Mining Journal Awards 2012-ын шилдгүүд Арван хоёр он уул уурхайн салбарт ул мөрөөн үлдээн одож байна. Тэр
дундаа Монголын уул уурхай энэ онд ямар өөрчлөлт, хувьсал, ололт амжилт,
өсөлт бууралтыг туулан өнгөрч буйг нэгэн агшнаа тольдож болох арга
хэмжээ бол яах аргагүй Mining Journal Awards байсан юм. Түүний эрч хүч,
өнгө төрхийг ШИЛДГҮҮД илэрхийлж байлаа.
Уул уурхайн
компаниудын хамгийн хариуцлагатай, нэр хүндтэй үүрэг бол уурхайн нөхөн
сэргээлт, хүрээлэн буй байгаль орчны хамгаалал байдаг. Уул уурхайн үйл
ажиллагааны салшгүй хэсэг болсон энэхүү үүргээ салбарын компаниуд жил
жилийн Mining Journal Awards-ын “Шилдэг Эко уурхай”-н номинацид
танилцуулан өрсөлддөг уламжлал тогтжээ. Хамгийн ширүүн өрсөлдөөн
“Шилдэг уурхай”, “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацид өрнөдөг
байсан бол одоо “Шилдэг технологи”, “Эко уурхай”-н талбарт өрнөдөг болж
байгааг энэ жилийн Mining Journal Awards-ын үр дүн харуулав.
Нөгөөтэйгүүр,
энэ нь Монголын уул уурхайн салбарт хариуцлагатай байдал, байгаль орчны
нөхөн сэргээлтээрээ бусдадаа үлгэрлэхүйц компаниудын тоо олширч буйн
илрэл юм.
Монголын уул уурхай зөвхөн олборлолтоор, экспортоор
гайхуулах бус, хариуцлагатай байдлаараа дэлхийн тавцанд тэргүүн эгнээнд
зогсох цаг айсуйг харуулсан “Шилдэг Эко уурхай” номинацийн өрсөлдөөн тун
ширүүн байсан. Түүнтэй адилаар шалгаруулалт ч бэрх байсныг Mining
Journal Awards-ын шүүгчид ярьж байв. Учир нь компаниудын ирүүлсэн тайлан
мэдээллийн дийлэнх нь урьд урьдынхаасаа илүү нарийн, хариуцлагатай,
бүтээл арвинтай ажлын тайлан, дүгнэлт байсан юм.
Шүүгчид “Шилдэг Эко уурхай”-н эзнийг тодруулахын өмнө хэрхэн хэлэлцсэнийг хүргэе.
Д.Бат-Эрдэнэ:
Хамгийн олон буюу нийт 10 компани энэ номинацид өрсөлдсөн байна.
Материалуудтай танилцаж байхад компаниуд нөхөн сэргээлтэд асар их
хөрөнгө зарж, олон улсын стандартуудыг мөрдөж хэрэгжүүлдэг болсон нь
харагдаж байна. Шороон ордтой, хангай бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг
уурхайнууд илүүтэй өрсөлдсөн байна. Ийм бүс нутагт байгаль өөрөө аяндаа
нөхөн сэргэчихдэг. Ийм учраас би “Монголын Алт” компанид хамгийн өндөр
оноо тавьсан. Говийн бүс нутаг дахь Элдэвийн уурхай дээр нөхөн сэргээлт
хийж хаасан. Эндээс нөхөн сэргээлтийг жинхэнэ утгаар нь харж болно.
“Энержи Ресурс” бас л өндөр оноо авч байгаа. Гэхдээ ажил нь дөнгөж эхлэл
үедээ л явж байгаа. Бусад компаниуд ч мөн адил. Ирүүлсэн материалыг
уншихад тоо баримт, олон улсын стандартын дагуу хийгдсэн байдал
зэргээрээ МАК арай илүү санагдсан.
Н.Алгаа: Оюутолгойн
материал жаахан хоцорч ирлээ. Гэхдээ ирүүлсэн материалыг нь хараад надад
юу ажиглагдсан гэхээр байгаль орчны асуудалд хандаж байгаа хандлага нь
анхнаасаа зөв байна. Хөндөх эрх авсан бүх газраа жагсаагаад, тэдгээртээ
тус бүрт нь төлөвлөгөөтэй төдийгүй түүнийгээ хэрэгжүүлэхдээ байгаль
орчны бүх л менежментийг хэрэглэж, олон улсын стандартуудыг нутагшуулж
байгаа юм байна. Гүний хоолойгоор татсан усны хоолойн нөхөн сэргээлтийг
та нар харсан байх. Газар, ус гээд менежментийг нь тус тусад нь
стандартад нийцүүлэн, байгууллагынхаа бүтцийг эхнээс нь зөв хийж яваа
болохоор би “Оюутолгой”-г нэгдүгээр байрт оруулаад байна.
Д.Галсандорж:
Энэ удаад “Шилдэг эко” номинацид их олон компани материал ирүүлсэн
байна. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж, энэ чиглэл рүү их
анхаарч байгаа нь эндээс харагдаж байна. Материалаа ирүүлсэн 10
компаниас 4-5 нь “Шижир-Алт”, “Алтан Дорнод”, “Монполимет” зэрэг
шороон ордын уурхайнууд байна. Эдгээр орд газрын нөөц ерөнхийдөө дуусч
байгаа. Үндсэндээ хаалтын ажил хийж байгаа аж ахуйн нэгжүүд. Харьцангуй
жижиг компаниуд ч гэлээ нөхөн сэргэлтийн төсөвтөө чамгүй хөрөнгө гаргаж,
ажлаа гүйцэтгэсэн байна.
Мэдээж Мэргэжлийн хяналтын газар,
Ашигт малтмалын газраас төлөвлөгөө, тайланг нь батлахдаа тавьж байгаа
шаардлага өндөр байгаа учир түүнийг хэрэгжүүлэхийн тулд мөнгө төсөвлөж
хийж байгаа нь сайн хэрэг юм. Миний бодлоор, “Бороо гоулд” үндсэн орд
газраа ашиглаж дуусаад одоо нөхөн сэргээлтийг үлгэр жишээ хийж байгаа.
