Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Монголд ямар дүрэм байна вэ?

Б. Алигэрмаа

Хонконгт болсон Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын (Mongolia Investment Summit-2012) үеэр Монголын хөрөнгө оруулалтын орчин, бондын арилжааны боломжийн талаар хөрөнгө оруулагчдын байр суурийг тодрууллаа.



Хөрвөгч бонд илүү ашигтай

“JP Mongolian Capital Management”-ийн
Санхүү хариуцсан захирал Шигэрү Або:



Монголд хөрөнгө оруулагчдад ямар эрсдэлүүд тулгарч байна вэ?

Юуны өмнө Монгол улс эдийн засгийн тодорхой хэмжээний бууралтад бэлтгэх хэрэгтэйг хэлэх нь зүйтэй болов уу. Хөрвөх чадвар аль ч улс орны хувьд их чухал. Монголд валютын ханшийн хэлбэлзлийн эрсдэлийг даатгуулах зах зээл байхгүй байна. Зөвхөн хоёр талын оролцоо бүхий уул уурхайн концессүүд болж өнгөрдөг. Энд аудит хийх гуравдагч тал заавал байх ёстой. Энэ тал дээр одооноос зөв чиглэлд ажиллаж эхэлж байгаа нь сайшаалтай юм. Гэхдээ хөрвөх чадварын хувьд ихийг хийх шаардлагатай.

Уул уурхайн бизнес зөвхөн тодорхой салбарынх бус, санхүү эдийн засгийн цогц асуудал. Санхүүгийн үүднээс хөрөнгө оруулалтыг хамгаалах хуулиуд гаргахаа ихэвчлэн мартдаг. Иймд Монголын Сангийн яам гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах тал дээр ажиллавал нэг шат ахих боломжтой. Хуралд оролцож байгаа төлөөлөгчид зөвхөн дан ганц уул уурхайн тухай ярих бус, түүнийг санхүү эдийн засаг, хууль зүйн салбартай холбож ярих нь зөв болов уу.

Монголын Засгийн газрын гаргахаар төлөвлөж буй бондыг манай улсад таатай нөхцөлөөр гаргах ямар боломж байна вэ?
Монголын Засгийн газрын бондын тухайд давуу тал нь эрдэс баялаг. Монголын эрдэс баялагийн салбар ч өсч дээшилж байна. Гэвч бэлэн мөнгө хаана байна вэ? Миний хувьд Монгол улс хөрвөгч бонд гаргавал илүү ашигтай гэж үзэж байна. Ямар ч үед үнэт цаас руу хөрвүүлэх боломжтой тийм бонд байх нь зөв байх.

Засгийн бондод хоёр эрсдэл бий

Канадын Элчин сайдын яамны Зөвлөх, Худалдааны хэлтсийн дарга Максим Бердичевский:



Хөрөнгө оруулагчид Монголоос ямар эрсдэлүүдийг харж байна вэ?

Одоогийн байдлаар хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн том эрсдэл нь Монголын Засгийн газрын бодлого болон үйл ажиллагааны тодорхой бус, тогтворгүй байдал юм. Сонгуулийн жил гэдгийг бид ойлгож байна. Засгийн газарт олон өөрчлөлт гарсан. Гэхдээ шинэ Засгийн газар бүрэлдэн ажиллаж байгаа өнөө үед хөрөнгө оруулагчид илүү тодорхой байдлыг хүсч байна. УИХ болон Засгийн газрын албаны хүмүүсээс гэрээний дүрэм журам ямар байхыг мэдэхийг хүсч байгаа. 

Монголын Засгийн газар хөрөнгө оруулалт татахын тулд ямар бодлого баримтлах ёстой гэж Та үзэж байна вэ?

