Уул уурхайн яамнаас “Ил тод уул
уурхай” сэдвийн дор хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй мэдээлэл хийлээ. Уг
хэвлэлийн бага хуралд Уул уурхай сайд Д.Ганхуяг, дэд сайд О.
Эрдэнэбулган, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх болон бусад албаны
хүмүүс оролцсон юм.
Шинэ яам байгуулагдсан цагаасаа хууль
эрх зүй, газрын тосны бүтээгдэхүүн, стратегийн орд, гадаад харилцаа,
бичил уурхай, яамны бүтэн зохион байгуулалт гээд хэд хэдэн чиглэлээр
ажиллажээ.
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт геологи,
уул уурхайн салбарын дөрвөн жилийн зорилтуудыг тусгасан гэж холбогдох
албаны хүмүүс мэдээллээ.
Тухайлбал, эрдэс баялгийн салбарын
экспортыг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэх, бичил уурхайгаар ашигт
малтмал олборлох журмыг боловсронгуй болгох, хяналтын сайжруулах,
гадаадын шууд хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх зарчмыг
баримтлан ажиллах, уул уурхай, эрчим хүч, газрын тосны салбарт өмнө нь
байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын, бүтээгдэхүүн хуваах
гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг судалж холбогдох өөрчлөлтүүдийг
хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийх, тусгай зөвшөөрлийн
арилжаанд ил тод байдлыг бүрдүүлэх, газрын тосны үйлдвэр барих зэрэг
зорилтуудыг тусгасан аж.
Мөн Эрдэс баялгийн салбарт төрөөс
баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж байгаа гэдгийг
дуулгалаа. Уг баримт бичиг нь Монгол улсын эрдэс баялгийн салбарын
хөгжлийн дунд хугацааны болон хэтийн зорилгыг тодорхойлсон баримт бичиг
болох юм байна.
“Ил тод уул уурхай” сэдвийн дор цувралаар
явагдах хэвлэлийн хурлыг сар бүрийн эхний хоёр долоо хоногийн пүрэв
гаригийн 11 цагаас Уул уурхайн яаман дээр зохион байгуулахаар болжээ.
Д.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхээр ажиллана Уул уурхайн сайд Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.Оюутолгойн
хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аас баталсан 57-р тогтоолтой нийцүүлж,
сайжруулахыг цөөнгүй хүн шаардаж байгаа. Сайжруулах боломж хэр
харагдаж байна вэ?
Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг. 57-р тогтоолыг
төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас баталсан. УИХ-д хууль
батладаг тогтоодог, хэрэгжилтэдээ хяналт тавьдаг хоёр бүрэн эрх бий.
Засгийн газар УИХ-аас гаргасан хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.
57-р тогтоолын дагуу “Оюутолгой” компанитай гэрээ байгуулахыг өмнөх
Засгийн газарт үүрэг болгосон. Үүний зарим нь хэрэгжээгүй.
57-р
тогтоолтой холбоотой маргаан их байдаг. Энэ тогтоол үндсэн гурван
заалттай. Монголын тал 34 хувиа шууд эзэмших, Монголын талын эзэмшлийн
хэмжээг анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50-аас доошгүй хувьд
хүргэх гэх мэт. Бас нэг үүрэг нь 68 хувийн татварыг тэглэсний дараа
болон хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсны дараа “Оюутолгой”
компани өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх ёстой
байсан ч мөрдөөгүй. Гэрээн дээр өөрчлөлт оруулах УИХ-ын шийдвэрийг
хэрэгжүүлэх ёстой гэж ойлгож байгаа.
