Канад улсын төмөр замын инженер,
техникийн үйлчилгээ үзүүлдэг “Канарэйл” компаниас “Байгаль цаг уурын
хүйтэн нөхцөлд хүнд даацын төмөр замыг ашиглах шилдэг туршлага” сэдэвт
семинарыг өнөөдөр “Кемпинский” зочид буудалд зохион байгуулав. Канад
улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Грегории
Голдхаук семинарыг нээн үг хэлсэн нь “Канарэйл” компанийг олон улсад нэр
хүндтэйгээс гадна манай зах зээлийг сонирхож буйг илтгэсэн хэрэг
байлаа.
Тус компани нь сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхийн 75
оронд төмөр замын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай аж. “Канарэйл”
компанийн тэргүүн дэд Ерөнхийлөгч бөгөөд ерөнхий инженер Дон Гиллстром
“Төмөр замын хүчин чадал ба байгаль цаг уурын хүйтэн нөхцөлд үйл
ажиллагаа явуулах нь”, компанийн Төмөр замын ашиглалт хариуцсан захирал
Ноел Лалиберт “Хүнд даацын хөгжлийн замнал” зэрэг илтгэл тавьж, олон улс
дахь шинэ төслүүдээ танилцуулсан юм.
Манай улсад оффисоо дөнгөж
нээгээд буй тус компаниас зохион байгуулсан энэхүү семинар нь ижил
сэдвээрх бусад хуралтай харьцуулахад илүү мэргэжлийн чиглэлийн, басхүү
үр дүнтэй арга хэмжээ болов. Семинарт манай улсын төмөр замын чиглэлийн
төр захиргааны байгууллага, уул уурхайн компани, байгаль орчны
үнэлгээний төрийн бус байгууллага гээд салбар салбарын удирдлага,
мэргэжилтнүүд оролцов. Мэргэжилтнүүд шинээр баригдах төмөр замтай
холбоотой техник технологийн асуулт тавьж байсан юм.
Мигел Валеро /Канарэйл компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал/ “Канарэйл”
компани нь нэг ёсондоо төмөр замын “эмнэлэг”, харин компанийн
мэргэжилтнүүд маань “эмч нар” нь гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл төмөр
замын бүхий л асуудалд мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Компанийн төмөр замын
инжинерчлэл, техник үйлчилгээний туршлага нь Канадын томоохон төмөр
замуудын бүтээн байгуулалтын ажлаас эхлэлтэй бөгөөд дэлхийн олон улсад
уул уурхайн компаниудын төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Би
өнгөрсөн Монгол оронд анх хөл тавьсан.
Монголчууд эх орондоо
томоохон бүтээн байгуулалт хийх гэж буй хүсэл эрмэлзэл, эрч хүчтэй,
ажил хэрэгч байдал нь маш их мэдрэгдсэн. Түүнээс хойш би хэд хэдэн удаа
ирж, Монголын зах зээлд хийх боломжтой ажлуудын талаар судалснаар
боломж басхүү хэрэгцээ байгааг олж харсан. Монгол улсад уул уурхайн
салбар эрчимтэй хөгжиж, түүнийг даган эдийн засаг нь хурдацтай тэлэх энэ
үед төмөр зам барьж байгуулахад өндөр технологи, нарийн техникийн
туршлага зөвлөгөө хэрэгтэй гэж бодож байна.
Л.Пүрэвбаатар /Төмөр замын газрын дэд дарга/Бид
төмөр замыг шинээр барьж байгуулах бодлогодоо зарим нэг мэргэжлийн
асуудлын ялгааг тодорхой гаргаж чадаагүй байгаа нь энэхүү семинараас
харагдаж байна. Өнөөдөр манай улс ердийн төмөр зам ашиглаж байгаа.
Өөрөөр хэлбэл нийтийн хэрэглээний, үйлчилгээний төмөр зам юм. Гэтэл
бидний цаашид барьж байгуулахаар зорьж буй зам нь уул уурхайн төмөр зам.
Өнөөдрийн ашиглаж байгаа ердийн замаар уул уурхайн бүтээгдэхүүн
тээвэрлэхэд хүчин чадал нь хүрэхгүйгээс гадна үр ашиг нь доогуур байна.
Бидний төмөр зам барих маршрут чиглэл нь уурхайгаас боомт, хил,
үйлдвэр рүү тавигдах учир ердийн төмөр замаас стандарт, мэргэжлийн
техник технологийн хувьд өөр. Монгол улс өөрийн төмөр замын стандартыг
шинээр боловсруулах ёстой. Мөн дэлхийн тэргүүлэх стандарт, туршлагуудыг
нэвтрүүлэхээс гадна төмөр зам шинээр барих төслийн мэргэжилтнүүд маань
өнөөдрийн семинар дээр яригдаж буй стандартууд Монголд тохирох эсэх
талаар тодорхой судлах хэрэгтэй юм байна гэв.
Э. Оджаргал