Засгийн газар илүү тодорхой байдлыг хөрөнгө оруулагчдад мэдрүүлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид зөвхөн Монголд ч биш бусад улс оронд ч хэзээд “дүрмийн дагуу тоглох” дуртай. Мэдээж ямар дүрэмтэйг мэдэж байгаа үед шүү дээ. Миний бодлоор, яг одоо хөрөнгө оруулагчид “Монголд ямар дүрэм байна вэ?” гэж өөрсдөөсөө асууж байгаа болов уу. Байнга өөрчлөгдөөд байх шиг. Мэдээж хууль дүрэм аль нэг талд хүнд хэцүү байж болно. Гэхдээ хөрөнгө оруулагчид хөгжиж буй орны олон янзын хуульд нийцэн ажиллаж сурсан хүмүүс байдаг. Хамгийн гол нь тодорхой байдал юм. Хууль, эрх зүйн орчин, дүрэм журмын тодорхой механизм байх ёстой. Ийм байх аваас бүх зүйл тогтвортой байх төдийгүй урьдчилан төлөвлөх боломжтой. 

Уул уурхайн үндсэрхэг үзэл (mining nationalism) Монголд дөнгөж эхэлж байна уу, эсвэл төгсгөлийн шатандаа ороод байна уу? 

Миний бодлоор, Монголд нийгмийн зарим хэсэг нь төрийн мэдлийн эрдэс баялгийн хувийг нэмэгдүүлэх ёстой гэж үздэг. Монголын эрдэс баялаг төр болон ард түмний өмч мөн. Гэхдээ энэ чиг хандлага нь техник, эдийн засгийн чадамжтайгаа зөв уялдсан байх хэрэгтэй. Өнөөдөр Монголын нийгмийн эрх ашгийн үүднээс эрдэс баялгаа ашиглах нь зүйтэй. Уул уурхайн үндсэрхэг бодлого эхний шатандаа ч биш, сүүлийн шатандаа ч орж гүнзгийрчихээгүй, харин дунд шатны хавьцаа байгаа болов уу. Монголын үндэсний сонирхлын үүднээс эрүүл тогтвортой байдал хэрэгтэй ч хөрөнгө оруулагчид ч гэсэн тогтвортой, таамаглах боломжтой орчинд ажиллаж, ашиг олохын зэрэгцээ Монголын эдийн засгийг хөгжүүлэхийг хүсч байгаа.

Засгийн газраас гаргахаар төлөвлөж буй бондын төсөл амжилттай хэрэгжих болов уу?

Монголын Засгийн газрын бонд гаргах үйл явц амжилттай хэрэгжинэ гэж бодож байна. Олон орны хүмүүс Монгол улсыг нөөц боломж арвинтай гэж үздэг. Гэхдээ яг одоо хөрөнгийн зах зээл хөгжихөд Монголын өмнө тулгарч байгаа эрсдэлийн нэг нь хууль эрх зүйн орчны тодорхой бус байдал. Энэ нь стратегийн болон үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг үргээж байна. Энэ эрсдэл хоёр янзаар биеллээ олж болно. Нэгд бондын эрэлт муу байх, эсвэл бондыг гаргахын тулд Монголын Засгийн газар өндөр үнэ төлнө. Өөрөөр хэлбэл, эрэлт хязгаарлагдмал мөртлөө үнэ нь бодож байснаас өндөр байх магадлалтай. Монголын Засгийн газар Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хэрэгжүүлэх тал дээр хөрөнгө оруулагчидтай жаахан найрсаг харилцах нь чухал юм.

2013 онд дэд бүтцийн төслүүдийн бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулагчид санхүүжүүлэхийг хүсэх болов уу?

Монголын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын тухайд хөрөнгө оруулагчид санхүүжүүлэх сонирхолтой байх нь тодорхой. Монголд дэд бүтэц, тээврийн салбарын төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага асар их байгаа нь харагдаж байна. Харин 2013 онд энэ байдал үргэлжлэх үү гэдэгт харамсалтай нь хариулт өгч чадахгүй нь. Энэ асуудлыг ярихын өмнө  эхний ээлжинд хариулт шаардсан хэд хэдэн асуулт байгаа. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулийн дүнгээс хамааран Монголын Засгийн газрын бодлого, чиг хандлага өөрчлөгдөх эсэх нь тодорхой болох байх.