Оюутолгойн гэрээнд
өөрчлөлт оруулах санал УИХ- дээр уналаа гэж яриад байгаа. Унаагүй гэж
хэлмээр байна. Засгийн газар гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг албан
ёсоор холбогдох газруудад тавьж байгаа гэж ойлгоорой. УИХ-аас ганцхан
Оюутолгойн гэрээ биш, бүтээгдэхүүн хуваах гэрээ, тогтвортой байдлын
гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэнэ. Монгол улсад ганцхан
хөрөнгө оруулалтын гэрээ байгаа нь Оюутолгойн гэрээ. Шинэ УИХ, Засгийн
газрын шийдвэрийн дагуу Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”
групптэй хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах саналыг яамны
зүгээс бичгээр гурван удаа тавьж, хэд хэдэн уулзалт хийж байна. Энэ нь
Монгол улс, ард түмний энэ төслөөс хүртэх ашгийг бага ч гэсэн тодорхой
хэмжээгээр нэмэгдүүлэх зорилготой.
Монголын тал сайн ажиллаж, гэрээнд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй гэдгийг ойлгуултал ажиллана.
Оюутолгой
компанийн Хятадаас эрчим хүч татах хэлэлцээр юу болсон бэ. Оюутолгой,
Тавантолгой ордыг түшиглэж барих цахилгаан станцын асуудал ямар шатандаа
байгаа бол?Оюутолгой ордыг ашиглаж эхлэх дөрвөн жилийн
хугацаанд цахилгаан станцын асуудлыг шийдвэрлэсэн байх ёстой. Бидний
зүгээс санал болгож байгаа зүйл бол Тавантолгой орд дээр том цахилгаан
станц барих. Тавантолгой ордоос коксжих нүүрс экспортлож, эрчим
хүчний нүүрс нь үлдэнэ. Тиймээс Монголд хэрэгжиж буй төсөл учраас
харилцан ашигтай байх ёстой. “Та нар Хятадаас тусгайлан өндөр үнээр
цахилгаан, эрчим хүч авах хэрэггүй” гэж “Оюутолгой” компанийн
удирдлагад бид хэлж байгаа.
Одоогоор Оюутолгойн хөрөнгө
оруулагчид Хятадын Баяннуур аймгаас эрчим хүч татах хэлэлцээр хийж
байгаа. Бид ажиглагчийн байдлаар хандаж байна.
Оюутолгойн
хөрөнгө оруулалтын гэрээнд анхны хөрөнгө оруулалтыг 4,7 тэрбум
ам.доллар гэж тусгасан. Гэтэл одоо хөрөнгө оруулалт 7,1 тэрбум ам.
доллар гэсэн мэдээлэл байна. Үүнийг тодруулах ажил хийж байгаа юу?Энэ
хөрөнгө оруулалтыг аль нь анхны хөрөнгө оруулалт болох, аль нь энгийн
хөрөнгө оруулалт болохыг тодруулах шаардлага байна. Мөн далд уурхайн
хөрөнгө оруулалтад нэмэлт 3-4 тэрбум ам.доллар шаардлагатай гэж хөрөнгө
оруулагч тал хэлж байгаа. Хөрөнгө оруулалтын зардал өссөн гэж бас
ярьж байгаа. Аль ч тохиолдолд хууль, гэрээнд заасны дагуу техник эдийн
засгийн үндэслэлдээ өөрчлөлт оруулах ёстой. Одоогоор өөрчлөлт ороогүй
байгаа. Тэгэхээр зардал өсвөл ашиг багасна, анхны хөрөнгө оруулалт
нэмэгдвэл Монгол улсын зээлийн хэмжээ болон хүүгийн зардал нэмэгдэнэ.
Тиймээс энэ нь Монгол улсын эрх ашигтай холбоотой асуудал.
“Эрдэнэс
Тавантолгой” компани саяхан Баруун Цанхийн уурхайгаа нээлээ. Энэ
компани цаашид хэр тогтвортой ажиллахаар харагдаж байна вэ?Нүүрсний
үнэ жаахан уналттай байна. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компани дэд
бүтцээ барих шаардлагатай. Энэ компанийн үнэ цэнийг нэмэгдүүлье. Ганц
худалдан авагчтай байгаа тохиолдолд үгэнд нь ороод нүүрсээ хямдхан
зарахаас аргагүй байна.
