Аспайр Майнинг компанийн Овоот нүүрсний төслийн техник, эдийн засгийн урьдчилсан судалгааг дахин боловсруулж дуусчээ. Энэхүү дахин боловсруулсан судалгааны дүнгээр Хөвсгөл аймаг дахь Овоот төслийн коксжих нүүрсний ордын үйл ажиллагааны зардал хамгийн байх боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Техникийн судалгаагаар Овоотын нүүрсийг олборлох зардал 36 ам.доллар/тонн байх боломжтой ажээ. Харин уурхайн олборлосон нүүрсний Хятадын хил болон Оросын боомт руу хүргэх зардал 100-130 ам.доллар/тонн байх ажээ. Аспайр Майнинг компани уг судалгааны дүгнэлтээр бол Овоотын ил уурхайн хэсгээс жилдээ 14 сая тонн, харин далд уурхайн хэсгээс 750 мянган тонн коксжих нүүрс олборлох боломжтой юм байна.
Энэхүү мэдээлэл цацагдмагц тус компанийн хувьцаа өнөөдөр Австралийн хөрөнгийн бирж дээр 16 хувиар өсч, 0.078 доллар болоод байна. Харин Монголд нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг бусад компанийн хувьцаа өнөөдрийн байдлаар дунджаар 1-3 хувийн уналттай гарч байна. Түүнчлэн сүүлийн үед Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй Turquoise Hill Resources компанийн хувьцаа нэлээд доошилсоор байгаа юм. Тurquoise-ийн хувьцаа өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр 7.33 долларын ханштайгаар арилжаалагдаж байгаа бол өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нд хувьцааны үнэлгээ нь 7.10 доллар болсон нь хамгийн доод үнэ байв. Айвенхоу Майнз буюу Turquoise Hill Resources-ийн зах зээлийн нийт үнэлгээ нэгэн үед 20 тэрбум долларт хүрээд байсан бол одоо 7.4 тэрбум доллар хүрэхгүй болтлоо буурчээ.
Б.Төгс