Бүр сургалт хүртэл зохион байгуулсан. “Оюутолгой”-н хувьд би арай өөр
бодолтой байгаа. “Рио Тинто” бол үлгэр жишээ олборлолт явуулдаг,
экологийн асуудалд ч үлгэр жишээ анхаардаг компани. Олборлолтоо эхлээгүй
байхдаа хаалтын менежментээ хийчихдэг. Оюутолгойн олборлолтыг эхлээгүй
байхдаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө хийгээд энэхүү
шалгаруулалтад оролцож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ олборлолт нь
эхлээгүй байгаа компанийг “Эко уурхай”-д шалгаруулах нь арай л
өрөөсгөл санагдаж байна. Би “Бороо гоулд”, “Монполимет”, “Монголын Алт”,
“Шижир-Алт” гэсэн дарааллаар компаниудыг дүгнэлээ.
Б.Пүрэвтогтох:
Монгол улсад нөхөн сэргээлтийн маш олон стандарт бий. Компаниудын
ирүүлсэн материалд тэдгээр стандартын талаар ямар ч гүйцэтгэл алга
байна. Хэрэгждэггүй хэрнээ их чухал стандартууд байдаг. Ганцхан жишээ
хэлэхэд, эхний нэг жилийн дотор хөрсний нөхөн сэргээгдэх чанарын
судалгааг хийлгэх талаар стандарчилж өгсөн байдаг. Үүний дараа нөхөн
сэргээлтийнхээ төслийг хийх тухай манай стандарт бий. Нөхөн сэргээлтийн
ангилал байхгүй учраас дурын шороо аваачаад тэгшилчихдэг. Энэ мэтчилэн
манай стандартуудад авах юм их бий. Тиймээс дараа дараагийн жилүүдэд
дотоодын стандартын хэрэгжилтийн талаар тусгаад явбал зүгээр юм.
Н.Батбаяр:
Энэ номинаци дээр “Бороо гоулд”, “Оюутолгой” хоёр л хамгийн өндөр оноо
авахаар байна. Нэг нь ашиглалт дуусаад хаалтын шатанд явж байгаа уурхай.
Хаалтын ямар туршлагатай, тавьсан шаардлагыг хэрхэн хангасан нь бүгдэд
ойлгомжтой байгаа байх. Тэгээд ч барууны уурхай болохоор хаалтын
төлөвлөгөө, тайлан, байгаль орчны суурь судалгаанууд болоод эдгээрийн
жил бүрийн мониторинг, нөхөн сэргээлтийн ажлын хэм хэмжээ нь байж
байдаг. “Бороо гоулд” маш том талбай дээр өргөн цар хүрээтэй ажил
хийдэг, хийсээр ч байгаа.
Оюутолгойн хувьд цоо шинэ уурхай.
Анхнаасаа байгаль орчинд хандаж байгаа хандлага нь маш зөв, цэвэр байгаа
юм. Байгаль орчны удирдлагын тогтолцоо гэж зүйлийг бий болгосон.
Үүнийгээ хэрэгжүүлдэг тусгай багтай. Олон улсын бүхий л стандартуудыг
өөрийн болгон хэвшүүлж байгаа. Бүтээн байгуулалтын ажлаасаа эхлээд
хэвшүүлээд явж байна. Стандарттай холбоотой бүх журмыг гарган, түүнийхээ
дагуу үйл ажиллагаа явуулдаг. Суурь судалгаануудаа урьдчилаад
хийчихсэн. Мониторинг нь тогтворжчихсон. Тодорхой хэмжээнд эвдэлсэн
газруудынхаа нөхөн сэргээлтийг бараг 100 хувь хийчихсэн.
Яг энэ
хоёр уурхайтай “Энержи ресурс”-ыг харьцуулахад хэцүү. Би өөрөө газар
дээр нь очиж үзсэн. Иймээс шүүлт хийхдээ ямар зарчим барих ёстой вэ
гэдэг асуудал гарч байна. Бид өнөөдөр байгаль орчин хамгааллын
удирдлагынхаа системийг анхнаасаа зөв бариад явж байгаа, байгаль
хамгаалах бүхий л асуудлыг бүх л талбартаа хэрэгжүүлээд явж байгааг нь
сонгох ёстой юу. Аль эсвэл хийх ёстой бүх юмаа хийчихсэн, бараг 10 жил
болж байгаа “Бороо гоулд”-ын уурхайг “Шилдэг эко уурхай” гэж үзэх үү?
Хэрэв нөхөн сэргээлт хийдэг олон жилийн туршлагатайг сонгоно гэвэл
“Бороо гоулд” байх болов уу. Харин ирээдүй рүүгээ чиглэснийг нь илүү
харах юм бол “Оюутолгой” байхаар байна. Гэхдээ би “Оюутолгой” хаалтын
төлөвлөгөө байхгүй учраас оноо бага тавьсан. Хаалтын төлөвлөгөө
батлагдаагүй, одоо боловсруулж байгаа. Харин “Бороо гоулд” хаалтын
төлөвлөгөөгөө баталсан, түүнийхээ дагуу ажлаа хийж байгаа.
Н.Алгаа:
Оюутолгойд олборлолт эхэлсэн шүү дээ, боловсруулалт нь л эхлээгүй
байгаа. Уурхай нь нээгдээд хүдэр олборлож байгаа. Тэгэхээр огт олборлолт
эхлээгүй гэж хэлж арай болохгүй. Харин олборлолтын хэмжээ их, бага л
гэж хэлж болох байх.
Н.Батбаяр: “Шилдэг эко уурхай” номинацид олборлолтын их, бага хэмжээ яригдахгүй.
Н.Алгаа:
Тиймээ. Хандлага, менежментийг нь харахад “Оюутолгой”-г
шалгаруулчихмаар байгаа юм. Жилээс жилд шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой
болгоё гэж бидний ярьдаг одоо энд бас л яригдаж байгаа байхгүй юу.
Угаасаа менежмент гэдэг зүйл нь хамгийн том хандлагыг тодорхойлдог. Тэр
нь стандартчилагдсан байх юм бол бүр сайн. Ийм үндэслэлээр би
“Оюутолгой”-г шалгуурчихмаар байна. Гэхдээ 30 оноо өгсөн. “Бороо
гоулд”-д 29 оноо өгсөн.
