Японы
дэлхийд алдартай Hitachi брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийг
худалдаалах, засвар үйлчилгээний төв бүхий “ЗаМайн Сервисез” компани
байгуулагдаад хоёр жил болж байна.
Монголын зах зээлд
бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргээд удаагүй байгаа ч хэрэглэгчдийнхээ
найдвартай түнш нь болсон тус компанийн хамт олон харилцагчдадаа
зориулсан талархлын өдөрлөгийг Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимд
зохион байгууллаа.
Өдөрлөгийн арга хэмжээг “ЗаМайн Сервисез”
компанийн Гүйцэтгэх захирал, ноён Сугино, тус компанийн ТУЗ-ийн дарга,
“Таван Богд Групп”-ийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, “Хитачи” корпорацийн
Ерөнхийлөгч ноён Такасэ нар нээж, хүрэлцэн ирсэн зочдод талархсан
сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон
Монголын уур уурхайн салбарын гол төлөөлөгчид энд цуглаж, санал бодлоо
солилцсон энэхүү өдөрлөгийн үеэр “Замайн Сервисез” ХХК-ийн Үйл ажиллагаа
хариуцсан захирал Ю.Ариунсайхан тус компанийн шилдгийн шилдэг
харилцагчид болох “Хангад эксплорейшн” компани болон “Алтайн Хүдэр”,
Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Leighton компанийн хамт олонд талархлын
цом гардууллаа.
Hitachi брэндийн хүнд машин механизм нь дэлхийн
уул уурхайн салбарт Япон чанар, техникийн баталгаат засвар
үйлчилгээгээрээ танигдсан ба эдүгээ дэлхийн экскаваторын зах зээлийн
тэргүүлэгч байранд, автосамосвалын зах зээлд нэгэнтээ хүчтэй өрсөлдөгч
болж чадсан билээ.
Hitachi корпораци нь уул уурхайн хүнд даацын
тоног төхөөрөмжөөр дэлхийн зах зээлийн 45 хувийг эзэлдэг. Компанийн гол
бүтээгдэхүүн нь гидравлик экскаватор, дугуйт ачигч, өөрөө буулгагч
автосамосвал болоод бусад тоног төхөөрөмжийн үйлчилгээнээс гадна
техникийн баталгаат засваруудыг гүйцэтгэдэг.
Л. Бат