Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ЕСБХБанк Оюутолгойд хөрөнгө оруулж магадгүй

Энэ сарын 6-10-ны хооронд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ)Тэргүүн дэд Ерөнхийлөгч Варел Фрийман тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж, төр засаг, бизнесийнхэнтэй уулзалт хийжээ. Уг айлчлалаар тус банкны харилцагч орон бүрт зориулан гаргадаг 3 жилийн стратегийн талаар хэлэлцүүлэг хийх  зорилготой ажээ. Тус банкны 2013-2016 оны хооронд Монголд баримтлах стратегийг ирэх жилийн дөрөвдүгээр сард батлан гаргах юм байна.

ЕСБХБанкны тухайд Монголд 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа өөрийн эх  үүсвэрийг ашиглан 900 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Хэдийгээр нийт зээлийн 80 хувь нь банк санхүү, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтцийн төслүүдэд, харин үлдсэн 20 хувь нь уул уурхайн салбарт олгогдсон ч мөнгөн дүнгийн хувьд нийт олгосон санхүүжилтийн гуравны хоёр нь ашигт малтмалын салбар руу оржээ. Уул уурхайн салбар нь үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг учир мөнгөн дүнгийн хувьд ийнхүү өндөр гарсныг банкны төлөөлөгчид тайлбарлаж байв. Гэхдээ тус банк нь Монголын эрдэс баялгийн салбарын өсөлтөд итгэлтэй байна.

Банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Валер Фрийманы тайлбарлаж буйгаар, эрдсийн түүхий эдийн үнэ угаас өсч буурч байдаг. Цаашид эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнэ өсөх нь тодорхой ажээ. Түүнчлэн ашигт малтмалын салбарт илүү бага зардлаар үр ашигтай олборлолт хийх нь чухал байдаг. Монгол дахь орд газруудын нөөц үлэмж арвин, дэлхийн хэмжээний баялаг байдаг учраас тогтвортой ашигтай ажиллах боломжтой. Мөн Монголын уурхайн үйл ажиллагааны зардал нэлээд бага байдаг нь манай улсын давуу тал гэв. Тиймээс эрдсийн түүхий эдийн үнэ буурсан ч Монгол улсын уул уурхайн салбар өрсөлдөх чадамжтай хэвээр байх боломжтойг тэрээр онцоллоо.

Үүнээс гадна тэрбээр Оюутолгой төсөл нь Монголын эдийн засагт томоохон өсөлт авчирна гэж үзэж буйгаа хэлээд уг төсөлд хөрөнгө оруулах асуудлыг судалж байгааг мэдэгдсэн юм. Гэхдээ тус банк Оюутолгой төслийн хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтад санхүүжилт хийх нөхцөлд тухайн хөрөнгийг өөрийн бус гуравдагч талын эх үүсвэрээр бүрдүүлнэ гэж үзэж буйгаа мөн илэрхийллээ.

Б.Төгс