Д.Бат-Эрдэнэ: Хараад байхад
дандаа гадаадын оролцоотой компаниуд яваад байна шүү дээ. “Бороо гоулд”,
“Энержи ресурс”, “Эрдэнэт үйлдвэр” гээд. Миний санаа бол МАК 100 хувь
үндэсний компани. Энэ компанийн хийсэн ажил ерөнхийдөө гайгүй. Бид
үндэсний компаниудаа дэмжмээр байна. Миний дүгнэлтээр хараад байхад
бусад номинациудад голцуу гадаадын компаниуд шалгараад байна. Жилийн
жилд л “Энержи ресурс”, “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” түрүүлээд байж
болохгүй. Би үүнийг эко дээр л хэлж байгаа юм шүү.
Д.Галсандорж:
Би “Оюутолгой” дээр нэг юм тодруулаад хэлчихье. Хийсэн нөхөн
сэргээлтийн ажлын ерөнхий хэмжээгээр энэ компани гарч ирээд байна.
Бат-Эрдэнийн хэлдгээр үндэсний компаниа дэмжие гэвэл “Шижир-Алт” нөхөн
сэргээлтийг сүүлийн гурав дөрвөн жил хийж байгаа. Их ч юм хийж байгаа.
Сайн ч хийж байна. Түрүүн хэлснээр нөөц нь ердөө жилийн дараа дуусна.
“Оюутолгой”-н хувьд ний нуугүй хэлэхэд, Байгаль орчинд үзүүлэх
нөлөөллийн үнэлгээг нь Байгаль орчны яамнаас эцэслээд нарийвчлаад
гаргачихсан юм байхгүй шүү дээ.
Хоёрдугаарт, усны асуудал байна.
Үйлдвэрлэлийн хувьд ярихад, жишээ нь “Эрдэнэт”-тэй харьцуулахад захын
агуулга, хаяж буй агуулгын хэмжээ асар их гарч байгаа. Олборлолт,
баяжуулалт нь цаашид улам ихсээд явна. Байгаль орчны нөхөн сэргээлт хийх
ерөнхий үйл ажиллагаа бодитоор харагдаагүй байхад бид одоо шалгаруулаад
яах юм бэ. Хоёрдугаарт, энэ компанийг тойрсон эдийн засаг,
үйлдвэрлэлийн асар их маргаантай асуудал байна. Маргаантай асуудал ихтэй
байхад “Оюутолгой”-г энэ удаадаа мартвал яасан юм. “Монголын Алт”-ын
хийсэн ажлууд байна. Эсвэл жижиг шороон орд дээр нөхөн сэргээлт хийж буй
үндэснийхээ компаниудын хийсэн ажлыг энэ удаад яримаар байна. Үүнийг
мэдэж байгаа гол хүн Пүрэвтогтох докторын үгийг сонсмоор байна.
Б.Пүрэвтогтох:
Ирүүлсэн бүх материалыг бид авч үзэх ёстой. Ер нь сүүлийн жилүүдэд
уулын үйлдвэрүүд экологи талдаа маш их анхаардаг болжээ. Анхны
жилийнхийг бодоход шал өөр материалууд одоо ирж байна шүү дээ. Өмнө бол
ганц нэг фото зураг, биологийн нөхөн сэргээлт хийсэн тайлангаар
компаниудаас ирсэн материал хязгаарлагддаг байсан. Өнөөдөр эко уурхайг
шалгаруулахад их хэцүү болж байгаа нь цаагуураа их сайхан мэдээ юм.
Экологийн тал дээр их юм хийдэг болж байна. Эко уурхай гэдэг талаасаа
яривал энэ нь өөр нэр томъёо.
Энэ бол уурхай юм. Харин байгаль
орчин гэсэн нэр томьёогоор яривал илүү өргөн цар хүрээтэй болно. Гэхдээ
бид өнөөдөр уурхайн талаар ярьж байгаа. “Оюутолгой” өнөөдөр ан амьтан
тоолоод явж байгаа нь урьд өмнө байгаагүй асуудал шүү дээ. Энэ ажил
үнэлэгдэх ёстой. Нөгөө талаар “Оюутолгой”-д олон жил уралдах бололцоо
байна. Маш олон жил уралдана. Унага ч уралдуулдаг. Даага ч уралдуулдаг.
Гэхдээ унагыг албан ёсны бус уралдуулдаг. Эхэлж байгаа ажил нь сайн
байгааг бид ил тод хэлэх ёстой. Байгаль орчин, экологидоо, нийгэмдээ
хэрэгцээтэй зүйл их хийж байна. Харин эко уурхай гэдэг талаасаа цаг нь
арай болоогүй болов уу гэж бодож байна.
Нэрээ дэвшүүлэн,
материалаа ирүүлсэн байна. Хийж байгаа ажлыг нь сайшааж байна. Сайн
ажлууд ч хийж байна. Их ч зөв эхлэл тавьж байна. Гэхдээ бидний
шалгаруулах гээд байгаа өнөөдрийн номинаци бол эко уурхай. Эко уурхай
гэхээр үйл ажиллагаа нь эхэлж буй гэхээсээ илүүтэй хааж байгаа уурхайг
ярих хэрэгтэй. Хаягдал хэр их байна, хэр зэрэг газрыг эвдсэн байна, ан
амьтны тоо толгой яаж өөрчлөгдсөн байна вэ, төлөвлөгөөтэй ажиллаж уу,
үгүй юу гээд гээд зөндөө асуудал байна. Нөхөн сэргээлт нь эхэлчихсэн,
технологи нь жигдэрчихсэн дагавар эрдсээ яаж авч байгаа уурхай дээр л
энэ шалгаруулалт яригдана. Би “Бороо гоулд”-д хамгийн өндөр 25 оноо
өгсөн.
Н.Батбаяр: Яг энэ шалгуураар үзэх юм бол дотоодын
хөрөнгө оруулалттай компаниуд явахгүй. Байгаль орчны удирдлагын
менежментийн нэгж, систем байхгүй шүү дээ. Яагаад шалгуурт ISO гэж
тавьсан юм бэ гэхээр олон улсын стандартууд дотоодын стандартуудаас
өндөр, шалгуур дээгүүр байдаг. Үүнд нийцэж чадаж байвал дотоодын
шалгууруудыг ч давхар биелүүлж чадсан байдаг. Гэхдээ энэхүү ISO-д
нийцэхээр ажил хийдэг нь их ховор. Ингээд үзэхээр “Бороо Гоулд” дээр
очоод л таг буучихаж байна. “Монполимет” бас байж болно. МАК-ийн
материалыг үзэхэд бас гайгүй. Гэхдээ байхгүй байгаа зүйл нь тэдгээр
стандартууд алга.
