтгэл энэ салбарын хэн боловч дотроо агуулж явдаг бодол санааг нь бүрэн илэрхийлсэн билээ. Энэ илтгэлийг MMJ сэтгүүл сайтдаа бүрэн эхээр нь тавьсан.
Юутай ч арав дахь “Дисковер” өндөрлөлөө. Монголын уул уурхайд нэгэн мөчлөг ард хоцорч, шинэ мөчлөг эхэлж байна. Дараа жилийн “Дисковер” дээр олон олон сайн мэдээтэй уулзъя.