Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Монголын эрчим хүчний хөгжлийн асуудлыг “Future Mongolia” үзэсгэлэн хөндөнө

“Future Mongolia” олон улсын үзэсгэлэн худалдаа энэ жил хоёр дахь удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн арга хэмжээний талаар зохион байгуулагчид өнөөдөр “Blue Sky” цамхагт хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

“Future Mongolia” олон улсын үзэсгэлэнгийн арга хэмжээг албан ёсоор нээж  уг  хурлыг зохион байгуулсан бөгөөд  “Future Mongolia” үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч “VF Messen GmbH” компанийн захирал Штефан А.Фишер, Монгол улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх Венделбэрг, Монгол дахь “VF Messen GmbH” компанийн Гүйцэтгэх захирал Д.Нарангиймаа нар оролцлоо.

2009 онд олон улсын хөрөнгө оруулагчдын “Дисковер Монгол”  чуулга уулзалтад  оролцож байхдаа Монгол улсад бизнесийн асар их боломж байгааг олж харан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах санааг анх олж авсан тухай ноён Фишер дурссан.

Тэрээр “Монгол улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа. Гэхдээ бид үзэсгэлэнгээ зөвхөн уул уурхайн салбарын хүрээнд зохион байгуулахыг хүсээгүй. Тиймдээ ч эдийн засгийн тулгуур болсон барилга, соёл боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин гээд олон салбарыг хамарч, үзэсгэлэнгээ “Ирээдүйн Монгол” хэмээн нэрлэсэн учиртай” хэмээн онцолсон.

Энэ жил “Тогтвортой хөгжлийн 7 хоног” нэрийн дор хоёр арга хэмжээг зохион байгуулах аж. Үзэсгэлэнгээс гадна 17-19-ны өдрүүдэд Монгол улсын эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийн талаар “Цахилгаан эрчим хүч, оновчтой шийдэл”  бага хурал зохион байгуулах юм байна.

Мөн нэгээс дөрөвдүгээр сард үзэсгэлэнд оролцох компаниудыг бүртгэж, дөрвөөс зургаадугаар сард маркетингийн ажил хийхээр зохион байгуулагчид төлөвлөжээ.
Одоогийн байдлаар хоёр дахь удаагийн үзэсгэлэнд Канадын компаниуд оролцох санал хүсэлтээ тавиад байгаа аж. “VF Messen GmbH” компани нь олон улсад хурал, үзэсгэлэн зохион байгуулдаг 30 гаруй жилийн туршлагатай ажээ.       

Э. Од