Л.Болормаа: Энхбат даргын саналыг
танилцуулъя. Хуралтай учраас шүүгчдийн хуралд ирж чадсангүй. 10 компанид
тавьсан үнэлгээгээ ирүүлсэн байна. Энэ жилийн “Эко уурхай”-н шалгуур
үзүүлэлтийг Энхбат дарга бэлтгэснийг та бүхэн мэдэж байгаа.
Стандартуудыг ерөнхийдөө дурдаж өгсөн. Ирэх жилээс шалгуур
үзүүлэлтүүдийг илүү нарийвчилна гэж мэдэгдсэн. Байгаль орчин, ногоон
хөгжлийн яам GPS-ээр хэмжилт судалгаа хийж байгаа юм билээ. Тиймээс ирэх
жилийн шалгаруулалтад компаниудын бичсэн материалыг Байгаль орчны яам
өөрсдийнхөө хэмжилтийн тоог авч ирээд хэдэн га-гаас хэдийг нь нөхөн
сэргээсэн, хэдийг нь нөхөн сэргээгээгүй байна гээд бодит тоон
үзүүлэлттэй харьцуулах учраас шалгаруулалт маш нарийн болно гэж байсан.
Байгаль
хамгаалах төлөвлөгөөтэй эсэх гэсэн үзүүлэлт дээр “Бороо Гоулд” хаалтын
төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа, “Монголын Алт” хаалт, нөхөн сэргээлтийн
төлөвлөгөөтэй, “Алтан Дорнод Монгол” компани Архангайн Цэнхэрт хаалтын
төлөвлөгөөтэй. Ийм гурван компани л төлөвлөгөөтэй гэж үнэлсэн байна.
Удирдлагын менежмент, өөрөөр хэлбэл Байгаль орчны албатай эсэх гэсэн
шалгуурт мөн л гурван компанийг дурджээ. “Монголын Алт”, “Энержи
Ресурс”, “Бороо Гоулд” компаниуд байгаль орчны албатай, суурь судалгаа,
мониторингийн ажлыг бүгд хийж байгаа. Ингэхдээ бүгд мэргэжлийн
байгууллагатай хамтарч хийдэг гэсэн байна. Ойжуулах хөтөлбөртэй, тарвага
нутагшуулсан гэсэн тайлбарууд хийжээ. Нөхөн сэргээлтийн хувьд нийтдээ
долоон компани нөхөн сэргээлтийн талбайгаа дурдсан байна.
Эндээс
хамгийн том нь “Бороо гоулд” 359.7 га-д нөхөн сэргээлт, ойжуулалт
хийсэн. “Монполимет” 16 га газарт цөөрөм байгуулсан гэсэн дүгнэлт өгчээ.
Дэвшилтэт технологи нэвтрүүлсэн эсэх гэсэн шалгуурт “Бороо гоулд”,
“Монполимет”, “Монголын Алт”, “Шижир Алт”, “Энержи Ресурс” зэрэг
компанийг дурдсан байна. Эко уурхайн хувьд үнэлүүштэй, олон нийтэд хүрэх
ёстой шалгуур үзүүлэлт бол ус ашиглалтын түвшин гэж Энхбат дарга үзсэн
байна. Энэ үзүүлэлтэд “Бороо гоулд”, “Монполимет”, “Шижир Алт”, “Энержи
Ресурс” дөрвийг онцолжээ. Усаа хамгийн сайн эргүүлэн ашигладаг компаниар
“Энержи Ресурс”-ийг нэрлэсэн байна. 95 хувийн ус дахин ашиглалттай.
Эдгээр компаниас “Монполимет”, “Шижир Алт” хоёр компанийг хуулиар
хориглосон талбайд үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тайлбар явуулжээ.
“Оюутолгой” болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ирүүлсэн материалыг
шаардлага хангаагүй гээд үнэлээгүй байна. Хамгийн өндөр оноог “Бороо
Гоулд” компанид өгчээ. Хаалтын төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа. Байгаль
орчны албатай гэдгийг чухалчилсан байна.
Н.Алгаа: “Оюутолгой”-н материал Энхбат даргад очсон уу?
Л.Болормаа: “Оюутолгой”-н материал очсон. Гэхдээ “Оюутолгой” материалаа шалгуур үзүүлэлтийн дагуу бэлтгэж ирүүлээгүй.
Д.Галсандорж: Шалгуур үзүүлэлтийн дагуу бөглөж ирүүлэх ёстой шүү дээ.
Б.Пүрэвтогтох: “Оюутолгой”-н хувьд нөөцөө гүйцэд тогтоогоод, дараа нь уурхайнхаа зураг төслийг хийсний дараа хаалтын төлөвлөгөөг ярих ёстой.
Н.Батбаяр:
Яг нарийн яривал барууны уурхайнууд нөөцөө бүрэн судлаагүй, одоо байгаа
нөөц дээрээ тулгуурлаж зураг төслөө хийдэг. Гэхдээ байгаль орчинд
тавигддаг гол шаардлага бол хаалтын төсөлтэй байх явдал. Баруунд бол ийм
л байдаг шүү дээ. Бид яагаад тийм байж болдоггүй юм.
Б.Пүрэвтогтох:
Хаалт гэж юуг ярьж байгаагаа тодорхойлох ёстой. Дөрвөн төрлийн хаалт
бий. Төсөлтэй байвал ганцхан л хаалт бий. Энэ хаалт нь эцсийн эцэст
бүрэн ашиглаад дуусах гэсэн асуудал юм. Өнөөдрийн зах зээлийн үнээс
болоод зогсчихсон байгаа хаалт бол жинхэнэ хаалт биш. Энэ бол түр хаалт.
“Эрдэнэт”-ийг бид 10 жилийн өмнө хаах ёстой байсан. Захын агуулга нь
0.35 дээр хаах ёстой. Үнэ өссөн учраас 0.15 дээр, ахиад өсвөл 0.10 руу
ордог. Хаалтын төлөвлөгөө гаргахдаа худал төлөвлөгөө гаргадаг тохиолдол
бий л дээ.
