Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Төмөр зам, дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй гэв

Монгол,  Хятадын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны гуравдугаар зөвлөлийн хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд хаалттай үргэлжилж байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг  “Монголын Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гол худалдан авагч бол БНХАУ.  Манай нүүрс, төмрийн хүдэр, зэс, цайр болон цагаан тугалагын баяжмалыг бүхэлд нь Хятад улсад экспортолж байна. Уул уурхайн салбарт оруулж байгаа Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд эрчимтэй өсөн нэмэгдэж байна. Тухайлбал 2006 онд 456 сая ам.доллар байсан бол 2011 оны эцэст 2.3 тэрбум ам.доллар болж өсчээ”  хэмээн хурлыг нээж хэлсэн үгэндээ онцолсон.

Хуралд БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга Жан Сяоцян тэргүүтэй төлөөлөгчид болон  Уул уурхай яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу,  Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв,  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хүнд үйлдвэрийн Бодлого зохицуулалтын газрын дарга М.Баянмөнх, Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаад хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын дарга С.Жавхланбаатар нар оролцож  илтгэл тавих юм. 

Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга Жан Сяоцян   “2012 онд хоёр улсын худалдааны эргэлт зургаан тэрбум гаруй ам.доллар болсон. Энэ нь Монголын гадаад худалдааны 60 хувийг эзэлж байгаа. Мөн манай улс Монголоос  нүүрс, зэсийн баяжмалыг түлхүү авч байна” гэж сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. 

Тэрээр  мөн   “ Хоёр талын уул уурхай, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо солилцож байна. Төмөр зам, боомт, шаардлагатай дэд бүтцийг уялдуулж хөгжүүлэх хэрэгтэй. Ингэсний  үндсэн дээр уул уурхайн түүхий эдийг боловсруулах талаар хамтран ажиллаж болно ” гэсэн юм.

Э.Хулан