Дэд бүтцийн төслүүд дээр болон ханган нийлүүлэгчээр ажиллахыг хүсч байгаа

“Максвэлл Жонсон” компанийн Ерөнхий захирал Эндрью Жонсон:



Хөрөнгө оруулагчид Монголд ямар эрсдэл харж байна вэ?


Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын тухайд ямар бодлого баримталж байгаа нь, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татаж байгаа нь анхаарал татдаг. Хөрөнгө оруулах олон улс орон, олон ч боломжит газрууд дэлхийд байгаа. Миний хувьд үл хөдлөх хөрөнгө, хувьцаа худалдаж авах, эсвэл төсөлд хөрөнгө оруулахын өмнө ямар боломжууд байна вэ, ашгийн хэмжээ, мөн мэдээж Засгийн газрын дэмжлэг бий юү, улс орны дотоод нөхцөл, тэр тусмаа тогтвортой байдал зэрэг хүчин зүйлсийг онцгой анхаарч байна. Ашигт малтмалаар баялаг австраличуудын хувьд бид Монголыг баялаг арвин, боломж ихтэй орон гэж хардаг.

Засгийн газар хөрөнгө оруулагчдыг татахын тулд ямар бодлого баримтлах нь оновчтой гэж Та үздэг вэ?

Монголын Засгийн газар удахгүй дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх бонд гаргах гэж байгаа нь хөрөнгө оруулагчдын хувьд таатай мэдээ юм. Чуулганд оролцож буй шинэ хөрөнгө оруулагчидтай хэрхэн хамтран ажиллах боломжтой, мөн өмнөх хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээнийхээ дагуу ажиллах эсэх, Монголын тал гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг ижил түвшинд хамгаалах талаар хэлэлцвэл аль аль талдаа таатай байх болов уу.

2013 оноос өрнөж эхлэх дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулагчид санхүүжүүлэхийг хүсч байна уу?

Мэдээж сонирхож байгаа. Дэд бүтцийн төслүүд болон уул уурхайн компаниудын ханган нийлүүлэгчээр ажиллахыг хүсч байгаа. Үл хөдлөх хөрөнгийн тухай хүмүүс илтгэл тавилаа. Тэд Монголд арилжааны зориулалттай байшин барилгууд худалдаж авах маш их сонирхолтой  байна. Мэдээж эхлээд ашиг, хөрөнгийн өсөлт гэх мэт асуудлыг судлах хэрэгтэй. Бусад оронтой харьцуулахад Монгол улс энэ жил ДНБ-ий өсөлт 12 хувьтай байгаа нь их сайн үзүүлэлт юм. Би удахгүй Монголд очно. Газар дээр нь очиж танилцаж, хүмүүстэй уулзаж ярилцах нь их чухал гэж бодож байна.

Resourse nationalism олон нийтийн дунд бий болно

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт:



Mining nationalism гэсэн үгийг гадныхан их ярьж байна. Ийм үзэл Монголд эхэлж байгаа юм уу, сүүлийн шатандаа явж байна уу? 

Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт дээр хөндөж буй хамгийн том сэдэв бол энэ. Монгол улсын өнгөрсөн 20 жилийн эдийн засгийг харахад сүүлийн 3-4 жилд эдийн засаг огцом өслөө. Огцом өсөлтийн шалтгаан нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хүчин чармайлалт байсан. Уул уурхай, дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалт салбар бүрт орлоо. Хүмүүсийн эргэлзэж байгаа нэг зүйл бий. Энэ том хөрөнгө оруулалтуудад  Монголын Засгийн газар үргэлжлүүлэн нааштай хандаж чадах уу гэдэг асуулт.