Н.Батбаяр: Хаалтын төлөвлөгөө бол зүгээр л нэг
удаа хийчихдэг ажил биш. Эхлээд стратегиэ тодорхойлох ёстой. Анх
тариалангийн талбай байхад нь уурхай болгосон. Эцэст нь аялал жуулчлалын
эсвэл малын бэлчээр болгоод хүлээлгэж өгнө. Ямар зориулалтын талбай
болгож хүлээлгэж өгөх ёстой вэ гэдэг стратегиэ тодорхойлох ёстой. Энэ
бол урт хугацааны төлөвлөгөө. Дараа нь дунд хугацааны төлөвлөлт,
шинэчлэлтийн төлөвлөлтүүд хийгдэж байдаг. Ер нь анхны төлөвлөлт бол маш
ерөнхий байх ёстой ч зорилгоо тодорхойлсон байх ёстой. Түр хаалт гэж авч
үзэх ёстой. 200 гаруй уурхайг аваад үзэхэд нөөцөө дуусгаад хаасан
туршлага 25 хувийг л эзэлдэг. Тэгэхээр бид энэ шаардлагыг тавих л ёстой.
Б.Пүрэвтогтох: Батбаяр даргын ярьж байгааг би ойлгож
байна. Манайд хаалтыг ингэж л үзэж байгаа. Би бол эсрэгээр нь ярьдаг.
Нөхөн сэргээлтийн стандарт дээр нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө хийгээд,
уурхайн технологи дээр ч, үйлдвэрлэл дээр ч хэрэгжүүлээд л явах ёстой.
Уурхайн өргөтгөлийн төлөвлөлт дээр ч нөхөн сэргээлт хийгдэж байх ёстой.
Уулын үйлдвэрийн график бол өгсөөд буурдаг. Ингэж доошоо буух үед ч
хаалтын төлөвлөгөө явах ёстой.
Н.Батбаяр: Багш аа, тэгвэл тухайн компанийн бүх мөнгө нь дуусчихсан байдаг шүү дээ.
Н.Алгаа:
Хаалт гэдгийг аль өнцгөөс нь харах вэ гэдэгт л асуудал байгаа юм.
Хаалтыг үйлдвэр, технологи, газар эвдэх гэдэг талаас нь харах ёстой юу.
Тэртээ тэргүй илээр ашиглаж байгаа тохиолдолд хэзээ ч хаасан ч нүх
нүхээрээ л үлдэнэ. Харин түүнийг нуур болгох уу, тэгшлэх үү гэдэг л
стратеги болж байгаа юм. Тэгэхээр Батбаяр дарга хаалтын төлөвлөгөөг
хүрээлэн байгаа орчны талаас нь харж буй чиглэл гэж үзээд байна л даа.
Түүнээс биш яг уурхай бодитой хаагдахыг бас тааж хэлэхэд хэцүү. Тиймээс
яг эцсийн үр дүн, тэр хаалтын менежмент дотор байгаа экологитой
холбоотой хүрээлэн байгаа орчин, экологийн тэнцвэртэй холбоотой зүйл нь
одооноос мэдрэгдэж байх ёстой юм. Нүх байх юм уу, эсвэл өөр юу байх юм
гэдэг нь тодорхой байх ёстой.
Б.Пүрэвтогтох: Хаалт,
нөхөн сэргээлт хоёроо их контрастный байлгах ёстой. Өнөөдөр Монгол улсад
мөрдөгдөж байгаа стандарт дотор далд уурхайн хаалтын чиглэлүүд, ил
уурхайн хаалтын чиглэлүүд бүгд заагдаад орчихсон байгаа. Амралт сувиллын
чиглэлээр байж болно, нуур ус байж болно, малын бэлчээр, газар тариалан
байж болно. Нөхөн сэргээлтийн стандартууд дотроо байж байгаа шүү дээ.
Энэ чиглэлээ л тогтоосон байх ёстой. Хаалт гэдэг ухагдахуун дээр бид
одоо маргалдаад хэрэггүй юм. Хуучин бол зөвхөн нөхөн сэргээлт л гэж
ярьдаг байсан. Одоо л нөхөн сэргээлт, хаалт гэдэг болчихоод байгаа
байхгүй юу. Нөхөн сэргээлтийн стандарт гэдэг чинь хаалтаа баримжаалсан
юм байгаа. 2004 онд батлагдсан стандартууд дотор энэ чиглэлүүд бүгд
орчихсон байгаа. Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөн дотор бид стандартаа
мөрдөхийг шаардахгүй байгаадаа л гол асуудал байгаа юм.
Н.Батбаяр:
Бид шалгуурын тухай ярьж байна шүү дээ. Яагаад хаалтыг оруулаад байгаа
юм гэхээр цаана нь нарийн ажилбарууд, нөхцөлүүдийг авч үзэх ёстой.
Яагаад заавал хаалтын төлөвлөгөөтэй байлгах гээд байгаа юм гэхээр
хаалтын төлөлөгөөтэй байж л энд хэчнээн хэмжээний зардал гарахыг тоймоор
нь гаргуулах гээд байгаа байхгүй юу. Тоймоор нь гаргаад ирэхээр үүнийг
хэзээ, яаж энэ санхүүжилтийг бүрдүүлэх юм бэ гэдэг асуудал гарч ирнэ.
Үйлдвэрлэлийн өндөр үр ашигтай байх үед их хэмжээний санхүүжилтийг
бүрдүүлж, бууралтын үед нөгөө бүрдүүлсэн санхүүжилтээ хэрэглэж, уурхайн
хаалтыг зохион байгуулахын тулд хаалтын төлөвлөгөө байх ёстой гэж ярьж
байгаа.
Харин нарийвчилсан төлөвлөгөөний чиглэлийг нь дунд
шатанд боловсруулан гаргана шүү дээ. Хамгийн гол нь мөнгөтэй байх ёстой.
Уурхайг хаах санхүүжилт чухал. Үүнийг юугаар баримжаалах юм гэхээр
хаалтын төлөвлөгөөгөөр. Байхгүй бол, хаахаас гурван жилийн өмнө
төлөвлөгөөгөө ирүүлээрэй гээд яваад байвал өнөөдөр Эрдэнэт хаагдана
гэхэд хаалтын санхүүжилт байгаа юу. Багануур өнөөдөр үнээс хамааран
хаагдлаа гэхэд Багануурт уурхай хаах ямар ч мөнгө байхгүй. Тийм учраас
эко уурхайн шалгуур дээр заавал хаалтын төлөвлөгөө, төсөлтэй байх ёстой
гэдэг шаардлагыг тавиад байгаа шүү дээ.