Хоёр гурван худалдан авагчтай болохын
тулд төмөр замын төслүүдээ хэрэгжүүлье гэсэн бодлого баримталж байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг тоо, хэмжээнийх нь хувьд
худалдаж авах урт хугацааны гэрээнүүд хийх хэрэгтэй. Нүүрсний үнийг
тухайн үедээ шийдэх байх. Ингэж байж энэ компанийн үнэ цэнэ нэмэгдэнэ.
“Эрдэнэс
Тавантолгой” компани юунаас болоод өнөөдөр ийм байдалд орчихов
гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Эрх орны хишгийг тараахын тулд, нөгөө
талаас орлого олоогүй байхад нь татварын орлого бүрдүүлээд урсгал зардал
болгоод орхичихсон тал бий.
2012 оны сонгуулиар улс төрийн намууд бэлэн мөнгө амлаагүй учраас олон зуун жил ашиглах ордоо одооноос зөв явуулъя.
2013
оны улсын төсвийн зардалд Уул уурхайн яам маш бага мөнгө тусгасан
байсан. Ирэх жилийн хувьд танай яамаас ямар бүтээн байгуулалтуудад
голчлон анхаарах гэж байна вэ?Манай салбар бол төрийн өмчийн
оролцоотой, эсвэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ордуудаа ашиглаад
явдаг. Энэ чиглэлээр анхаарах хамгийн гол хоёр асуудал бий.
Нэгдүгээрт
нефть боловсруулах үйлдвэр барих, түүний ТЭЗҮ-ийг 2013 оны төсөвт
суулгасан байгаа. Манай яам зардал гаргахаасаа илүүтэй орлого оруулах
үүрэгтэй яам. Геологийн хайгуулд тодорхой мөнгө төсөвлөгдсөн.
Ашигт
малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд байгуулагдсан Ажлын хэсэг
боловсруулж байгаа. Хууль хэзээ олон нийтээр хэлэлцэгдэх вэ?Ерөнхийлөгчийн
санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн төсөл нь геологи,
уул уурхайн салбарын тулгуур хууль болохын тулд нягт судалж, яам
агентлагийн саналыг нэгтгэн тусгаж Ерөнхийлөгчийн Тамгын газарт
хүргүүлэхэд бэлэн болоод байгаа. Хараахан эцэслээгүй тул олон нийтэд ил
тод болоогүй байна. Иргэний танхимаар хэлэлцэгдэх үед олон нийтэд ил тод
болно гэж ойлгож байна.
Газрын тосны үйлдвэртэй болох зорилтыг Засгийн газар өмнөө тавьжээ. Хугацаандаа амжиж барих уу?Газрын
тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэхээр
Ажлын хэсэг ажиллаж байна. Техник эдийн засийн үндэслэл хийх зардлыг
2013 оны улсын төсөвт суулгасан. Манай улсад 35-42 сая тонн газрын тосны
баталгаат ашиглалтын нөөц эрдэс баялгийн нөөцийн санд бүртгэгдсэн
байдаг. Өөрийн орны энэ нөөцөд тулгуурлан нэг сая тонноос багагүй
газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөж байна.
Улсын
төсвөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон ордын лиценз төрд байх учиртай
гэсэн байр суурийг Танай яам баримталж байгаа. Энэ талаар тодруулна уу?Хайгуул
нь хийгдэж, уурхай нь ажиллаж байгаа ордуудын лицензийг шударга бус
байдлаар авсан байдаг. Тухайлбал, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний,
Эрдэнэтийн зэсийн ордын лиценз бусдад шилжсэн байдалтай байгаа. Бид
Баганнуурын нүүрсний ордын лицензийг эргүүлж олгох асуудлыг шийдлээ.
Шивээ Овоогийн нүүрсний, Эрдэнэтийн зэсийн ордын лицензийг шийдвэрлэх
болно. Стратегийн бусад ордын төрийн эзэмшлийн хэмжээг ч тогтооно.
Г.Идэр