Миний бодлоор гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах төр, засгийн бодлого хэвээр үргэлжлэх байх. Яагаад гэвэл өнөөдөр нэг үеэ бодвол уул уурхайн салбарт томоохон өөрчлөлтүүд гарч, том хөгжил бий болсны дараа хүмүүсийн хүлээлт өндөр байна. Томоохон уул уурхайн төслүүд хэрэгжиж эхлэхээр амьдрал тэр дороо өөрчлөгдөж, өргөс авсан юм шиг болно гэж хүлээгээд байгаа юм. Нөхцөл байдлаа илүү ойлгож 5-8 жил тогтвортой өсөлттэй байж гэмээнэ чанарын өөрчлөлт гаргаж чадна гэдгийг олон нийт, Засгийн газар, улстөрчид бүгд ойлгох ёстой. Үүний тулд улстөрчид, намууд өөрсдийн амлаж буй зүйлдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Эцсийн дүндээ хүмүүсийн хүлээлт гэдэг нь зүгээр гараад ирсэн зүйл биш. Намууд, улстөрчид дэвэргэж байгаад гол учир байгаа юм. Үүнийг хүмүүст зөв ойлгуулах, энэ ташаа ойлголтыг засах оролдлого өнгөрсөн сонгуулиар ч харагдлаа. Их хэмжээний мөнгөний амлалт намуудын мөрийн хөтөлбөрт ажиглагдсангүй. Энэ бодлогоо цаашдаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Үүний үр дүнд Resourse nationalism олон нийтийн дунд бий болно. Энэ юу гэсэн үг вэ гэхээр түүхийн эдийн үндсэрхэг үзэл юм. Энэ төлөвшөөд ирвэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын асуудал аяндаа шийдэгдэнэ.

Хагас жилийн турш гадаадын компаниуд Монголд хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгдөхийг хүлээж байна. Энэ тал дээр Таны байр суурь ямар байна вэ?


Чуулга уулзалтыг анзаарахад өмнөх жилүүдийнхээс нэг зүйл өөрчлөгджээ. Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалтын хуулийн талаар хүмүүс асуулт асууж байна. Энэ хуулийн тухайд зарим хөрөнгө оруулагч буруу ойлголттой байна. Зарим нь шүүмжлэлтэй хандаж байна. Бидний хувьд нэг зүйлийг ойлгох ёстой.  Хөрөнгө оруулалтыг зохицуулсан хууль Монголд хэрэгтэй гэдгийг гадныханд ойлгуулах ёстой. Монгол улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой уул уурхай болон дэд бүтцийн төслүүд байна. Жишээ нь нэг уул уурхайн төсөл Монгол улсын нийт эдийн засагтай адил, эсвэл том байгаа. Ийм том төсөлд хэн хөрөнгө оруулж, хэн удирдаж байгааг  төр, засаг мэдэх ёстой. Ийм хууль байгаагүй учраас зарим төсөлд асуудал гарсан. Тийм учраас хуулиа Монгол улс гаргаж байгаа юм.

Нөгөө талаас татварын орчин байна. Уул уурхайн томоохон төслүүд дээр бизнесийн хүрээнд янз бүрийн гэрээ хийж, өөр хоорондоо зарж байхад төр засаг татвар авч чаддаггүй орчинтой байсан. Энэ бүгдийг засах гэж уг хуулийг гаргасан. Гэтэл засах гэж хийсэн хуулиас гадуурх асуулт хүмүүс тавьж байна. Жишээ нь, хуульд ойлгомжгүй зүйл их байна аа. Яаж зөвшөөрөл авах вэ, зөвшөөрлийн хугацаа нь ямар юм бэ гэх мэт олон асуулт тавьж байна. Хуулийн компаниуд илүү өргөн хүрээнд асуулт тавьдаг. Бидний хувьд Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг нэг талаас зөвөөр ойлгуулахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчноо яаж тодорхой, ойлгомжтой болгох вэ гэдгийг давхар ярилцах цаг болжээ.