Б.Пүрэвтогтох:
Бид үүн дээр мэргэжлийн асуудлыг ярьж байгаа. Нэгэнт хаалтын төлөвлөгөө
ярьж байгаа нөхцөлд бид түүнийг өөрчилж болохгүй. Цаашид мэргэжлийнхэн
эрдэм шинжилгээний хурал дээр хаалтын төлөвлөгөө гэдэгт зүйлийн нарийн
зааг, ялгааг гаргах хэрэгтэй юм. Одоо бид ямар үе шаттай юм хийдэг вэ
гэхээр нөхөн сэргээлт, түр зогсолт, тэгээд жинхэнэ хаалтаа хийдэг.
Эдгээр нь нэг юмны л гурван шат шүү дээ. Өнөөдрийн миний хэлэх гэсэн гол
санаа юү гэхээр ухаандаа бид “Оюутолгой”-гоос хаалтын төлөвлөгөө нэхэх
бололцоогүй болчихоод байгаа юм.
Ийнхүү ярилцсаны эцэст
шүүгчдийн өгсөн оноонуудыг нэгтгэсэн юм. Дийлэнх шүүгч “Бороо гоулд”
компанид өндөр оноо өгснөөр хамгийн өндөр оноог энэ компани авчээ.
“Шилдэг Эко уурхай” номинацийн эзнээр “Бороо гоулд” компани нөхөн
сэргээлтийг хамгийн өргөн цар хүрээтэй хийж, хаалтын төлөвлөгөөгөө
хэрэгжүүлэн ажиллаж чадсан амжилтаараа тодорсон юм. “Шилдэг Эко уурхай” номинацийн айргийн тавд багтсан компаниудын дүн:
1. “Бороо гоулд” ХХК 235
2. “Шижир-Алт” ХХК 194
3. “Монполимет” ХХК 187
4. “Оюутолгой” ХХК 185
5. “Монголын Алт” ХХК 178
“Шилдэг Эко уурхай” номинацид материал ирүүлсэн компаниудын байгаль орчны чиглэлд хийсэн ажлуудыг товчхон танилцуулъя.“ШИЛДЭГ ЭКО УУРХАЙ” НОМИНАЦИД НЭР ДЭВШИГЧИД
“Монполимет” компани Төв
аймгийн Заамар сумын нутагт Тосонгийн алтны шороон ордод 2000 оноос
эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ордын 106 га газарт техникийн
нөхөн сэргээлт хийсэн бол биологийн нөхөн сэргээлтийг 55 га газарт хийж
гүйцэтгэжээ. “Монполимет” энэ жил нөхөн сэргээлтийн ажилд 1.25 тэрбум
төгрөг зарцуулжээ. Тус компани нөхөн сэргээлт хийсэн талбайнхаа 23 га-д
4070 ширхэг мод бутлаг ургамал тарьж, тэр дундаа 15 га-д дуслын
усалгааны системийг нэвтрүүлснээр ургалтад мэдэгдэхүйц нөлөөлж, усны
хэмнэлттэй зарцуулалтыг нэвтрүүлжээ. Мөн 32 га-д бэлчээрийн ургамал
тариалсан байна. Тус компани усны дахин ашиглалтыг 70-80 хувьд хүргэж
чадсан зэрэг амжилтаараа “Шилдэг Эко уурхай” номинацид нэр дэвшсэн
байна.
“АЛТАН ДОРНОД МОНГОЛ” ХХКСүүлийн
дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоод байсан “Алтан
Дорнод Монгол” компани энэ оны дөрөвдүгээр сараас монгол хөрөнгө
оруулагчдын шинэ менежментээр үйл ажиллагаагаа дахин эхэлснээр 2012 онд
150 га талбайд нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнээс
эхний зургаан сарын хугацаанд нийт 2,6 тэрбум төгрөг зарцуулж, Төв
аймгийн Заамар суманд 85,2 га талбайд техникийн, 7,8 га талбайд
биологийн нөхөн сэргээлт, Архангай аймгийн Цэнхэр суманд 47 га талбайд
техникийн нөхөн сэргээлт тус тус хийснээс гадна нутгийн иргэдийн
хүсэлтийн дагуу гар аргаар алт олборлогчдын гэмтээсэн 11,9 га талбайд
өөрийн хөрөнгөөр техникийн нөхөн сэргээлт хийжээ. Эдгээр ажлын
үзүүлэлтээрээ ”Алтан Дорнод Монгол” компани “Шилдэг Эко уурхай”
номинацид нэр дэвшлээ.
“Шижир-Алт” компаниЭнэ
онд Төв аймгийн Заамар сумын нутаг Туул голын голдирол нэртэй газар
дахь алтны ордынхоо хэсэгт 120 га-д техникийн нөхөн сэргээлт, 76 га-д
биологийн нөхөн сэргээлт хийжээ. Тус компани энэ жилээс Урт нэртэй
хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хаалтын менежментийг хэрэгжүүлж
эхлээд байгаа юм. Компанийн дөрөвдүгээр сард болсон ТУЗ-ийн хурлаар 2014
онд дуусгах Хаалтын менежментийг хэрэгжүүлэхэд 11.8 тэрбум төгрөгийн
санхүүжилт шаардагдах тооцоо гарчээ. Тус компани энэ жил нөхөн
сэргээлтийн ажилд нийтдээ 585.4 сая төгрөг зарцуулсан бөгөөд ус дахин
ашиглалтыг 70 хувьд хүргэж чадсан байна. “Шижир-Алт” эдгээр амжилтаараа
“Шилдэг Эко уурхай” номинацид нэр дэвшжээ.
“Багануур” ХК Уурхайнхаа
нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхдээ олон улсын ISO 1400, ISO9001
стандартуудыг мөрдөж ирсэн бөгөөд энэ оноос OHSAS18001 стандартыг
нэвтрүүлж эхэлжээ. Тус компани энэ жил байгаль орчны газрын төлөв байдал
улсын чанарын хянан баталгааг хийлгэжээ. Уурхайгаас нийт шүүрүүлж
байгаа усны 30 хувийг дүүргийн дулааны цахилгаан станцыг хангахад,
үлдсэн хувийг Багагүн нуур, Хэрлэн мөрөн рүү цутгадаг байна. Тус компани
энэ жил Хэрлэнгийн урсацыг нэмэгдүүлэх зорилгоор 1000 мод тариалжээ.
Мөн уурхайн орчимд 1999 оноос хойш нийт 139.5 га газарт биологийн, 157.5
га газарт техникийн нөхөн сэргээлт хийжээ. “Багануур” компани эдгээр
амжилтаараа Mining Journal Awards 2012 шалгаруулалтын “Шилдэг Эко
уурхай” номинацид нэр дэвшсэн юм.
“Бороо Гоулд” ХХКЭнэ
жил Гацуурт, Бороогийн уурхай, ашиглахаар төлөвлөж байгаа Улаанбулаг,
Алтан Цагаан-Овоогийн уурхайн талбайдаа нарийвчилсан суурь судалгаа
хийжээ. Энэ жил 41 га талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлт
хийсэн байна. Мөн 2.15 сая куб метр ус хэрэглэсний 865 мянган метр куб
нь дахин ашигласан ус байв. 2010 он болон 2012 онд Хаягдлын сангийн
техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зохистой хувилбарыг
боловсруулах зорилгоор 19х14 метр хэмжээтэй 2 туршилтын талбай байгуулж,
бургас, улиас тайрдасыг хавар, зун тариалж ургамлын өсөлт болон химийн
шинжилгээ хийж судалжээ. Эдгээр амжилтаараа “Бороо Гоулд” компани
“Шилдэг Эко уурхай” номинацид нэр дэвшиж байна.
“Монголын Алт” ХХКЭнэ
жил Элдэвийн нүүрсний уурхайнхаа талбайд 18.92 га талбайд биологийн
нөхөн сэргээлт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Тус компани энэхүү
уурхайдаа 2008-2012 онд хийх нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гарган жилд
дунджаар 16-17 га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх
төлөвлөгөөтэй ажиллаж иржээ. “Монголын Алт” компани биологийн нөхөн
сэргээлт хийхдээ үржил шимт хөрсийг техникийн нөхөн сэргээлт хийсэн
талбайд 30-50 см-ийн зузаантайгаар тараан тэгшлээд олон наст ургамлуудыг
тарьдаг байна. Мөн 2013 оны дунд үед хаалтын нөхөн сэргээлтийн ажил нь
дуусах Элдэвийн ил уурхайн карьерийн хэсэгт 68.5 га газарт нөхөн
сэргээлт хийхээр төлөвлөсний дийлэнхийг гүйцэтгэжээ. Эдгээр амжилтаараа
“Монголын Алт” компани “Шилдэг Эко уурхай” номинацид нэр дэвшиж байна.
“Энержи Ресурс” ХХКЭнэ
жил Ухаахудаг-Барууннаран уурхайг холбосон 32 км хатуу хучилттай замыг
барихдаа эвдэлсэн 51 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж
гүйцэтгэжээ. 2012 оны арваннэгдүгээр сард Барууннаран-Ухаахудаг чиглэлд
32 км хатуу хучилттай зам барьж байгуулсан бөгөөд энэ нь хайрган
хучилттай зам ашигласнаас үүдэх хөрсний элэгдэл эвдрэл болон тоосжилтыг
бууруулсан юм. Мөн уурхайн хаягдлын овоолгын техникийн нөхөн сэргээлт
хийсэн 2 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн туршилтын ажил хийсэн
байна. Биологийн нөхөн сэргээлт хийхэд 185 сая гаруй төгрөг зарцуулжээ.
Тус компани үйлдвэрт ашигладаг цахилгаан станцдаа агаарын бохирдлыг
багасгах систем болон хуурай хөргөлтөт усны алдагдалгүй системийг
нэвтрүүлсэн юм. Компанийн үйл ажиллагаанд технологийн усыг 95 хүртэлх
хувиар дахин ашиглах горимыг нэвтрүүлсэн зэрэг амжилтаараа “Энержи
Ресурс” компани “Шилдэг Эко уурхай” номинацид нэр дэвшиж байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани Төмөртолгой
ордын 1, 2 дугаар овоолгуудад 12.3 га талбайд өнгөрсөн онд техникийн
нөхөн сэргээлт хийсэн байсан бөгөөд энэ онд уг хэсэгт биологийн нөхөн
сэргээлт хийжээ. Тус компани нь 2009-2012 онд хатуу хог хаягдал, ус,
агаар, газар, өнгөн хөрсний менежментийг боловсруулан даган мөрдөж
байна. Мөн уурхайгаас үйлдвэр хүртэлх 28 км сайжруулсан шороон замыг
байнга усалж тоосжилтыг бууруулан ажиллаж байгаа ажээ. Тус компани энэ
онд биологийн нөхөн сэргээлт хийхдээ 552 кг олон наст ургамал, 2.8 тонн
эрдэс бордоо ашигласан бөгөөд ирэх жил уг талбайд 1000 ширхэг улиас мод
тарихаар төлөвлөжээ. Эдгээр амжилтаараа “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”
компани “Шилдэг Эко уурхай” номинацид нэр дэвшиж байна.
“Өрмөн уул” компани Биологийн
нөхөн сэргээлтийг нийт 8.3 га талбайд хийсэн байна. Ашигласан усны 30
хувийг эргэлтээр ашигладаг тус компани байгаль орчин хамгаалах ажлын
хүрээнд нөхөн сэргээлт хийсэн талбайг газар тариалангийн чиглэлээр
хөгжүүлэх судалгааны ажил хийж байгаа амжилтаараа “Шилдэг Эко уурхай”
номинацид нэр дэвшиж байна.
“Оюутолгой” компани Төслийн
үйл ажиллагааны хүрээнд 3313.6 га талбайг ашиглаад байгаа бөгөөд энэ
жил ашиглалт дууссан талбайд нийт 441,25 га-д техникийн нөхөн сэргээлт,
69.65 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. Энэ онд 21 мянган
ширхэг суулгац тарьсан нь 72 хувьтай ургаж байна. Энэ жил нийтдээ 1.4
сая гаруй метр куб ус авч ашигласан бөгөөд 397 мянган метр куб усыг
ахуйн хэрэглээндээ ашиглаж, 100 хувь дахин боловсруулан зам усалгаа, мод
усалгаанд зарцуулжээ. Цаашид хэрэглэсэн усныхаа 80 хувийг эргүүлэн
ашиглах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнчлэн “Оюутолгой” компани
аюултай болон бусад хог хаягдлыг ангилан боловсруулах үүднээс хог
хаягдлын менежментийн цогцолборыг барьж байгуулж байгаа зэрэг
амжилтаараа “Шилдэг Эко уурхай” номинацид нэр дэвшлээ.
“Бороо
Гоулд“ компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Жон Казаков:
Өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхний мэндийг айлтгая. Энэхүү номинацид
өрсөлдөөн маш ширүүн явагдлаа. Mongolian Mining Journal болон Mining
Journal Awards-ын эрхэм шүүгч нартаа баярлалаа. Монголын хувьд тодотгож
хэлмээр байгаа зүйл бол Монголын уул уурхайн компаниуд болон байгаль
орчны салбарынхан хоорондоо нягт хамтран ажилладаг. Энэ нь Монголын
ирээдүйн хөгжилд маш чухал.” хэмээн шагнал гардан авах мөчдөө хэлсэн
юм.
“Бороо гоулд”-ын нөхөн сэргээлтийн “ололт”“Бороо
гоулд” компани нь Бороогийн алтны уурхайдаа олборлолт эхлүүлсэн 2003
оноос нөхөн сэргээлтийн ажлыг зэрэгцүүлэн хийсээр иржээ. Энэ хугацаанд
нийтдээ 359.7 га газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг
нутгийн иргэдийн оролцоотой амжилттай хийсэн байна. Тус компани нь нөхөн
сэргээлтийн үйл ажиллагаандаа ISO 9001 багц стандарт болон Монгол улсад
мөрдөгддөг MNS5916:2008, MNS5917:2008 зэрэг стандартуудыг биелүүлэн
ажилладаг байна. Нөхөн сэргээлтийн ажлын судалгаанд дотоодын гэрээт
компаниуд болон ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн,
ХААИС, “Эко-Ази” болон бусад байгууллагатай хамтран ажиллаж иржээ.
Сүүлийн долоон жилийн хугацаанд тус компани жилд дунджаар 40-50 га
талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхдээ хөрс хамгаалах
талд дорвитой анхаарсан байна. Тухайлбал, нөхөн сэргээсэн талбайн хөрс
нь эхний 1-2 жилийн хугацаанд бага зэрэг сулавтар байдаг учир аадар
борооны улмаас эвдэрч урсах нь бий. Иймд хөрсний элэгдлийг нөхөн
засварлах ажлыг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэдэг нь нөхөн
сэргээлтийн ажлын чанарыг сайжруулахад бодитой эерэгээр нөлөөлж иржээ.
“Бороо
гоулд” компанийн өнгөрсөн онд нөхөн сэргээсэн нийт 12 талбай болон
залгаа орших байгалийн хөндөгдөөгүй талбайнуудын ургамалжилтын хаврын
ургалтыг харьцуулахад ургамлан бүрхэц нөхөн сэргээсэн талбайд дунджаар
55 хувь, байгалийнхад 61.2 хувь, зүйлийн бүрдэл нөхөн сэргээсэн талбайд
6.5, байгалийн талбайд 7.6 байжээ. Энэ нь нөхөн сэргээсэн талбайн
үзүүлэлт байгалийнхтайгаа нэлээд ойртсон дүн гарч буйг харуулж байгаа
юм. Түүнчлэн нөхөн сэргээсэн талбайд мөлхөгч, хоёр нутагтан, хөхтөн,
шувуу зэрэг амьтад нутагшиж эхэлжээ. Тарвага нутагшуулах тусгайлсан
хөтөлбөрийг ч “Бороо гоулд” компани амжилттай хэрэгжүүлжээ.
Компанийн
зүгээс нөхөн сэргээлт хийсэн талбайд зөвхөн олон наст өвслөг ургамал
тариад зогсохгүй ойжуулалтын ажилд онцгой хүч гарган ажилладаг байна.
Ойжуулалтын хөтөлбөрийн хүрээнд “Бороо гоулд” 2007 оноос хойш нийт 10
гаруй төрлийн 12 мянган ширхэг модыг 13 га газарт тарьж ойжуулжээ. Энэ
жилийн хувьд 2980 суулгац тарьжээ. Ирэх оноос 10 мянган суулгацыг
төлөвлөгөөний дагуу тарих ажээ. Үүнээс гадна “Бороо гоулд” хаягдлын
далангийн хэсэгт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зохистой
хувилбарыг боловсруулах зорилгоор хоёр ч туршилтын талбай байгуулж,
тэндээ бургас, улиасын тайрдас, олон наст ургамал тариалан химийн
шинжилгээ хийж байна.
Цианид ашигладаг компанийн хувьд
үйлдвэрийн зутан дахь цианидыг маш бага агуулгатай болтол нь
хоргүйжүүлдэг байна. Тус компанийн толгой компани “Сентерра Гоулд” нь
Олон улсын цианидын менежментийн дүрэмд гарын үсэг зурсан байдаг. “Бороо
гоулд” цианидын менежментийн хамгийн өндөр шаардлагатай стандартуудыг
дагаж мөрдөх үүрэг хүлээсэн хариуцлагатай байгууллага төдийгүй байнгын
аудитыг хийлгэдэг ажээ.
Компанийн бас нэгэн давуу менежмент нь
хаягдлын далан дахь усаа дахин ашигладаг явдал юм. 2011 онд тус компани
үйлдвэрт ашигласан цэвэр усны 61 хувийг дахин ашигласан байна. Энэ онд
нийтдээ 2.15 сая тонн ус ашигласны 865.9 мянган тонн нь дахин ашигласан
ус байв. “Бороо гоулд”-ын хувьд хаягдлын далан дахь усаа дахин
боловсруулдаг нь уг хэсэг дэх бохир усыг дахин ашиглан хуурай болгох
нөхцөлийг бүрдүүлж буй юм. Энэ нь хаягдлын байгууламжийн усаа
боловсруулан тухайн хэсгийг хуурай болгон, нөхөн сэргээлт хийх бүрэн
чадамжтайг нь харуулж байгаа хэрэг юм.